logo
   Ё.Сагсай: Нэр дэвшигч 10 гаруй хүнд эрүүгийн хэрэг үүсгэсэн

Ё.Сагсай: Нэр дэвшигч 10 гаруй хүнд эрүүгийн хэрэг үүсгэсэн

2012/07/09
УИХ-ын болон Нийслэлийн иргэдийн хурлын тэргүүлэгчдийн сонгуульд нэр дэвшсэн хэд, хэдэн эрхэмд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн байна. Энэ талаар Нийслэлийн прокурорын газрын орлогч Ё.Сагсайгаас тодрууллаа.

-УИХ-ын болон Нийслэлийн иргэдийн хурлын тэргүүлэгчдийн сонгуульд өрсөлдсөн зарим хүнд эрүүгийн хэрэг үүсгэсэн гэсэн?
-Ийм төрлийн 10 гаруй хэрэг шалгаж байна. Эдгээр хэргүүдэд нийслэл, аймаг, дүүргийн прокурорын газраас хяналт тавьж байна.

-Ямар үндэслэлээр?
 -Сонгуулийн тухай хууль тогтоомж зөрчсөн, сонгуулийг зохион байгуулалттай будлиантуулсан, сонгуулийн сурталчилгааны явцад сонгогчдыг эд мөнгөөр татсан. Мөн санал хураалтын явцад хууль бусаар нөлөөлөх, будлиантуулах зорилгоор сонгогчдын нэрсийн жагсаалтыг давхардуулсан зэрэг асуудлаар шалгаж байна.

-Тодруулбал, хэн гэж?
-МАН-аас Өвөрхангай аймагт нэр дэвшсэн Н.Төмөрхүү, Увс аймагт Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн, Орхон аймагт О.Содбилэг, Дархан-Уул аймагт Д.Хаянхярваа нарт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэсэн байгаа.

-Сангийн сайд Д.Хаянхярвааг ямар асуудлаар шалгаж байгаа юм бэ?

-Өндөр настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд олгож байгаа 330 мянган төгрөгийг өөрийн нэр дэвшсэн тойрогт албан тушаалаа урвуулан хүн бүрт 670 мянган төгрөг тараасан гэх асуудлаар АТГ-аас шалгаж байгаа.

Д.Гэрэл 
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш