logo
“Монголын үнэн” сонины мэдэгдэл

“Монголын үнэн” сонины мэдэгдэл

2012/05/18
“Монголын үнэн” сонины 2012 оны дөрөвдүгээр сарын 25-ны 84(22077) дугаарт “Х.Баттулга: Н.Энхбаярын араас бусдыг нь явуулаач” гарчигтай нийтлэл хэвлэгдсэн юм. Уг нийтлэлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Х.Баттулга гүжир гүтгэлгийн нийтлэл бичиж, олон нийтэд тараасан гэдэг үндэслэлээр уучлалт гуйж, бусад өдөр тутмын хэвлэлээр залруулга гаргахыг “Монголын үнэн“ сониноос шаардсан. Мөн нэр төр, алдар хүндэд халдаж хохироосны төлбөр хэмээн 100 сая төгрөг нэхэмжлэн Сүхбаатар дүүргийн шүүхэд гомдол гаргасан юм.
УИХ-ын гишүүн Х.Баттулга өдгөө ардчилал хэмээх үгийг нэрэндээ хүртэл багтаасан, тэртээ 1990 оноос үүсэн байгуулагдсан Монголын ардчилсан холбооны ерөнхий санхүүжүүлэгч, “удирдагч”, улстөрдөө ашиглагч билээ. Ардчилал гэх үгийг алхам тутамдаа хэрэглэх энэ байгууллагыг УИХ-ын гишүүн Х.Батулга толгойлдог хэр нь ардчиллын хамгийн чухал үнэлэмж болсон хэвлэн нийтлэх эрх чөлөөнд халдаж байгаад харамсч байна. Тэрбээр өөрийнх нь хэлсэн үгийг хэвлэн нийтэлсэн “Монголын үнэн” сониныг гүжир гүтгэлэг хийлээ хэмээн асар их хэмжээний мөнгө нэхэмжилсэн нь өөрөө гүжир гүтгэлэг юм. Энэ нь улстөрийн сонгуулийн цаг хугацаагаар далимдуулан ардчиллын хамгийн үнэт хэмжүүр болох хэвлэн нийтлэх эрх чөлөөг эдийн засгийн дарамтад оруулан хаан боогдуулах атгаг зорилго агуулжээ хэмээн үзэж байна. Тэрбээр бүхнийг мөнгөөр хэмжиж, худалдан авч, өөрийн дарамт шахалт, үг “зарлигт” автуулдаг улстөрч, олигарх гэдэг нь үүгээр нотлогдож байна.
“Монголын үнэн” сонины тавдугаар сарын 17-ны буюу өнөөдрийн дугаарт нийтлэгдсэн “АРХИТАЙ ИЛ ДАЙН ЗАРЛАДАГ Х.БАТТУЛГА ДАЛДУУР ХАРИН НӨХӨРЛӨДӨГ АЖЭЭ” гарчигтай нийтлэлд УИХ-ын гишүүн Х.Баттулгын “Black Morgan Inc” хэмээх импортын компани 40 гаруй орноос архи, согтууруулах ундаа оруулж ирдэг талаархи баримтаас харахад тэрбээр архи тамхитай тэмцэх хууль санаачилсан мэт боловч ар хударгаар нь улстөрийн үйл хэрэгтэйгээ зөрчилтэй бизнес эрхэлж, хувийн эрх ашгийн төлөө юу ч хийхээс буцахгүй ёс зүйгүй авирлаж байгаа нь нотлогдож байна. “Black Morgan Inc” нь Монгол Улсын зүрхэнд буюу Улаанбаатар хотод гадаадын 100 хувийн хөрөнгө оруулалттайгаар байгуулагдсан компани бөгөөд орон нутгийн үйлдвэрлэлд дээд зэрэглэлийн чанартай нэрийн бараа, бүтээгдэхүүнүүдийг нийлүүлдэг. “Black Morgan Inc”-ийн Монгол дахь хамтрагч "The Black Morgan Group"-ээс "Женко" групп 100 хувийн хувьцаа эзэмшиж эхлэхэд буюу 2009 оны нэгдүгээр сарын 1-нд тус компани байгуулагдсан. “Женко” группын охин компани “Black Morgan Inc” нь “Heineken”, “Grey Goose”, “Cuervo”“1800 Tequila” , “SKYҮ”, “Campari”, “Bacardi”, “Bombay Sapphire”, “Cinzano”, “Bollinger”, “Martini” зэрэг согтууруулах ундаа, дарс оруулж ирдэг” байна.
