logo
Б.Цогтгэрэл Байгаль орчны, М.Энхсайхан Сангийн сайд болох уу

Б.Цогтгэрэл Байгаль орчны, М.Энхсайхан Сангийн сайд болох уу

2012/07/18
АН МАХН, МҮАН-ын Шударга ёс эвсэлд Засгийн газарт хамтран ажиллах албан ёсны хүсэлтээ илгээсэн гэнэ. Тэр ч утгаараа Шударга ёс эвсэл хэдэн сайдын суудалд хэн хэнийг томилох асуудлаа шийдэх гээд өдөр алгасалгүй хуралдаж байгаа гэнэ. Хурлын уур амьсгалаас харахад тус эвсэл АН-аас дөрвөөс доошгүй суудал авахаар тохирч чадсан нь илт болоод байна. Тухайлбал, УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва шадар сайдад томилогдохоор яригдаж байгаа бол МҮАН-ын дарга М.Энхсайханыг Сангийн сайдад зүтгүүлэхээр тохироо хийгдэж байгаа юм байна. Түүнчлэн МҮАН-ын дэд дарга Б.Цогтгэрэлийг Байгаль орчны сайдад зүтгүүлэхээр ярьж байгаа аж. Эрдэнэтээс УИХ-д суух эрх авсан Л.Цогийг дотоод хэргийн сайдаар томилох сурагтай. Д.Тэрбишдагва гишүүний хувьд ХХАА-ын сайдаар ажиллаж байсан, төрийн ажлыг хэнээс дутахгүй мэдэх нэгэн. Тэгээд ч МАХН-д харьяалагдах цөөхөн лидерүүдийн нэг гэдгээрээ Тэргүүн шадар сайдын албыг нэр хүндтэй хашаад явчихаж мэднэ. Харин М.Энхсайханы тухайд Сангийн яам гэдэг чухлаас чухал салбарыг хариуцуулахаар ярьж буй нь Монгол улсын ерөнхий сайдаар ажиллаж явсан, туршлагатай улс төрч, МҮАН-ын даргын хувиар иймэрхүү оноолтод тааруулсан хэрэг байх. Харин МҮАН-ын дэд дарга Б.Цогтгэрэлийн хувьд хууль, эдийн засгийн чиглэлээр боловсрол эзэмшсэн, аль ч салбарыг толгойлоод явчих чадвартай нэгэн. Тэр бүр амбицлаад, тодроод байдаггүй тэрээр бодлогын хүрээнд байгаль орчин, боловсрол гээд нийгмийн чухал салбаруудад дорвитой ажлуудыг хийж чадах хүн гэж нам, эвслээс нь итгэл үзүүлж буй бололтой. Юутай ч дээрх эрхмүүдээс хэн нь засагт орж, төрийн ачааг үүрэлцэх нь энэ долоо хоногт тодорхой болох аж.
Ш.Булга
www.shuum.mn  
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш