logo
Олимпийн тэнгэрт Монгол төрийн дуулал олонтаа эгшиглэж, Монгол төрийн далбаа олонтаа мандах болтугай

Олимпийн тэнгэрт Монгол төрийн дуулал олонтаа эгшиглэж, Монгол төрийн далбаа олонтаа мандах болтугай

2012/06/24
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Монголын тамирчдын өдөр, Олон улсын олимпийн өдрийг тохиолдуулан “Лондон-2012” зуны олимпийн наадамд оролцох баг тамирчдыг үдэх ёслолын ажиллагаанд өнөөдөр оролцож үг хэлэв.

Ерөнхийлөгч хэлэхдээ “Монголын ард түмний үе үеийн бахархал амжилт ололтын эзэд, эрхэм хүндэт тамирчид, дасгалжуулагчид, их спортын зүтгэлтнүүд ээ!
Эрх чөлөөт Монголын чимэг болсон, ард түмнийхээ хамтын тэмүүлэл, мөрөөдөл хийморийг тээсэн манай тамирчид 2012 оны Лондоны Олимпод хурд хүч, авхаалж самбаа, эр зориг, тэсвэр хатуужлаа сорихоор бэлтгэл сургуулилтаа хангаж, хүлгийн жолоо залахад бэлэн болоод байна.
Хүн төрөлхтний эв найрамдал, итгэл үнэмшил, ахан дүүсийн барилдлагын тод илэрхийлэл-Олимпийн наадамд Монголын баг, тамирчид, дасгалжуулагчид 1964 оноос эхлэн 44 жилийн туршид амжилттай оролцож, 2008 оны Бээжингийн Олимпоос “Олимпийн аваргууд” маань тодорч эхэлсээн. 2008 оны амжилт бол зөвхөн эхлэл юм. Цаашид энэ бахархалт амжилт улам нэмэгдэж улам олон Олимпийн алдартнууд, аваргуудыг төрүүлэх Монголын спортын түүхэн замналын хурдасгуур болох учиртай.
Бээжингийн олимпийн наадмаас хойш манай улсын баг тамирчид тив, дэлхий, олон улс, олимпийн эрхийн тэмцээнүүдэд амжилттай оролцсоор ирлээ. Манай баг тамирчид дээрх өндөр чансаатай тэмцээнүүдээс 2009 онд 112, 2010 онд 116, 2011 онд 225, 2012 он гарсаар 114 медаль, нийтдээ 567 медаль хүртээд байна. Энэ бол Бээжингийн олимпоос хойш үзүүлсэн манай тамирчдын том амжилт. Бас их хөдөлмөр, хөлс хүч, зохион байгуулалт, дэмжлэг туслалцаа, хамтын хичээл зүтгэлээр хэмжигдэх бодит үзүүлэлт юм. Эдгээр амжилтуудаа Лондоны зуны спортын ХХХ олимп, паралимпийн ХIV наадамд батлан харуулах торгон мөч, хариуцлагатай агшин хаяанд ирлээ.
Энэ удаагийн Лондоны зуны олимпод буудлага, хөнгөн атлетик, бокс, жүдо, чөлөөт бөх, байт харваа, усан спортын нийт 7 төрөлд 29 тамирчин, паралимпийн наадамд жүдо, буудлага, байт харваа, хөнгөн атлетикийн төрөлд 6 тамирчид эрх авч нийтдээ Монголын 35 тамирчин Алтан соёмбот төрийнхөө далбааг Их Британийн тэнгэрт мандуулахаар зорьж байна. Мөн олимпын наадам эхлэхэд 35 хоног үлдэж байна. Олимпийн өмнөх сунгааны үлдэж буй хариуцлагатай өдрүүдэд сахилга бат, зохион байгуулалтыг хатуу сахиж, сургалт дасгалжуулалтаа улам эрчимжүүлэхийг тус олимпод оролцох баг, тамирчид, дасгалжуулагчид та бүхнээс хичээнгүйлэн хүсэж байна.
Зуны олимпын ХХХ дугаар, паралимпийн ХIV дүгээр наадамд оролцох Монгол Улсын баг, тамирчид, дасгалжуулагчид аа!
Өнөөдөр онцгой өдөр. Монголын тамирчдын өдөр, Олон улсын олимпийн өдөр. Монгол бол мянга мянганаар тоологдох цадиг түүхтэй орон. Монгол бол иргэд нь эрхэмсэг оршихуйтай эрх чөлөөтэй орон. Монголчууд бол амжилт бүтээл, нэр төр, алдар хүндийн үнэ цэнийг мэддэг, түүнийг үнэлдэг, эрхэмлэдэг ард түмэн. Монгол бол Олимпийн алдартнууд, аваргуудтай орон. Бас Монгол бол ирээдүйд эх орон, ард түмнээ баярлуулах Олимпийн олон олон алдартнууд аваргууд төрөх орон.
Одоо энэ билэгт сайн өдөр, билэгт сайн цагт олимпийн мөнх тэнгэрийн дор мандах Монгол Улсын төрийн далбааг монголын ард түмэн, төрийн нэрийн өмнөөс Та бүхэнд гардуулж өгье. Олимпийн тэнгэрт Монгол төрийн дуулал олонтаа эгшиглэж, Монгол төрийн далбаа олонтаа мандах болтугай.
Монгол түмний буян заяа, аз хийморь, төрийн сүлд та бүхнийг минь түшиж ивээх болтугай” гэв. 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш