logo
Хятадын Шенжоу-9 хөлөг сансрын станцтай холбогдлоо

Хятадын Шенжоу-9 хөлөг сансрын станцтай холбогдлоо

2012/06/26
10 орчим хоногийн өмнө эх дэлхийгээс хөөрсөн Хятадын сансрын хөлөг онгоцыг ням гаригт тойрог зам дахь туршилтын сансрын станцтай холбосон байна. Энэ ажлыг гурван сансрын нисгэгч хийж гүйцэтгэжээ. Шенжоу-9 хөлгийг Тиангон 1 сансрын станцтай холбож байгаа дүрс бичлэгийг Хятадын телевизээр шууд дамжуулсан байна.
Харин өнгөрсөн долоо хоногт эх газраас алсын удирдлагаар хөлгийг станцтай холбох туршилтыг явуулжээ. Хятадын сансрын нисгэгчид өнгөрсөн долоо хоногийн турш энэ станцад ажиллаж, бэлтгэл ажлуудыг хийсэн байна. Тэд ням гаригийн өглөө Шенжоу хөлөг рүү шилжсэнийхээ дараа хөлгийг станцаас салгажээ. Улмаар тэд хөлгийг станцтай дахин амжилттай холбосон байна.
Хятадын удирдлагууд энэ оны сүүлээр сансрын нисгэгчдээ дахин сансрын станц руу илгээх төлөвлөгөөтэй байгаа аж. Мөн тэд 2020 он гэхэд Тиангон 1-ийг ашиглалтаас гаргаж, оронд нь байнгын ажиллагаатай сансрын станцыг байгуулахаар төлөвлөжээ. Дундад улс түүнчлэн яваандаа сар луу хүн илгээж магадгүй байгаа юм.
Хятадын сансрын станц 60 тонн орчим жинтэй бөгөөд олон улсын сансрын станцаас хэмжээгээрээ зургаа дахин жижиг юм байна. Шенжоу 9 хөлгийн багийн бүрэлдэхүүнд Хятадын анхны эмэгтэй сансрын нисгэгч болох 33 настай Лью Яан байгаа юм. Тэрээр ахлагч Жин Хайпен болон Лью Ван нартай ажиллаж байна. Тэд сансарт 10 өдөр ажиллах юм байна.
Шенжоу 9 хөлгийг зургадугаар сарын 16-нд Хятадын хойд хэсэгт орших Жиукуан сансрын төвөөс хөөргөжээ.
Э.АМАР
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш