logo
АНУ-ын Элчин сайд нутаг буцаж байна

АНУ-ын Элчин сайд нутаг буцаж байна

2012/07/10
Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд АНУ-аас манай улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ж.Эдлтоныг эх орондоо бүрмөсөн буцахтай нь холбогдуулан 07 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч уулзлаа.
Хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа улс төр, эдийн засаг, нийгэм, соёл, боловсрол гээд бүх салбарт эрчимтэй хөгжиж байгааг Ерөнхий сайд С.Батболд хэлээд энэ бүхэнд Элчин сайд Ж.Эдлтоны оруулсан хувь нэмэр их байсныг тэмдэглэлээ. Мөн Элчин сайдын цаашдын ажилд амжилт хүсэв.
Өнгөрсөн онд Монгол Улсын эдийн засаг 17 гаруй хувиар өссөн. Энэ өсөлтийн үр дүн илт мэдрэгдэж байгаагийн зэрэгцээ ажилгүйдэл, ядуурлын түвшин таны тэргүүлсэн Засгийн газрын үед буурсан гэдгийг Элчин сайд тэмдэглээд энэ ололт амжилтаа улам бататгахыг хүсэв.
Гүйцэтгэх засаглалын тэргүүн ч эдийн засгийн өсөлтийг тогтвортой хадгалах, иргэдийнхээ амьжиргааг дээшлүүлэх, бүх салбараа жигд хөгжүүлэхийн тулд чадах бүхнээ хийхийн төлөө байна гэлээ.
Энэ жил хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ой тохион, энэ хүрээнд талууд олон арга хэмжээ зохион байгуулсан, энэ жил мөн анхны америк хүн Монгол Улсад ирсний 150 жилийн ой болж байгааг Элчин сайд тэмдэглэв.
 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш