logo
МАН-ын бүлгийн гишүүд чуулганы нэгдсэн хуралдаанд ирсэнгүй

МАН-ын бүлгийн гишүүд чуулганы нэгдсэн хуралдаанд ирсэнгүй

2012/07/21
УИХ-ын чуулганы анхдугаар хуралдаан үргэлжилж, өчигдөр /2012.07.20./ үдээс өмнө 11.00 цагаас Төрийн ордонд эхэллээ. Чуулганы танхимд анхдугаар хуралдаан даргалагч, УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэл хүрэлцэн ирж, индэрт суудлаа эзэлсэн ч УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд танхимд хараахан орж ирээгүй бөгөөд бүлгийн ахлагч, УИХ-ын гишүүн Н.Энхболд харин ирсэн байв.
Хуралдаан даргалагч Д.Дэмбэрэл чуулганы нэгдсэн хуралдааны ирцийг танилцуулж, 60 хувьтай байгааг дуулгаад, эхний асуудал болох УИХ-ын дарга сонгох асуудалд дээр ярилцъя гэлээ.
Үүний дараа МАН-ын бүлгийн ахлагч Н.Энхболд байр сууриа илэрхийлсэн. Тэрээр хуулиа барьж ажиллах нь зүйтэй гэдгийг хэлээд, “аль ч нам, эвсэл УИХ-д 39 суудал авч олонхи болоогүй нөхцөлд УИХ-ын даргыг сонгох асуудлыг парламентад суудалтай бүх нам, эвсэлтэй зөвшилцөх ёстой. Гэтэл УИХ-ын даргын асуудлыг МАН-ын бүлэгтэй зөвшилцөөгүй. Өчигдөр орой нэг бичиг ирсэн байсан. МАН энэ асуудлыг ярилцах ёстой  гэж байв.
Харин УИХ-ын гишүүн, АН-ын дарга Н.Алтанхуяг хэлэхдээ, долдугаар сарын 20-ны энэ өдөр яг 20 жилийн өмнө байнгын ажиллагаатай парламент болох УИХ анхны хурлаа хийж байсан бэлгэ дэмбэрэлтэй өдөр юм. Иймд таагүй байдлаар хуралдаанаа эхлээд яахав гэсэн бөгөөд зөвшилцөх бичгийг өчигдөр хүргүүлсэн. Бичгийг илгээснээр зөвшилцөх ажил эхэллээ гэж үздэг. УИХ-д нэгэнт олонхи бүрдсэн тул ажлаа түргэвчилье гэж байлаа.
МАН-ын бүлгийн дарга Н.Энхболд, бичиг хүргүүлээд орхисныг зөвшилцсөн гэж үзэхгүй. Бидэнд, манай 25 гишүүнд хуулийн дагуу ажиллах бололцоог олгох ёстой. Бусад нам, эвсэл, бие даагчидтай зөвшилцсөн юм байна. Бидэнтэй бол зөвшилцөөгүй гэж байв.
УИХ-ын гишүүн Р.Гончигдорж, УИХ 20 жилийн өмнө анхны хуралдаанаа хийсэн энэ тэмдэглэлт өдөр ажлаа эхлэх ёстой, Монгол Улсын суурь Үндсэн хуулийг баримталж ажиллах ёстой, зөвшилцөл хийгдсэн гэсэн байр суурь дээр мөн хэвээрээ байсан.
УИХ-ын гишүүн Ч.Сайханбилэг, Дээд шүүхийн тайлбарыг иш татан “УИХ-ын даргыг сонгох асуудлаар бичгээр саналаа хүргүүлснийг /намуудад/ зөвшилцсөн гэж үзэх тухай ойлголт бий гээд анхдугаар чуулганыг үргэлжлүүлье гэсэн юм.
Түүнчлэн УИХ-ын гишүүн С.Баярцогт, бүх зүйлийг хуулийн дагуу явуулсан, олонхи болсон нам УИХ, Засгийн газраа бүрдүүлээд явах тухай ойлголт 33-ийн 2-оор гарч ирж байгаа гэж байсан юм. Тэрээр хуралдаанаа үргэлжлүүлэх, МАН-ын бүлгийн гишүүдийг дуудахыг хүсч байсан.
Энэ үеэр УИХ-ын анхдугаар хуралдаан даргалагч Д.Дэмбэрэл, УИХ-ын даргыг сонгохдоо бүгд орж ирж суугаад шийдчихэж боломгүй байна. Энэ УИХ-ын тал нь алга байна. Ийм үед сонгогдсон дарга цаашдаа яахав, энэ төр, төрийн ажил тэгээд яахав хэмээн асуудлыг ойлгуулахыг хичээсэн байр суурьтай байв. Мөн тэрээр УИХ-ын Тамгын газрын тайлбарыг сонсгосон юм.
АН-ын дарга Н.Алтанхуяг “Д.Дэмбэрэл дарга та МАН-ын гишүүний хувиар бус хамгийн ахмад настай УИХ-ын гишүүний хувьд хуралдааныг даргалж байгаа. МАН-ын бүлгийг дуудаж оруулах эрхтэй. МАН-ын бүлэг хэзээ орж ирэх вэ” гэхэд Д.Дэмбэрэл дарга, МАН-ын бүлгийн зөвшилцөөнийг гүйцээе, хуулиараа явъя хэмээгээд алхаа цохиж, хуралдааныг завсарлуулав.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш