logo
Газар өмчлөх хугацааг 2018 он хүртэл сунгалаа

Газар өмчлөх хугацааг 2018 он хүртэл сунгалаа

2012/05/22
УИХ-ын хаврын чуулган завсарлахад долоо хоног л үлдсэн тул хэлэлцэж шийдвэрлэх асуудлуудаа дуусгахын тулд маш шуурхай ажиллалаа. УИХ-ын чуулганы өнгөрсөн баасан гаригийн нэгдсэн хуралдаанаар хуулийн долоон төслийг анхны хэлэлцүүлгээр баталж, 16 хуулийн төслийг дараагийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүлсэн юм.  

Мөн ХБНГУ, Франц, Австри болон Монгол Улсын Засгийн газар хооронд байгуулах гэрээ хэлэлцээрүүдийг соёрхон баталсан. УИХ-ын чуулган завсарлахад богино хугацаа үлдээд байхад УИХ-ын гишүүд үүргээ ухамсарлахгүй, нэгдсэн хуралдаан ирц муутай байсан учраас Н.Энхболд, Су.Батболд, С.Бямбацогт нарын гишүүнээс горимын санал гаргав.

Энэ нь хэлэлцэх асуудлын дарааллыг өөрчлөх тухай байсан бөгөөд зайлшгүй хэлэлцэх шаардлагатай хуулийн төсөл болон соёрхон батлах хуулийн төслүүдийг эхэлж хэлэлцэх санал байв. Чуулганы цагийг сунган байж хэлэлцсэн асуудал бол Авлигатай тэмцэх газрын зохион байгуулалтын бүтэц, орон тоог шинэчлэн батлах тухай УИХ-ын тогтоолын төсөл байлаа.

Энэ сараас эхлэн Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах тухай хууль хэрэгжиж эхэлж байгаатай холбогдон АТГ-ын бүтэц орон тоог шинэчлэх, ажиллагчдыг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлага байгаа аж.Төсөлд зааснаар АТГ 145 албан хаагчтай байх гэнэ. Хуулийн төсөлтэй холбогдуулж асуулт асуусангүй.

Ингээд гишүүдийн 75.6 хувийн саналаар хэлэлцэх нь зүйтэй хэмээн үзэж анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр УИХ-ын Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ. Мөн чуулганаар хэлэлцсэн асуудлын дотроос Иргэний бүртгэл, мэдээллийн улсын сангийн мэдээллийг ашиглах, иргэний үнэмлэхийн талаар авах зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслүүд анхаарал татаж байв.

Зарим хариуцлагагүй албан тушаалтан, байгууллагуудаас шалтгаалан сонгуульд ашиглах байсан иргэний цахим үнэмлэх хэвлэгдэх хугацаа хойшилсон билээ. Тиймээс дээрх хуулийн төслийг баталснаар иргэний хуучин үнэмлэхээрээ УИХ болон НИТХ-ын сонгуульд саналаа өгөх боломжтой болж байгаа юм. Үүнээс гадна сонгуульд санал өгөхөд бас нэгэн бэрхшээл байгаа нь иргэний хуучин үнэмлэхээ гээж үрэгдүүлсэн болон шинээр авахаар захиалсан иргэдэд сонгуулиас урьтаж үнэмлэхийг нь өгөх шаардлагатай болсон.

Иймд иргэний хуучин үнэмлэх аваагүй байгаа 64 мянга гаруй иргэнд цахим үнэмлэх олгох тогтоолын төслийг УИХ-ын гишүүдийн 93.6 хувийн саналаар анхны хэлэлцүүлгээр нь баталлаа. Түүнчлэн ирэх онуудын төсвийн хүрээний мэдэгдэл, төсвийн төсөөлөл болон Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2013 онд хөгжүүлэх үндсэн чиглэл зэрэг олон чухал асуудлыг энэ удаагийн чуулганаар хэлэлцэх учиртай.

Мөн хуралдаанаар дээрх хуулийн төслүүдийг хэлэлцэж, Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2013 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг баталлаа. Асуудлуудыг төсвийн байнгын хороогоор хэлэлцэх үеэр эдийн засгийн өсөлтийг аль болох бага хувь байхаар тооцохыг гишүүд чухалчилж байсан. Мөн Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг баримталж, төсвийн алдагдлыг 0 байлгах хэрэгтэй гэсэн санал гарч байлаа.

Харин Сангийн сайд Д.Хаянхярваа төсвийн алдагдал хоёр хувьтай байх нь Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нийцэж байгааг сануулаад эдийн засгийн өсөлттэй байгаа энэ үед зарцуулах зүйлдээ төсвөө зарцуулах хэрэгтэйг ч дурдлаа Тэрбээр “Ирэх оны эдийн засгийн өсөлтийг 19 хувиар тооцож байсныг бууруулж 15 хувиар тооцож байгаа нь эрсдэлийг бууруулж байгаа. Төсвийн алдагдлыг 0 байлгах боломжгүй” гэж мэдэгдсэн.
Мөн өдрийн чуулганаар Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлгээр баталлаа.

Одоогоор Монгол Улсын иргэний 10 хүрэхгүй хувь нь улсын нийт нутгийн 0.2 орчим хувийг өмчилж авчээ. Иргэдийн газар өмчлөлтийн явц хангалтгүй байгаа тул газар өмчлөх хугацааг таван таван жилээр сунгахаар хуулийн төсөлд тусгасан байна.

Ингээд гишүүдийн 74.4 хувийн саналаар хуул батлагдаж, газар өмчлөх хугацаа 2018 оны тавдугаар сар хүртэл сунгагдлаа. 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш