logo
МҮХАҮТ-ын дарга, Монгол Улсын Гавьяат эдийн засагч С.Дэмбэрэл: Хүн бүхэнд мөнгө тараах бус ажил хийх боломжийг олго доо ...

МҮХАҮТ-ын дарга, Монгол Улсын Гавьяат эдийн засагч С.Дэмбэрэл: Хүн бүхэнд мөнгө тараах бус ажил хийх боломжийг олго доо ...

2012/05/30
МҮХАҮТ-ын дарга, Монгол Улсын Гавьяат эдийн засагч С.ДЭМБЭРЭЛ зах зээлийн харилцааны өнөөгийн байдлын талаар ярилцлага өглөө.

-Таны удирдаж яваа МҮХАҮТ-ын үйл ажиллагааны талаар эхлээд сонирхоё?

 -Дэлхийд худалдааны чиглэлийн арван мянга орчим Танхим байдаг. Танхимууд нэгд, хамгаалах, хоёрт, дэмжин урамшуулах гэсэн үндсэн хоёр чиг үүрэгтэй. Үүнийг түүхэн үүрэг ч гэж үздэг.

-Бизнесийг дэмжих гэдэг ойлгомжтой. Харин юунаас хамгаалах гэж?

 -Дэмжинэ гэдэг Танхимд нэгдсэн болон нэгдээгүй бизнес эрхлэгчдийн нийтлэг эрх ашгийг эрхлэн хамгаалах, эсвэл дэмжин урамшуулах явдал юм. Бизнесийг төрөл бүрийн хэлбэрээр дэмжих гэдэг нь мэдээлэл сургалт төдийгүй бизнесийн үйл ажиллагааг хөгжихөд шаардлагатай бүхий л талаар дэмжинэ гэсэн үг. Түүх сөхвөл 1870-аад оны үед Парисийн коммун гэдэг шиг Парист Худалдаа Аж үйлдвэрийн танхим үүссэн. Капитализм хөгжихийн хэрээр бизнес эрхлэгчид өөрсдийнхөө эрх ашгийн төлөө төр, засагтай харьцахын тулд түүнийгээ хамгаалах шаардлага аяндаа урган гарсан. Энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг арван мянган Танхимыг нэгтгэн удирддаг олон улсын худалдааны Дэлхийн танхимуудын холбоо гэдэг байгууллага Парист байрладаг. Гишүүнчлэл нь харилцан адилгүй, зайлшгүй буюу сайн дурын байдаг юм. Энэ бүхнээсээ улбаалаад хагас сайн дурын, хагас зайлшгүй гэсэн хэлбэрүүд гарсан.
 Манай улсад анх 1960 онд Ю.Цэдэнбал гуайн гарын үсэгтэйгээр Танхим байгуулагдсан юм. Энэ нь социализмын үед Гадаад худалдааны яамны олон улсын үзэсгэлэн яармагт оролцох, капиталист ертөнцтэй харилцах нэг цонх нь болж байсан юм билээ. Тухайн үед олон улсын танхимууд мөн л ажиллаж байсан. 1995 онд МҮХАҮТ-ын тухай хууль батлагдаж, жинхэнэ утгаараа Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим байгуулагдан Засгийн газрын бус бүтэцтэй бизнесийн төлөөллийн гол байгууллага болон өнөөг хүртэл үйл ажиллагаагаа явуулж ирлээ. МҮХАҮТ бараг бүх аймагт салбартай, гурван мянга орчим гишүүнтэй. ДНБ-ний 70 гаруй хувийг үйлдвэрлэдэг хувийн хэвшлийн гол төлөөлөгч нь манай гишүүд. Бид сайн дурын гишүүнчлэлтэй болохоор гишүүн элсүүлэх гэж хөөцөлдөггүй. Манай гол зарчим бол сайн ажиллавал тэртээ тэргүй чамайг тойроод хүрээлээд ирнэ гэсэн зарчимтай. Олон улсын хэмжээнд бол маш сайн хүлээн зөвшөөрөгдсөн, дэлхийн топ 20 танхимын нэг юм.

-Өнөөдөр танай үүрэг, зорилго анхныхаасаа хэвээрээ юу?

 -Монгол Улсын хувийн хэвшлийг бүрэн илэрхийлж Монголын гадаад худалдаа эдийн засгийн харилцааг илэрхийлэхэд хамгийн гол үүрэгтэй оролцдог болсон. Нийгэмд ч гэсэн Танхимын тухай ойлголт улам бүр тархаж байна. Танхим Монгол Улсад олон бодлогын санаачлагч нь болж ирснийг хэлэхгүй өнгөрч болохгүй. 1997 оноос хойшхи “Бизнесийн орчин” гэсэн хэллэгээс эхлээд “Сайн засаглал”, “Компанийн нийгмийн хариуцлага”, “Бизнесийн орчны шинэтгэл”, “Ногоон эдийн засаг” гээд дандаа л манай Танхимын автортай зүйлүүд байгаа. Бизнесийн эрх ашгийг илэрхийлнэ гэдэг зүгээр нэг гомдлыг илэрхийлнэ гэсэн үг биш юм. Шинжлэх ухааны үндэслэлтэй бодлогын ямар орчин, ямар шинэтгэл хийвэл энэ улсын эдийн засаг хөгжих вэ гэдгийг хувийн хэвшлийн зүгээс санал болгож байдаг юм. Ийм л институц юм. Өнгөрсөн хугацаа үнэндээ монголчууд бидэнд төр, зах зээл хоёрын балансыг олох гэсэн он жилүүд байлаа гэж хэлж болно. Танхим хувийн хэвшлийнхэн дотор ажиллаж, зах зээлийн гол судсыг нь мэдэрч байдаг байгууллагын хувьд зах зээлийг их өмөөрдөг. Тиймээс зах зээлд итгэх, зах зээлийн бүрэн хүч чадлыг гарга гэж төр, засагт хэлдэг.

-Жишээлбэл? Яг юун дээр хэлж ирэв?

 -Хамгийн энгийнээр хэлбэл инфляц өсөнгүүт учир зүггүй дотоодын хэдэн үйлдвэрүүдийг үнэ өсгөлөө гэдэг. Гэтэл ингэх биш, үүнээс илүү мах ч юм уу, гурил ч юм уу, шатахууны тэр зах зээлийн нийлүүлэлтийн гинжин хэлхээнд явагдаж байгаа бүх үйл явцад дүгнэлт хийж, замынх нь зургийг гаргаж, үнэ өсөхөд нөлөөлөөд буй тэр хүчин зүйл бүрээр нь дүн шинжилгээ хийж байж энэ инфляц гэдэг чинь ийм байдлаар өсч байна гэж илүү сайн хардаг. Ер нь хувийн хэвшил болон төр, засгийн харилцах үндсэн арга нь “давс ба сахар” гэсэн хоёр арга л байна даа. Төрийн сайн юмыг бид дэмжинэ. Урам дэм өгнө. Жишээлбэл, сайн засаглалыг сайн хийж байгаа төрийн байгууллагуудыг бид шагнаж урамшуулна. Энэ тэр гээд... сахар мэт амттай аргууд бий. Гэтэл бас төр, засагт алдаатай муу зүйл их байна. Түүнийг нь хэлж ярихаас эхлээд шүүмжлэх гээд давс шиг гашуун зүйл хэлэх нь бас бий. Тиймээс болохгүй байвал үе үе гашуун давс амсуулна, сайн байвал үе үе сайхан сахар шиг амттанг амсуулна шүү дээ. Бизнес эрхлэхэд төрийн саад, гох дэгээ болоод байгаа олон зүйл бий. Тиймээс бид авлига, хээл хахууль гээд яриад байгаа нь тэр. Мөн хүнд суртлын индекс гэдэг зүйлийг боловсруулж гаргалаа. Энэ нь дэлхийн туршлага боллоо. Олон улсын танхимууд өөр өөрийн онцлогт тохирсон ийм индекс боловсруулдаг юм.

-Зарим орны танхимууд их төрөлжиж хөгжсөн харагддаг. Гар урчуудын, хөдөө аж ахуйн, үйлдвэр худалдааны салбарын танхимууд гэх мэтээр. Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим нь түүнийг нэгтгэсэн шүхэр маягийн байгууллага байдаг. Манайд ийм шаардлага байна уу?

 -Их зөв асуулт. Тухайн орны эдийн засгийн түүхэн онцлогоос хамаараад төрөлжсөн байж болдог зүйл. Италид гар урчуудын Танхим, Туркт хөрөнгийн зах нь хүртэл Танхимдаа орчихсон байдаг. Энэ бол улс орны Танхим хөгжсөн түүх. Манай улсын хувьд, Худалдаа, аж үйлдвэрийн гэсэн гол хоёр чиглэлээр явж байна. Энд хөдөө аж ахуй байхгүй юм шиг санагдаж байж болох юм. Тэгвэл цаад утгаараа байж л байгаа юм. Газар тариалангийн салбар тэр чигээрээ үйлдвэрлэл, худалдааны чиглэлийн компаниуд болчихлоо. Тэд манайтай холбоотой. Орон нутагт байгаа манай салбаруудад мянгат малчид холбогдож үйл ажиллагааг нь сонирхож гишүүн болж байна. Тэд өөрийн гэсэн арга, овсгоотой бүлэг хэсэг болоод байна. Энэ үүднээсээ Танхимд гишүүнээр элсэх нөхцөл нь бүрдсэн байдаг. Түүнчлэн Танхим дээр салбар бүрийг хамарсан 40 гаруй зөвлөл ажилладагийг онцлох хэрэгтэй. Үүний нэг нь Гар урчуудын зөвлөл юм. Жишээ нь, Аялал жуулчлалын зөвлөл Монголын бүх аймгийн долоон гайхамшгийг нэрлэж газрын зурагт тэмдэглэн байршууллаа. Энэ нь аялал жуулчлалын үйл ажиллагаанд бодитой үр дүн өгнө гэдэгт итгэлтэй байна. Мөн манайд Зочид буудал, нийтийн хоолны зөвлөл гэж бий. Өнгөрсөн жил Монголд анх удаа “Ногоон навч” олгож эхэллээ. Монгол, Хятад хоёрт л төр, засгаас үнэлгээ авсан тухай ярьдаг болохоос бус бусад оронд үүнийг янз бүрийн холбоод нь хийгээд явчихдаг юм, уг нь.

-Төрийн ачааг үүрэлцэхэд хувийн хэвшлийг яаж ашиглавал зүйтэй вэ. Төр үүнийг хэр ашиглаж байна гэж Та боддог вэ?

 -Том утгаар нь ярихад, хүн төрөлхтний засаглалын түүхийг аваад үзвэл “Би чадна” гэсэн үгээр илэрхийлсэн Засгийн газрын бодлого л байлаа шүү дээ. Бүх үеийн Засгийн газар XXI зууны эхэн үе хүртэл зах зээлийн жам, тэдний операторуудын дуу хоолойг сонсохоосоо илүүтэй бид энэ зах зээлийг зохицуулж байна, эдийн засгийг бид авч явж байна гэсэн хандлагатай байлаа. Харин XXI зууны эхнээс нэг үг гарч ирсэн нь Төр-хувийн хэвшлийн түншлэл (олон улсын хэллэгээр PPP) юм. Орчин үед энэ үг хоёр хэлбэрээр хэрэглэгдэж байна. Нэг нь хөрөнгө оруулалтын шинэ хэлбэр. Концессийн тухай хууль гэж батлагдлаа. Энэ нь эхлээд тухайн компани зам барилаа гэхэд түүнийгээ барьчих, дараа нь үйл ажиллагаагаа явуулчих. Тэгээд төрд нь ч юм уу, олон нийтэд нь шилжүүлчих ч гэдэг юм уу. Төр-хувийн хэвшлийн ийм нэг хоорондоо сүлэлдэх үйл явц яваад байна. Нөгөө талаас бидний хамгийн их ярьж байгаа зүйл олон түмэн, иргэний нийгмийнхээ дуу хоолойг сонсож ардчиллынхаа зарчмыг хэрэгжүүлж чадахгүй байгаа явдал юм. Иргэнийхээ дуу хоолойг сонсоод тэр хүмүүс нь өөрсдөө хүмүүсийн төлөө юм хийдэг байх. Энэ нь төр хувийн хэвшлийн харилцан яриа түншлэлийн механизм юм. Төрийн ачааллаас үүрнэ гэсэн үг. Үүнийг эхлээд төрөөс “Төр та хэр зэрэг ачаалалтай байна вэ?” гэж асуух хэрэгтэй. “Та яагаад ийм их ачаалалтай байна?”, “Та үүрэх ёсгүй ачаа үүрсэн байна, энэ бол миний үүрэх ачаа” гэх мэтчилэн. Энэ ажлын чиглэлээр төрийн зарим чиг үүргийг ТББ-д шилжүүлье гэсэн боловч энэ нь манайд нэг л сайн явж өгөхгүй байна.

-Яагаад, юунаас болоод?

 -Төр өөрт нь ашигтай байгаа ачаанаас салах дургүй байна. Тиймээс энэ зөвхөн яриа төдий болоод байгаа юм. Бид өнгөрсөн жил бүх мэргэжлийн холбоод, ТББ, ассоциацийнхнаас та юу хийж чадах вэ гэж асуугаад ийм ийм зүйлийг ингэж хийж чадна гэдэг санааг нь нэгтгэж ном болгоод төр, засагт барьсан. Одоо жил хагас болж байна. Удахгүй сонгууль боллоо. Төрийн ачаанаас үүрэлцэнэ гэдэг туйлын зөв. Жишээлбэл, бидэнд ЖДҮ-ийн чиглэлийн агентлаг, хөрөнгө оруулалтын газруудын гүйцэтгэх үүргийг өгчихвөл илүү өртөг зардал багатай, үр дүнтэй менежменттэй аваад явчих боломж байна. Нөгөө талаас төрөл бүрийн засаглалын шийдвэр гарах түвшин, үйл явцад ТББ-уудын төлөөллийг оролцуулсан зохион байгуулалтын хэлбэрүүд гарч ирж байна. Тухайлбал, яамны сайдын зөвлөлд манай төлөөлөл орох ч гэдэг юм уу. Жишээ нь, Хөгжлийн банк байгуулагдахад түүнд нь хувийн хэвшлийг төлөөлсөн бие даасан үл хамаарагч этгээд оруулахыг хуулиндаа заачихсан байгаа. Эсвэл хөдөлмөрийн зах зээлд хүний нөөцийн асуудал дээр ажил олгогчдыг төлөөлөөд манай бусад холбоод суух жишээтэй. Аливаа үйл явц амжилттай болоход нөлөөлөх тун энгийн нэг зүйл бий. Тэр нь итгэл үнэмшил бөгөөд энэ нь манайд тэр болгон бүрэлдэхгүй байна. Засаглалын дээд түвшинд олон улсын байгууллага төсөл хөтөлбөрийн дэмжлэгтэй хийгдээд доошлох тусмаа саармагжиж замхраад үгүй болчихож байна. Тэгэхээр манайд төрийн ачааг үүрэлцэх анхан шатны үйл явц нь хийгдэж байгаа юм. Үүнийг засаглалын шинэ технологи гэж нэрлэдэг.

-Чөлөөт бүс гэж Засгийн газар их ярьдаг. Гэтэл хашаа барих, хайс хатгахаас цааш хэтэрсэнгүй олон жил боллоо. Танай Танхим үүнд хамаатай юу. Таны бодлыг сонсоё?

 -1992 онд Ерөнхий сайд байсан Д.Бямбасүрэн гуай “Монгол Улс тэр чигээрээ чөлөөт бүс байх ёстой” гэж хэлсэн. Дараа нь П.Жасрай гуайн Засгийн газар анх удаа 1994 онд Чөлөөт бүсийн тухай тогтоол гаргасан. Үүний дараа Чөлөөт бүсийн тухай хууль гарах гэж арваад жил, байгуулах гэж мөн арваад жил болсон. Энэ талаар намайг үнэнийг ярихаар хүмүүс дургүйцдэг. Харсаар байтал улаан цайм юу ч хийгээгүй л байхгүй юу. Улс орнуудын хувьд эдийн засаг нь хэр зэрэг чөлөөтэй байна гэдгээс шалтгаалаад зарим нь чөлөөт бүс байгуулдаггүй. Зарим улс орнууд хөгжлөө урагшлуулах, эсвэл тодорхой салбарынхаа хөгжлийг түргэтгэх, шинэ технологи нэвтрүүлэх зэргээр янз бүрээр чөлөөт бүс байгуулдаг. Манайд чөлөөт бүсийн ажил явахгүй байгаа нь үнэндээ эхний жилүүдэд зөвхөн гаднын хөрөнгө оруулагчдад найдаж байсанд. Тэгээд стратегийн хөрөнгө оруулагч гээд гоё томъёолчихсон. Энэ хугацаанд Танхим Засгийн газарт хандан “Бид гадна, дотнын хөрөнгө оруулагчдыг дайчлаад, тэдний хүчийг ашиглаад менежментийг нь аваад явья” гэсэн утгатай захиа хоёр удаа захиа бичсэн. Тэгтэл тэр үеийн Засгийн газрын ХЭГ-ын дарга байсан Сундуйн Батболд “Чөлөөт бүсийг танайд өгч болно. Даан ч эрх зүйн үндэс байхгүй” гэсэн хариу өгсөн.

-Эрх зүйн үндэс гэдэг нь юу байв. Уг нь хууль нь гарчихсан ш дээ?

 -Чөлөөт бүсийн тухай хуульд “Чөлөөт бүсийн захиргаа энэ асуудлыг хариуцна” гэсэн байгаа юм. Ерөнхийдөө манай чөлөөт бүсэд хандах менежментийн систем нь муу учраас “чөлөөт бүс” гэсэн сайн зүйлийн нэрийг гутаачихсан. 1996-1998 оны М.Энхсайханы Засгийн газрын үед Д.Бямбасүрэн гуайн концепц давтагдсан. Импортын тарифыг тэглэж байлаа шүү дээ. Тэгээд Оросын Ерөнхийлөгч, Хятадын Ерөнхий сайд хоёр руу “Бид импортын татвараа тэгэлчихлээ, одоо та нар хөрш орны хувьд бас харж үзээч, чөлөөт худалдаа хийе” гэж захиа бичиж байсан. Хариу нь Хятадаас “Бид та нар шиг л хөгжиж яваа орон. Тийм учраас тэр орныхоо хэмжээнд л явна” гэсэн бол Орос “Манайх танайхтай бүх тарифаа хоёр дахин багасгана. Тэгээд л болоо” гэсэн. Тэгэхээр бид үл бүтэх буюу гэнэн явсан байгаа юм. Эдийн засагт хандах хандлага маань чөлөөт бүсэд хандахаас арай өөр байгаад байсан. Ерөнхийдөө Чөлөөт бүс явахгүй байгаа шалтгаан нь нэгд, хамгийн гол нь бид хувийн хэвшлийг дайчлан оруулж чадаагүй, муу менежмент хийсэн. Төр хувийн хэвшил хоёр хамтарч ажиллах ёстой байсан. Чөлөөт бүс манайх шиг Хятад, Орос хоёртой залгаа ийм нөхцөлд хэрэгтэй зүйл. Чөлөөт худалдаа, чөлөөт либерал дэглэмийг тодорхой газар нутгийн хэмжээнд бий болгоод, ингэснээрээ бараа, хүний урсгалыг чөлөөтэй болгож өгснөөрөө улс орон нь тусгаарлагдах бус харин ч хождог юм. Чөлөөт бүсээс гадна улс орон бүхэлдээ хождог. Энэ чинь л олон улсын туршлага. Манайхан миний дээр хэлсэн зүйл дээр л алдаад байгаа юм.

-Төсөв алдагдалтай байна гэж их ярих болжээ. Энэ юунаас болж байна. Үүний цаадах үрэлгэн эдийн засгийг яавал багасгаж болох вэ?


 -Монголд төсвийн гарыг харахаас өөр арга алга. Ганц хөрөнгө оруулагч нь юм чинь. Одоо л манайх төсвийн болон төсвийн хариуцлагын талаар хууль гаргаад эдийн засгийн үр ашгийг ярьж эхэлж байна.. Гэхдээ манайд энэ үйл явц нэлээд оройтож эхэлж байна. Гэтэл улстөржсөн эдийн засаг бий болчихлоо. Өөрөөр хэлбэл, сонгуульжсан төсвийн мундаг мундаг төсөв төлөвлөгөө. 2008 онд амласан л юм чинь үүнийг заавал өгөх ёстой гэдэг чигийг барьдаг. Эргээд энэ нь эдийн засагт хараар нөлөөлж байна. Үүнийг бодох хэрэгтэй. Төр хүнийг биологийн талаас нь хараад тэжээмэл амьтан болгох гээд байх юм. Энэ чинь ямар зорилготой юм гэдэг асуултыг төр засагт тавих ёстой. Үүнийг 50 хувь нь хүсч байна, бас 50 хувь нь хүсэхгүй байгаа. Хүмүүс үүний оронд ингэх нь дээр гэсэн өөр өөр хувилбар бүхий (альтернатив) үзлээр ярьж байгаа. Хүн чинь оюун тархитай амьтан. Ходоодтой нь битгий яриад байгаа ч, оюун санаа, тархитай нь яриач гээд хүсээд байна. Гэтэл төсөв маань тийм биш болсон. Хийх бүтээх ёстой нь хэрэглээ буюу ходоод руу ороод байгаа. Ходоод руу орсон юм эдийн засагт маш муу. Орон даяар шахам л аймаг, сумд ойн баяр наадмаа хийдэг. Аймаг, сум даяараа баярлан цэнгэхэд бараг нэг ч суманд боловсон бие засах газар байхгүй байна шүү дээ. Төсөв хуваарилахдаа яагаад жорлонг төсөвлөсөнгүй вэ. Тэгсэн мөртлөө тэр хүмүүс хурдан морины төсөв, наадмын төсөв гаргаад байна. Үүнд л хамаг юмны учир начир байх шиг. 
 Тиймээс тэр төвлөрлийг сааруулах, санхүүгийн эрх чөлөөг олгох гэдэг маань өдгөө өнөөдөр яригдаж эхэлж байна. Сангийн яамны систем нь одоо ийм байна. Төрөөс томилогдсон нэгэн залуугийн өмнө очоод аймгийн Засаг дарга загнуулаад явж байгаа шүү дээ. Ийм сонин гажиг тогтолцоо байгаад байна. Яагаад төсөв бүх юмыг аваад байгаа юм бэ. Яагаад банк өгч болохгүй байгаа юм бэ, Яагаад энэ өндөр зээлийн хүү байгаад байгаа юм бэ. Төсөв мөнгөний бодлогод энэ маань түүнтэй уялдаж байна уу. Төрөөс яагаад хувийн хэвшилд гурван зуун тэрбумыг өгөөд байгаа юм бэ. Банкууд үүнийг өгч болох л ёстой шүү дээ. Хөрөнгийн бирж нь огт хөгжөөгүй. Одоо дөнгөж англичуудыг гуйгаад нэг менежмент хийлгэж байна. Төсөв мөнгөний зохистой бодлогоо дэмжсэн төрийн мөнгөний бодлого байдаггүй учраас Сангийн сайд нь УИХ дээр загнуулаад л сууж байх “тавилантай”. Өөрөөр хэлбэл, бүх юм төсвөөр дамжиж байна. Нөгөө талаас эдийн засагт төрийн хэт их оролцоо, ДНБ-нд төсвийн нийт зардлын эзлэх хувийн жин 50 хувь болчихсон. Зохистой нь 30 хэдэн хувиас дээш гарах ёсгүй. Төр төсвийн энэ үрэлгэн хэрэглээ, төрийн яам, агентлагуудын тоо, бүтэц гээд олон юм байна. Хэд байх нь хамаагүй ч гол нь тоондоо биш бодлого, зохицуулалтаас хамаарах учиртай. Яам болгон тендер гээд нэг юм зарладаг. Эндээс нөгөө авлига төрж гарах гээд… Энэ бүхэн нь ил тод биш, бас хяналт гээд байх юм үгүй. Ийм систем бүхий тогтолцоо төрд байгаа болохоор л төсөв алдагдаж, хяналтгүй болж итгэл үнэмшилгүй болоод байна. Төсөв хаана юу болж байгаад хяналтын механизм үйлчилж байгаа эсэх нь бүрхэг. Эдгээр асуудлаас болоод бид Төсвийн хариуцлагын тухай хууль гэж ярьсан. Үүнийгээ сонгууль болох гэж байгаа юм чинь 2012 ондоо хэрэгжүүлэхээ больё, яагаад гэвэл баахан хууль зөрчих хэрэг гарна. Тэгэхээр 2013 оны нэгдүгээр сарын 1 гэж улс төрийн шийдвэр гаргасан.

-Та “Монголын хөгжил-Өнөөдөр маргаашийн асуудлууд” гэсэн ном хэвлүүлсэн. Номыг тань хураангуйлвал...?

 -Би 2005 онд “Юуг яаж хийх вэ?” гэдэг ном бичсэн. Бичил ном л доо. Нэг сонин нь эдгээр номуудыг таван жилийн хугацаатай, дандаа наадмаар бичдэг юм. Нэг их удаан амардаг. 2005 онд бичихдээ одоо яриад байгаа төрийн зохи¬уулалтын шинэтгэл, Төрийн зохицуулалтын шинэтгэлийн хороо энэ тэр гэдгийг бичсэн. Тэгтэл Үндэсний шинэтгэлийн хороог миний бичсэнээс өөрөөр байгуулчихсан. Одоо тэгээд засах гэж байна л даа. Өнгөрсөн жил миний бичсэн “Монголын хөгжил-Өнөөдөр маргаашийн асуудлууд” гэсэн бичил номонд манай нийгэм солиорч эхэлсэн. Ерөнхийдөө өнөөдөр маргаашийн тэргүүчлэл алдагдсан. Хэтэрхий их маргаашийг ярьдаг болсон. Одоо харж байгаа биз дээ. Монгол хэлний тийн ялгалаар бол ирээдүй нөхцөлөөр ярих болж. Тэгнэ, тэгэх болно гэх мэтээр. Маргаашийн гэрэлт ирээ¬дүйг өнөөдрийн харанхуй саарал дэвсгэр дээрээс яриад байгаа юм. Хүн ам нь 50 хувь нь ядууралтай. Үндсэн таван өвчнөөр өвчилдөг. Мөн дээр нь хүний хөгжил, хээл хахууль, хүнд суртал гээд олигтой үзүүлэлтүүд байхгүй. Байгаль орчин доройтсон. Ийм эдийн засагтай. Тэгтэл өнөөдрөө ярьдаггүй. Тэгээд маргаашаа яриад гоё сайхан мөрөөдөөд байдаг. Энэ хоёрын балансыг яах вэ, адил тэгш яаж ярьж бүтээх вэ гэдгийг л сонин талаас бичсэн юм. Ногоон эдийн засаг гэж бас бичсэн. “Таван 20”-ийн зарчим гэж бичлээ. Энэ бүхнийг манайх таван жилийн дараа ойлгоно. Манай төр “Та зүгээр хэвтэж бай, бид өгнө” гэсэн менежментийн буруу зүйл хийж хүнд буруу авир төрх олгоод байна. Оюутнуудыг “Чи муу сур. Гэхдээ мөнгө өгнө” гэх маягаар. Гэтэл ойрын Хятад, холын Америкт оюутан мөнгөө өгөөд сурна. Шалгалтандаа унавал дахиж мөнгө төлөөд мэддэг болтлоо өгч, зүтгэж байж сая нэг юм сургуулиа төгсөж, мэргэжилтэй болно. Манайд бол эсрэгээр. “Чи муу сурсан ч хамаагүй бид мөнгө өгнө” гээд л байх жишээтэй. Бүх хүмүүсээ биологийн амьтан л гэж үзэж байна. Тэгтэл хүн бол нийгмийн амьтан. Хүн бүхэн өөр өөрийн оюун тархитай, үзэл бодолтой, сэдэл санаатай шүү дээ. Үүнийг зөвхөн биологийн амьтан гэж оочерлуулаад, бас нэг хэсгийг нь гадагш ажилд явуулна гэж дугаарлуулаад... Тэгтэл зарим хүмүүс үүнийг тун хэрэгтэй зүйл гэж хэлдэг. Тиймээ, хэрэгтэй. Яагаад гэвэл энэ хүмүүст мөнгө хэрэгтэй. Хүмүүст мөнгөтэй болох өөр боломжууд гаргаж өг л дөө. Тухайлбал, Говь-Алтай аймгийн Шарга сумын малчид уламжлалт аргаар чулуун тээрэм ашиглан тээрэмдэж арвайн гурил хийж байна. Тэгвэл Германд дээд зэргийн бүтээмжтэй гар тээрэм байдаг. Энэ л бидэнд хэрэгтэй. Увс, Ховд аймгийн бусадтай адилхан л 21 мянган төгрөгтөө дугаарлан оочерлодог ажилгүй 15 эмэгтэй манай Танхим дээр Францын багет гэдэг талх хийж сурчихаад надаас юу хүссэн гээч. Одоо төхөөрөмж яаж олох вэ гэж байна. Зээлээр авах гэхээр барьцаа байхгүй гэнэ. Өөр юм шаардаад байгаа биз. Төхөөрөмжийг нь лизингээр өгчих л дөө. Заавал банк гэлгүй. Ингээд л өгсөн. Улаанбаатарын “Нарантуул” зах дээр 200 мянган төгрөгийн үнэтэй үсчний цүнх байгаа. Тэр цүнхийг аваад Ховд аймгийн малчны ажилгүй хүүхдэд өгчихлөө. Тэр хүүхэд үүргийн үсчний цүнхээ үүрээд үйлчилдэг болсон. Аав, ээжээс нь эхлээд ойр саахалтынхан төв орж үсээ засуулахгүй болж, нэг хүн өөрийн орлоготой болсон. Ийм жишээ олон байна. Бас Архангай аймгийн Булган суманд “Буухиа зээлийн сан” ажиллуулж эхэлсэн. Ингээд хүн бүхэнд амьдрах, амьдралаа авч явах, мөнгөтэй болох өөр өөрийн олон арга байхад яагаад бүгдийг нь тэгш ав адилхан мэтээр 21 мянган төгрөг тараагаад байгаа юм... 

-Хувийн хэвшил манай эдийн засгийн 70-80 хувийг бүрдүүлж, бүтээж байгаа. Зах зээл хөгжсөн оронд үүнийг хэвийн үзэгдэл гэх байх. Гэтэл манайд төр өмчтэй болох сонирхол давамгайлсаар байх шиг. Үүнийг бизнес эрхлэгчид, төр бидний орон зайг булаагаад, зах зээл хумигдаад байна гэж хэлсээр байгаа?


 -Өнөөдөр бид өмч хувьчлалын 20 жилийн ойгоо тэмдэглэсэн боловч нөгөө талаар өмч шилжүүлснээ мартах шахаж байна. Ер нь манайд төрийн өмчийг шүтсэн эдийн засгийн хөгжлийн загвар бий болгох хандлага хүчтэй цухалзаж энэ нь эцэстээ нийтээрээ хувьцаа эзэмшдэг аз жаргалтай нийгэм байгуулах тийшээ (хэн хөдөлмөрлөх нь мэдэгдэхгүй) хандчихаад байна. Гэтэл төрийн өмч давамгайлсан газар үйл ажиллагаа доголдож, үр ашиг, бүтээмж муудаж, авлига, хээл хахууль цэцэглэдэг. Энэ чинь түгээмэл факт шүү дээ. Хүн төрөлхтний олж мэдсэн өмчийн хамгийн сайн хэлбэр бол хувийн өмч юм шүү дээ. Өнөөдөр төрийн өмчөөр учиргүй сайхан хөгжиж дэвжсэн улс орон хаана ч байхгүй. Ялангуяа манайх шиг нөөц баялаг дээр суурилж, түүндээ дулдуйдсан эдийн засагтай улс орны хувьд төрийн өмчийн тухай ойлголтыг маш болгоомжлох хэрэгтэй.

-Манайхан Чили зэрэг орны туршлагыг судлаад байна. Хөгжлийн ийм сайн загвар байдаг юм биш үү?


 -Манайхан тэгж яриад байгаа болохоос бус түүнийг нь хэн баталсан юм. Хаана хувийн өмч, хөрөнгө оруулалт байна, тэнд хариуцлага, ил тод байдал давамгайлж байдаг. Манайд болохоор төрийн болон нийтийн өмчийг хольж хутгаад хаячихсан. Үндсэн хуульд газар, баялаг ард түмний мэдэлд байна гэсэн тэр “төрийн хамгаалалт” гэх хоржоонтой үгийг төрийн өмч юм шиг формаль байдлаар тайлбарлаад, тэгээд ойлгоод сурчихсан. Бүх иргэддээ хувьцаа тарааж өгөөд баяжуулаад суух юм яриад байгаа. Энэ нь хэр тогтвортой, зөв зам бэ. Гэтэл ингэж ярьж байх хооронд чинь манай хувийн компаниуд дэлхийн зах зээлд хөрөнгө мөнгө босгоод хариуцлагаа хүлээгээд, олон улсын тоглогч болоод явж байна ш дээ.

-Зах зээлд шилжсэн өнгөрсөн 20 жилд манайхан басчиг юм суралцсан бус уу?

 -Монголчууд бид нэг хэсэг бүгдийг хувьчилчихвал бүх юм ид шидийн саваагаар дохисон мэт сайхан болчихно гэж гэнэн төсөөлдөг байсан. Гэтэл тэр үед бусад улс оронд өмч, менежмент хоёр салж эхэлсэн. Харин бид төрийн өмчит компани байгуулах дуршил бүхий буруу загвар руу яваад байдаг. Жишээ нь, яагаад сонгуульд ялсан намууд Засгийн газраа байгуулмагц “Эрдэнэт”-ийн захирлыг сольдог вэ. Тус үйлдвэр корпорацийн зарчимд шилжихгүй, арилжааны дэглэмд орохгүй байгаа нь улс төрийн бялуу хуваах арга хэрэгсэл болсныг харуулаад байгаа юм. Тиймээс бид дэлхий нийтээр хүлээн зөвшөөрснөөс зөрж, өөр загвар хувилбар хайгаад яах бэ дээ.

-Одоо тэгээд үүнээс яаж гарах вэ?

 -Төрийн болон нийтийн өмчийг ялгаж салгаад түүний менежментийг боловсронгуй болгох эрх зүйн орчныг бүрдүүлж, бодлогоо тодорхойлох ёстой. Уг нь нийтийн өмчийн эдийн засаг гэдэг тусдаа шинжлэх ухаан юм. Гэтэл энэ талаар манайд төрийн бодлого ч алга. Ер нь тэгээд төрийн өмчийг шүтэх дуршил, бодлого нь патерналист буюу эцэг-төрийн зарчмаар явж байгаа хэрэг. Манайд жишээ нь, авлигатай тэмцэх гээд чадахгүй л байна шүү дээ. Хөгжил гэдгийг өндөр барилга, гоё машинаар хэмжихгүй байх. Нийгэмд шударга ёс тогтож, иргэд нь маргаашдаа итгэлтэй, хүн бүр хүсэл сонирхол, авьяас чадвараараа ажиллаж амьдрах, эрүүл мэнд, боловсрол гээд нийгмийн бүхий л боломжоор хангагдсан байх учиртай. Хүн бүрт хувьцааг тэгш хуваарилах биш, харин хүн бүрт ажиллах тэгш боломжийг олгох нь чухал. Түүнийг нь иргэн бүр тэгш, шударга ашиглах хэрэгтэй. Ердөө л энэ.

-Тэгвэл өнөөдөр монголчууд бид эх орондоо ийм боломж эдлэх нь байтугай гадаадын хөрөнгө оруулагчдад “эзлэгдээд” байгаа ш дээ?

