Сонгуулийн хуулийн буянаар төрийн ордон хурал хуй, хов живээр бялхаж байна. МАН мажоритар холимог системийг сонгоно хэмээн гүрийж, АН порпорциональ холимог тогтолцоог сонгоно гээд гэдийж байгаа юм. Аль аль тал нь байр суурин дээрээ хатуу зогссоор АН-ын бүлэг сонгуулийн хуулиас бусад асуудалд завсарлага авч, МАН-ын бүлгийн дарга, дэд дарга нар ээлж дараалан огцрох мэдэгдлээ өгөв. Үүнийх нь үрээр МАН-ын удирдах зөвлөл шуурхай хуралдаж, дотооддоо хурцадсан асуудлынхаа эв зүйг олохоор үзэж байгаа аж. Бүлгийн дарга нар ажлаас халагдах хүсэлтээ гаргасан учраас юун түрүүн энэ асуудлыг авч хэлэлцэж, шинэ дарга нараа томилосон гэнэ. Бүлгийн шинэ даргад хуучны талынхан Ц.Мөнх-Оргилыг зүтгүүлж, шинэчлэгчид нь Ө.Энхтүвшинг дэмжиж, Ө.Энхтүвшин сонгогдов. Харин Д.Дондогийн оронд боевик Э.Мөнх-Очир Су.Батболд хоёр өрсөлдөж, Су-гийн ялалтаар дууссан. Энэ хооронд АН-ынхан сонгуулийн хуулийг өөрсдийн талд шийдэгдэх гарцыг хайж, МАН-ын хурлын байр байдлыг ажиглан, Фортуна Н.Батбаяраараа бөөлүүлж, өрөөнд нь сан тавиулсан шигээ хүлээж байв. Ер нь бол хоёр намын харилцаа хурцдах, элдэв төвөгтэй асуудал даамжирвал Н.Батбаяр гишүүн төрийн ордонд сан тавьж, зам мөрийг нь шулуутган ном сонин уншиж өгч байх гэнэ.
Э.Болор www.shuum.mn