Шударга үнэн гэж цээжээ дэлддэг хэр нь далдуур хувийн эрх ашгийнхаа төлөө юу ч хийхээс буцахгүй байгаа УИХ-ын гишүүн Х.Баттулга Монголын сэтгүүлзүй, хэвлэн нийтлэх эрх чөлөө рүү ийн бүдүүлгээр халдаж байгаа нь улстөрийн зорилготой хэмээн үзэхээс өөр арга алга. Тиймээс ч УИХ-ын сонгууль болж буй энэ үед “Монголын үнэн” сониныг шүүхэд өгч, өөрийнхөө талаар сөрөг үг дуугаргахгүй байх буюу буруу булхайгаа ард түмэн, олон нийтээс нуух зорилго агуулж байна. Тэрчлэн энэ нь “Монголын үнэн” сониноор дамжуулан бусад хэвлэл мэдээллийн байгууллагын хэвлэн нийтлэх эрх чөлөөнд халдаж байгаа явдал юм.
УИХ-ын гишүүн Х.Баттулга хувьдаа олон хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй цөөхөн “хөрөнгөтний” нэг гэдгийг монголчууд андахгүй. Тиймээс өнөөдрийн монголын сэтгүүлзүйн салбарт хэвлэл мэдээллийн байгууллагууд мэргэжлийн хувьд, санхүүжилтийн хувьд, нийтлэлийн бодлогын хувьд ч хэрхэн, ямар технологиор ажилладгийг тэр гадарлах учиртай. Хэвлэл мэдээллийн байгууллагад ажиллаж байгаа сэтгүүлч хэдэн төгрөгийн цалин хөлс авдгийг тэр өөрөө сэтгүүлчид мөнгө төлдөг эзэн учраас бүр сайн мэднэ. Гэтэл Х.Баттулга гишүүн намынхан дундаа хэлж, шаардаж явсан үгнээсээ буцан Монголын сэтгүүл зүйн ууган байгууллага болох “Монголын үнэн” сониныг гүжир гүтгэлэг хийлээ хэмээн гүжирдэж гүтгэснээрээ сэтгүүлзүйн салбарыг гутааж байна.
Тиймээс ардчилал гэдэг үгээр “гоёдог” Х.Баттулга ардчилсан нийгмийн хамгийн чухал хэмжүүр болсон хэвлэн нийтлэх эрх чөлөөнд халдсан үйлдлээ зогсоон, шүүхэд гаргасан гомдлоо татахыг “Монголын үнэн” сонин шаардаж байна.
Хэрвээ хэвлэл мэдээллийн байгууллагыг эдийн засгийн дарамтад оруулж, өөрийн талын гэгддэг шүүх, прокуророор сүрдүүлж байгаа энэ үйлдлээ зогсоохгүй бол “Монголын үнэн” сониноос УИХ-ын гишүүн Х.Баттулгыг Авлигатай тэмцэх газарт таван шалтгаанаар шалгуулахаар өгөх болно. Шударга бус, ёс зүйгүй баримтуудыг нь ээлж дараалан олон нийтэд түгээж, түүнийг УИХ-д сонгохгүй байх уриалгыг Баянхонгорчуудад хүргэн, хөдөлгөөн өрнүүлэхээ мэдэгдэж байна. Үзэгнээс өөр зэвсэггүй, үнэн үгнээс өөр түшиггүй монголын сэтгүүлчид УИХ-ын гишүүн Х.Баттулга шиг ийм том олигархтай үүнээс өөрөөр тэмцэх арга алга. Хувьдаа сонин телевизтэй улстөрч хүн бусад сонины хэвлэн нийтлэх эрхэд халдаж буй байгаа энэхүү бусармаг үйлдэлтэй монголын мянга мянган сэтгүүлчид санал нийлэхгүй гэдэгт итгэлтэй байна.
Энэ дашрамд, хувьдаа хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй улстөрчдийг УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлэхгүй байх “Үндэсний шуудан” сонины санаачлага бүхий нийтлэлийг “Монголын үнэн” сонин дэмжиж буйгаа онцолж, энэхүү санаачилгыг дэмжихийг Монголын бүх хэвлэл мэдээллийн хэрэгсэл, нийт сэтгүүлчдэдээ хандан уриалж байна.

"Монголын үнэн" сонин 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш