logo
Элчин сайд Ахмет Асым Арарыг хүлээн авч уулзлаа

Элчин сайд Ахмет Асым Арарыг хүлээн авч уулзлаа

2012/07/07
УИХ-ын анхдугаар чуулганы хуралдааныг даргалагч Д.Дэмбэрэл өнөөдөр Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суух Элчин сайд Ахмет Асым Арарыг нутаг буцах болсонтой нь холбогдуулан хүлээн авч уулзлаа. Хуралдаан даргалагч Д.Дэмбэрэл Монгол Турк хоёр орны харилцаа, тэр дундаа парламент хоорондын харилцааг хөгжүүлэхэд эрхэм Элчин сайдын гүйцэтгэсэн үүрэг асар их байсныг уулзалтын эхэнд онцлов. 
Тэрээр 2010 онд Туркийн парламентын дарга Монголд айлчлах үеэр парламент хоорондын харилцааг хөгжүүлэх талаар ч мөн ярилцсан тухайгаа хэллээ. Монгол Турк улс язгуур үндэс нэгтэй хэмээн Д.Дэмбэрэл дарга хэлсэн юм. Хоёр орны соёл, түүх, эдийн засгийн харилцаа улам идэвхжиж байгаад баяртай байгаагаа мөн тэрээр илэрхийллээ. Үүний нэг жишээ нь Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй турк сургуулиудыг дурдаж болно хэмээсэн юм. Хэдхэн хоногийн өмнө Туркийн иргэний агаарын тээврийн компани Монгол Улс руу шууд нислэг хийж эхэлснийг тэрээр дурдаад энэ нислэг хоёр орны иргэдийн харилцааг улам ойртуулна гэж найдаж байгаагаа илэрхийллээ.
Элчин Сайд Ахмет Асым Арар УИХ-ын анхдугаар чуулганы хуралдааныг даргалагч Д.Дэмбэрэлд талархаж байгаагаа илэрхийлээд “Хурал гэдэг монгол үгийг туркээр хуралдай гэж хэлдэг” хэмээсэн юм.
Өнгөрсөн дөрвөн жилд хоёр орны парламент хоорондын хамтын ажиллагаа өргөжиж ирснийг тэрбээр дурдлаа. Туркийн парламентын 12-13 гишүүн Монголд айлчилсан, түүнчлэн хэд хэдэн том баримт бичигт гарын үсэг зурсныг тэрээр онцолсон юм. Элчин сайд Ахмет Асым Арар, “Намайг Элчин сайдаар ажилласан энэ дөрвөн жилийн хугацаанд хоёр орны харилцаа олон салбарт идэвхжлээ. Олон салбарын хамтын ажиллагааны хууль зүйн үндсийг тавилаа. 2011 онд Монгол Улс гадаад харилцааны шинэ бодлогоо тодорхойлсон. Тус улсын идэвхтэй хамтран ажиллах зургаан орны тоонд Турк Улс орсонд бид маш их баяртай байгаа” хэмээсэн юм.
2010 онд хоёр орны худалдааны эргэлтийг 50 сая ам.долларт хүргэх зорилт тавьж байсан бол өнгөрсөн жил 46 сая ам.долларт хүрснийг Элчин сайд дуулгасан. Түүнчлэн Туркийн иргэний агаарын тээврийн компанийн шууд нислэг иргэд хоорондын харилцааг ойртуулах төдийгүй Монгол Улсыг Дундад Азитай холбох гүүр нь болно хэмээн найдаж байна гэж тэрээр хэлсэн юм.
Мөн эрхэм Элчин сайд өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд байнга тусалж дэмжиж ирсэнд талархаж буйгаа Д.Дэмбэрэл даргад илэрхийлээд хэдий нутаг буцаж байгаа ч Монгол Улсын амжилтын талаар чих тавин сонсож байх болно гэж хэлсэн юм.  
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш