logo
Оюутолгой төслийн бүтээн байгуулалт 80 хувьтай байна

Оюутолгой төслийн бүтээн байгуулалт 80 хувьтай байна

2012/05/24
“Оюутолгой” төслийн хэрэгжилтийн явц, цаашид авах арга хэмжээний тухай Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт Засгийн газрын хуралдаанд танилцууллаа.
Танилцуулгаас үзвэл “Оюутолгой” төслийн барилга, бүтээн байгуулалтын ажил 80 хувийн гүйцэтгэлтэй байна. Төслийн хүрээнд 18773 хүн ажиллаж байгаагийн 65.8 хувь буюу 12354 нь монгол иргэн байгаа юм. “Оюутолгой” төслийнхөн 2010 оноос хойш манай улсын 2500 орчим томоохон аж ахуйн нэгжүүдтэй 887 сая ам.долларын өртөг бүхий гэрээ байгуулан бараа, үйлчилгээ авч байна.
Танилцуулгатай холбогдуулан цаашид төслийн хэрэгжилтийн явцад хяналт тавьж, Засгийн газрыг төлөөлөн “Оюутолгой” компанид төрийн мэдлийн хувь эзэмших эрхийг хэрэгжүүлэхдээ хэд хэдэн зарчим баримтлахыг холбогдох сайд, агентлагийн дарга нарт даалгав.
Энэ дагуу төсөлд хувь нийлүүлэгч талуудын итгэлцэл, хяналт, оролцоог нэмэгдүүлэх зорилгоор Монголын талын хувь нийлүүлэгчийн хяналт, оролцоог сайжруулж, “Оюутолгой” компанийн удирдлагын багт төлөөллөө оруулах талаар хэлэлцэн тохиролцох болсон байна.
Мөн төслийн техник, эдийн засгийн үндэслэлд тусгасан өртөг, зардал нь байгаа эсэхэд тогтмол хяналт тавьж, шаардлагатай бол мэргэжлийн болон төрийн захиргааны байгууллагаар үнэлэлт, дүгнэлт гаргуулж, тухай бүр нь шийдвэрлүүлэх юм.
Түүнчлэн төслийн ажилд хяналт тавих мэргэжлийн багийг хараат бус, хөндлөнгийн байгууллагын төлөөллийг оролцуулан байгуулж, хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө боловсруулан, биелэлтэд хяналт тавих боллоо.
Нэр бүхий сайд, агентлагийн дарга нар мөн компанийн нийгмийн хариуцлагыг сайжруулж, орон нутгийн хөгжилд оруулах хувь нэмрийг нэмэгдүүлэх, ил тод, нээлттэй байх, төслийн ханган нийлүүлэлтэд үндэсний аж ахуйн нэгжүүдийг түлхүү ажиллуулах, боломж, нөхцлийг бүрдүүлэх зарчим баримтлах үүрэг хүлээв гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.  
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш