logo
 1.5 сая хүн хувьцаагаа худалдах хүсэлт гаргажээ

1.5 сая хүн хувьцаагаа худалдах хүсэлт гаргажээ

2012/06/21
Засгийн газрын хуралдаанаар “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцааны талаар танилцлаа.  Үүнтэй холбогдуулан хувьцаагаа Засгийн газарт худалдах хүсэлт гаргасан иргэдэд хувьцааны төлбөрийг “Хүний хөгжил сан”-гийн хишиг, хувийг олгож байгаа банкуудтай нэмэлт гэрээ байгуулан өгүүлэхээр шийдвэрлэлээ.
5 дугаар сарын 29-ний байдлаар 1 сая 532 мянга 853 хүн хувьцаагаа Засгийн газарт худалдах хүсэлтээ гаргасны дийлэнх олонхи нь бэлэн мөнгөөр, үлдсэн нь орон сууц, банкны зээл, тэтгэвэр, эрүүл мэндийн даатгалын шимтгэл, сургалтын төлбөр зэрэг хэлбэрээр худалдах хүсэлтэй байна.
6 дугаар сарын 20-ны байдлаар 1096 аж ахуйн нэгж 93 сая ширхэг хувьцаа худалдаж авах захиалгаа Үндэсний татварын ерөнхий газарт ирүүлжээ. Одоогийн байдлаар 82 аж ахуйн нэгж 2 тэрбум гаруй төгрөгийг тусгай дансанд оруулаад байна.
Ер нь 6 дугаар сарын 28 гэхэд хувьцаа худалдаж авах захиалга өгсөн аж ахуйн нэгжүүд мөнгөө төвлөрүүлсэн байх ёстой. Энэ мөнгөөр дараа дараагийн санхүүжилтийг хийх боломжтой гэж Засгийн газар тооцоолж байна.

Нийгмийн шуум
Гэр хорооллыг хөгжүүлэх ажлыг эрчимжүүлнэ

Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх талаар авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээг улам эрчимжүүлэхийг холбогдох сайд нар, нийслэлийн удирдлагуудад Засгийн газрын хуралдаанаас үүрэг болголоо. Энэ хүрээнд дэд бүтэц барих хөрөнгө оруулалтыг нэмж, хөгжлийн төлөө гаргасан иргэдийн санал, санаачлага зэрэгт дэмжлэг үзүүлэх болсон байна.
Хуралдаанаар гэр хорооллыг хөгжүүлэх чиглэлээр хийж байгаа ажлын явцтай танилцсаны дараа ийм шийдвэр гаргалаа.
Сайд Т.Бадамжунай хууль эрх зүйн орчин бүрдүүлэх, санхүүжилтын асуудлыг шийдвэрлэх, агаарын бохирдлыг бууруулах, газар зохион байгуулалт, хот байгуулалт, төлөвлөлт, инженерийн төвлөрсөн хангамжтай нийтийн орон сууцны бүс, төвлөрсөн болон бие даасан инженерийн хангамжтай тохилог хувийн орон сууцны бүс, захын гэр хороолол буюу бие даасан инженерийн хангамжтай бүс, цахилгаан, дулаан, ус хангамж, ариутгах татуурга, авто зам, нийтийн тээвэр, инженерийн бэлтгэл ажил, хог хаягдлын менежмент, тохижилт, иргэдийн оролцоо зэргийн талаар дэлгэрэнгүй танилцууллаа.
Энэ оны эхний хагас жилийн байдлаар хотын 306 мянган өрхийн 184 мянга орчим хүн гэр хороололд амьдарч байна гэсэн тоо гарчээ.
Гэр хорооллыг хөгжүүлэх зорилтын хүрээнд Газрын тухай багц хууль, Газрын кадастрын тухай зэрэг хуулийг УИХ-аар хэлэлцүүлж байгаа бол Хот байгуулалтын тухай, Барилгын тухай зэрэг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг боловсруулж эхэлжээ.
Гэр хорооллыг орон сууцны хороолол болгон хөгжүүлэх зорилтын хүрээнд 7, 14 дүгээр орон сууцны хороолол, МҮОНРТ орчмын хорооллын инженерийн шугам сүлжээ_барилгыг БНХАУ-ын 300 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлээр барьж байна.
Хорооллуудын инженерийн салбар шугам сүлжээний төсөл, барилга угсралтын ажлыг гүйцэтгэхээр Хөгжлийн банкнаас 23 тэрбум төгрөгийн санхүүжилт олгож эхэлжээ. Мөн иргэдэд жилийн 6 хувийн хүүтэй зээлийг ч олгож байгаа юм.
Нийслэлийн агаарын бохирдлын талаар ч Засгийн газрын хуралдааны үеэр яригдлаа.
Бохирдлыг бууруулахын тулд Засгийн газар гэр хороололд эрчим хүчний шөнийн хэрэглээний цагийг тогтоож, цахилгаан халаагуур хэрэглэж байгаа айл өрхийн хэрэглэсэн цахилгааны үнэд хөнгөлөлт үзүүлж байна. Энэ хөнгөлөлтийг 46 мянган хэрэглэгч эдэлж 342 сая төгрөгийн урамшуулал авчээ.
Тайлангаас үзвэл энэ оны 1 дүгээр улирлын байдлаар нийслэлийн 90 мянга гаруй иргэн гэр бүлийн хэрэгцээний газраа өмчилж авсан байна.
Төвлөрсөн инженерийн шугам сүлжээнд холбох боломжтой төвийн хэсэгт 40 орчим мянган айл байна. Тэгвэл Өлзийт, Туул, Тахилт, Баруун болон Зүүн салаа, Чингэлтэй, Хайлааст, Дамбадаржаа, Шархад, Улиастайн 48 орчим мянган өрхийн газрыг тохилог орон сууцаар барилгажуулж, төвлөрсөн болон бие даасан инженерийн шугам сүлжээнд холбох юм.
Салбарын яам, хотын захиргаанаас захын гэр хороолол буюу бие даасан инженерийн хангамжтай бүсэд байгаа 52 мянган айлыг шугам сүлжээнд холбох ажлыг эхлүүлжээ.
Гэр хороололд шинээр суурьшсан 12 мянга гаруй айлаас гадна хүчдэл нь унадаг 20 гаруй мянган айлыг цахилгаанаар найдвартай хангаж чадсан байна. Үүнтэй зэрэгцэн Буянт-Ухаа, Яармаг, Баянголын ам, Зайсан, МҮОНРТ, 7, 14 дүгээр орон сууцны хорооллын эрчим хүчний дэд өртөө, агаарын шугамыг барьж эхэлжээ.
Энэ оны эхний хагас жилийн байдлаар хотын төсвөөс хөрөнгө гарган гэр хорооллын талаас илүү хувийг гэрэлтүүлэгтэй болгосон мэдээ байна. Гэр хороололд 62 км зам шинээр тавьж, 15 км замыг өргөтгөн шинэчилсэн бөгөөд “Шинэ бүтээн байгуулалт” хөтөлбөрийн хүрээнд 64 км зам барьж байна. 2016 он хүртэл нийт 171 км зам тавихаар төлөвлөжээ.
Өнгөрсөн онд нийслэл хот төсвөө тодотгон хог тээврийн автомашины паркийг 163-аар нэмэх шийдвэр гаргасан бөгөөд үүний дүнд энэ онд машины тоо одоогийнхоос 2 дахин нэмэгдэх боломж бүрдсэн байна. Ингэснээр айлуудын хогийг зөөж тээвэрлэх зэрэгт ахиц гарч байгаа юм.
Гэр хорооллын иргэд амьдарч байгаа орчноо сайжруулахын тулд бүлэг болж хамтдаа багагүй зүйл хийж байна. Энэ хүрээнд 60 гаруй бүлэг нийслэлийн тусламж, дэмжлэгтэйгээр 2 тэрбум орчим төгрөгийн тохижилт, бүтээн байгуулалтын ажил хийжээ.
Засгийн газрын хуралдааны дараа Нийслэлийн барилга, хот байгуулалт, төлөвлөлтийн газрын дарга Э.Хүрэлбаатар хэвлэлийнхэнд мэдээлэл өглөө.
Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөөний дагуу гэр хорооллын газрын нөхцөлийг сайжруулах ажлыг 1996 оноос эхэлсэн. Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк зэрэг төслийн байгууллагуудын хамтарсан шийдвэрийн дагуу гэр хоролооллыг сайжруулах, гэр хороололд шугам сүлжээ тавих ажил хийгдэж байна.
Тухайлбал, Дэлхийн банкны төслийн шугамаар Улаанбаатар хотын гэр хороололд цэвэр усны 185 км шугам татсан. Энэ шугам өнөөдрийг хүртэл нэмэгдээд хийгдэж байна. Үүнтэй холбогдон гэр хорооллыг сайжруулахын тулд дахин төлөвлөлт хийж эхэлжээ. Үүний нэг жишээ нь Дамбадаржаагийн гэр хорооллыг цэвэр бохир усны шугамд холбосон явдал юм.
Нийслэлийн барилга, хот байгуулалт, төлөвлөлтийн газраас иргэдэд зориулсан сурталчилгааны материал болон зөвлөмж өгч байна.
Энэ талаар Нийслэлийн барилга, хот байгуулалт, төлөвлөлтийн газрын дарга Э.Хүрэлбаатар хэлэхдээ “Иргэд 0,07 га газартаа 9х9 хэмжээтэй хоёр давхар орон сууц барих, үүний хамт зам талбай, ногоон байгууламж, хүлэмж, тоглоомын талбай зэрэг төлөвлөлтийг хийнэ.
Төвийн шугамыг тавиад өгөхөд салбар шугамыг нь айлууд өөрсдөө татах боломжтой. 10 айл хамтраад хийхэд зардал 10 дахин багасч байгаа. Тухайлбал, 10 айл хоршиж 200 метр газар цахилгаан, дулаан цэвэр усныхаа салбар шугамыг татахад 25 сая төгрөгийн зардал гарна. Үүнийг нийт барилгынхаа өөрийнх нь төсөвт өртөгт нэмэхэд 65 сая төгрөгөөр тохилог амины орон сууцанд амьдрах боломж бүрдэнэ. Ийм төслийг хэд хэдэн газарт хэрэгжүүлж байна” гэв. 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш