Хан-Уул дүүргийн I хорооны иргэд хэвлэлийнхэнд хандаж “Улс төр” мэдээллийн төвд мэдээлэл хийлээ. Тэд нийслэлд замбараагүй баригдаж байгаа барилгуудыг барих зөвшөөрөл олгосон нийслэлийн Засаг даргад хандаж шаардлага хүргүүлсэн юм байна. Түүнчлэн шаардлагад өнөөдрийг хүртэл хариу ирүүлээгүй байгаа учраас тэмцэнэ гэдгээ албан ёсоор мэдэгдлээ. Тодруулж хэлбэл хэвлэлийн хурал хийсэн иргэдийн хэлж байгаагаар Хан-Уул дүүргийн I хороонд буюу 120-мянгатын автобусны буудлын ойролцоо Цагдаагийн алба хаагчдын орон сууц баригдаж байгаа юм байна. Энэхүүбарилга нь уг хэсэгт оршин суугчдын эрх ашгийг хөндөж эхэлжээ. Өөрөөр хэлбэл барилга хоорондоо маш ойрхон баригдсан бөгөөд оршин суугчдын нарыг халхалж баригдаж байгаа. Мөн энэ талаар Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Нийслэлийн Засаг дарга, дүүргийн Засаг дарга гээд дээд албан тушаалтнуудад өргөдөл гаргасан ч өнөөдрийг хүртэл ямар ч арга хэмжээ аваагүй байна.Иргэд шаардлага тавьж, удаа дараа барилга барьж байгаа компанид хандсан ч тус барилга цагдаагийн хамгаалалтанд байгаа гэнэ. Ямар ч байсан I хорооны иргэд маргааш 120 мянгатын автобусны буудлын ойролцоо баригдаж байгаа барилга дээр оршин суугчдын хурал хийнэ. Уг хуралаас тэмцэх шийдвэрээ баталгаажуулахаар болжээ. Тэмцэл хурцдаж, тухайн барилга руу дайрч орж ч магадгүй гэдгийг сануулаад байна. Иргэдийн хувьд маш их бухимдалтай байгаа гэдгээ ч хэллээ.