 -Гадаадын хөрөнгө оруулалт манайд хэрэгтэй. Ялангуяа бидний чадахгүй нано технологи ч юм уу, орчин үеийн мэдлэгийн багтаамж ихтэй секторуудад хэрэгтэй. Энэ мэтээр хөрөнгө оруулалт шаардлагатай салбар зөндөө байгаа. Гадаадын хөрөнгө оруулалтаас тэргүүний технологи, сайн менежмент, бизнесийн сайн практик үлддэг. Түүнийг сурч, өөрийн болгоод авах хэрэгтэй. Ер нь татварын тааламжтай орчин гадаад, дотоодын гэлтгүй хэнд ч хамгийн чухал зүйл. Бид өнгөрсөн хугацаанд гадаадынханд хаалгаа цэлийтэл нээсэн. Өнөөдөр харин хөрөнгө оруулалтын бодлогоо эргэж харах цаг болсон. Гадныхан орж ирэх хөрөнгө оруулалтын босгыг өндөрсгөмөөр байгаа юм.

-Төр, засгаас 150 тэрбум төгрөгийн бонд гаргаж, ноос, ноолуурын салбарт өгөх гэх мэтээр сүүлийн үед үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжих гээд байх шиг. Үүнийг нийтэд нь авч үзвэл бизнес эрхлэгч-хувийн хэвшлийнхэнд ер нь ямар дэмжлэг хэрэгтэй байгаа вэ?


 -Монголын зах зээл бага болохоор импортыг орлох үйл явц явагдаж байгаа нь сайн хэрэг. Гэтэл ноолуур, алт, зэс гэсэн хэдхэн зүйлээс бүрдсэн экспортоо яах вэ. Уг нь хоёр том зах зээл байгаад байдаг. Эдгээрийн хэрэгцээг сайтар судалж, өөр юу экспортолж болох гарцыг хайх хэрэгтэй. “Өгөөж”-ийн бүтээгдэхүүнд Хятадын Эрээнийхэн дуртай байдаг. Хята¬ын өөр муж Жилинийнхан “Улаан¬баатар” хивсийг дор нь худалдаад авчихдаг. Энэ мэтээр экспорт хийх боломжийг судалж, бодлогоо боловсруулах нь үр дүнтэй. Манай Танхим Монгол Улсын Экспортын Үндэсний хөтөл­бөр-стратегийг өөрсдөө боловсруулсан Г.Занданшатар сайдаар уламжлаад төр, засагт хүлээлгээд өгчихсөн. Үүнийг нэмж сайжруулаад санхүүгийн нөөц боломжоор дэмжээд баталчихвал ойрын ирээдүйд монголчууд бид асар их экспорт хийж чадна. Бидний судалгаагаар уламжлалт экспортоос гадна 20-30 бүтээгдэхүүн нэмж гаргах боломж байгаа нь харагдсан.

-Монголчууд бид үе үе шатахуунаар суучихдаг. Ганц энэ ч биш, талх, махны үнэ нэмэгдэхээр компаниудыг зориудаар ингэлээ гэдэг. Энэ юундаа байна вэ. Уг нь зах зээлийнхээ жамаар явах ёстой биз дээ?

 -Энд өдий олон жил түүхий эд нь байсаар байтал дотооддоо боловсруулах үйлдвэр барих талаар нэг ч алхам хийгээгүй төр, засгийг л хэлмээр байна. Импорт, нийлүүлэлт, үнэд төрийн оролцоо их байх тусам компаниуд эсрэг үйлдэл хийж байна. Гэхдээ үүнийг хомсдол үүсгээд түүгээрээ далимдуулж үнээ нэмж байна гэж хэлж байгаа юм биш. Нөгөө талаар бид нефтийн бүтээгдэхүүний хувьд үнэ тогтоогч биш, үнийг хүлээн авагч гэдгийг мартаж болохгүй. Чингисийн агуу Монгол Улс одоо Оросын “Роснефть” гэдэг монополь компаниас хамааралтай байна шүү дээ. Бид дэлхийн гол хоёр тоглогч, томоохон гүрнүүдийн дунд амьдарч байгаа. Тэд жижигхэн Монголд байгаа энэ их баялаг, үүцийг “сүхдээд” авахыг л бодож байгаа. Дахин хэлэхэд төр стратегийн бодлогоо тодорхойлоод, ялангуяа олны “нүдний хор” орж байгаа уул уурхайн салбарт хувийн хэвшлийг сайн ажиллуулах нь чухал. Зах зээл хөгжсөн оронд компани, холбоод нь салбарын бодлогын асуудлаа шийддэг. Засгийн газар ерөнхийд нь чиглүүлээд, стратегийг нь тодорхойлдог явдаг системтэй. Энэ алхам манайд хийгдэж эхэлж байна. Жишээ нь, одоо “Энержи ресурс” нүүрсээ хэнтэй, яаж ашиглаж олборлохоо өөрсдөө мэдэхээр болсон. Засгийн газраас асуугаад байх шаардлагагүй, зөвхөн бодлогыг нь баримтлаад л болно. “Хоёр толгой”-г ч ийм байдлаар шийдчихсэн бол Монголын Засгийн газар Путин гуайд ч, Ху Жинтао гуайд ч загнуулж дарамтлуулахгүй амар байх байлаа.

Г.Мөнхдэлгэр
Эх сурвалж: "Бизнес таймс" 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш