Ажил үүргээ гүйцэтгэж яваад бусдын гарт хутгалуулсан цагдаагийн албан хаагчтай ярилцлаа. Түүнийг Б.Бат-эрдэнэ гэдэг. Тэрбээр НХЖХГ-ын гэрээт цагдаа аж.
-Одоогоор биеийнх нь байдал ямар байна вэ. Гэр зуур л байна уу?
-Эмнэлгээс гараад сар 11 хонож байна. Биеийн байдал хагалгаа хийлгэн, цус их алдалттай байсан. Гаднаа мэдэгдэх юмгүй ч дотуураа зовиуртай байх юм. Нарийн мэргэжлийн эмчид үзүүлэх шаардлагатай гэсэн.
-Ажил үүргээ гүйцэтгэж яваад гэнэтийн халдлагад өртчихнө гэж хэний ч санаанд орохгүй. Тухайн үед “Нарантуул-2” зах дээр дуудлагаар очсон юм уу?
-Тэр үед олон нийтийн газарт гурван согтуу хүн архидаад байхад нь “Энд архи ууж болохгүй” гэсэн. Гэтэл “Монголд чинь архи ууж болохгүй юу” гэж хэлэхээр нь “Манай өрөөнд ороод ярилцая. Хэн гэж цагдаа шалгаж байгааг мэдээд ав” гээд өрөөндөө оруулсан. Тэгээд хуулийн дагуу хэлж ярихад урдаас асч сөргөлдөөд байсан юм. Тэгснээ “Бид эрх чөлөөгөө эдэлж байна” гээд өрөөнөөс гараад явсан. Тэгэхлээр нь “Та нар наанаа байж бай” гээд хойноос нь гартал хажуугийн лангуун дээрх хутгыг шүүрч аваад цээжин тус газарт хутгалчихсан. Тухайн үед хутгалуулснаа мэдээгүй.
-Яагаад?
-Хүмүүс наадах чинь хутгатай байна шүү дээ гээд орилохоор нь харсан. Гэтэл гартаа хутга барьчихсан зогсч байсан. Тэгэхлээр нь бусад хүмүүс рүү дайрч магадгүй гэж бодоод хутгыг нь булааж авахаар гар руу дөхсөн. Намайг хутгалчихлаа гэж бодоогүй. Түүний хутгыг салгаж аваад өрөөндөө оруулаад гавлатал дотор эвгүй оргисон. Тэгээд хутгалуулчихсан гэдгээ мэдсэн. Зүрхний доод талд хутга орсон. Жаахан дээшээ орсон бол эвгүйтэх байсан байх аа.
-Тэгэхлээр нь яасан. Тэр үед та ухаан алдаагүй байсан юм уу?
-Нөгөө хутгалсан нөхрийг хэсгийнхээ даргад хүлээлгэж өгөөд хувийн машин хөлслөөд яамны эмнэлэг рүү явсан. Гэтэл яамны эмнэлэг манайх ийм хагалгаатай хүн авахгүй гэсэн. Энэ үед нь Цэргийн госпиталд очиж үзүүлэхээр явсан.
-Таныг гэмтээсэн хүн ахимаг насны иргэн байсан. Түүнд ямар арга хэмжээ авах бол?
-Тэр гурван хүн нас насны зөрүүтэй хүмүүс байсан. 62,52,51 гэсэн байх аа. Намайг хутгалсан нь 62 настай н.Төрбат гэх хүн байгаа. Настай хүмүүс байсан. Яаж хутгалчихна гэж санах вэ. Архины халуунд нийгэмд бухимдсан уураа цагдаад гаргасан. Одооны хүмүүс хүний эрх ярих дуртай. Эрхээ хэрэгжүүлж чадахгүй байж хууль ярих дуртай. Тэгээд болохгүй зүйл болохоороо л цагдаа дууддаг. Гэтэл цагдаа муу нэрийг авдаг болж дээ. Хүний эрх гэдэг утгаараа цагдаа руу дайрдаг болсон.
-Хагалгаанд орсны чинь дараа нөгөөх хутгалсан хүн чинь ирж уулзсан уу. Ямар нэгэн байдлаар холбоо барьсан уу?
-Тэр хүн хойно хоригдож байгаа. Түүнд хуулийн дагуу хариуцлага тооцох байлгүй дээ.
-Таныг нэлээд хүнд хагалгаанд орсон гэж дуулсан. Ар гэрийнхэн нь их сандарсан байх даа?
-Тухайн үед ч тоохгүй яваад байсан. Гэтэл дотуур цус алдаж байсан юм билээ. Хутганы ирэнд нойр булчирхай, ходоод, бүдүүн гэдэс зүсэгдсэн гэсэн.
-Хэр том хутга байсан бэ?
-Том балиус байсан.
-Цагдаагийн байгууллагад ажиллаад хэдэн жил болж байна. Ямар цолтой вэ?
-Энэ албанд зүтгээд 15 жил болж байна. Ахлах ахлагч цолтой. Анх Хүнсний 20-ын тэнд эргүүл хийж эхэлсэн. Зөндөө байгууллагад шилжсэн. Сүхбаатар дүүргийн цагдаад ч байлаа.
-“Нарантуул-2” зах хотоос зайдуу гэдэг утгаараа архидан согтууралт их гардаг байх. Тэнд үүрэг гүйцэтгэх амаргүй биз?
-Янз бүрийн хүн байдаг даа. Халаасны хулгай, архичид, тэнүүлчин, үйлдвэрлэл хийдэг ч хүмүүс байна. Үйлчлүүлэгчид гээд хүмүүс олон. Тэр дундаас чинь заримыг нь таньдаг болно. Зарим нь тасраад уначихаараа “Дандаа ингэдэг” гээд турхирдаг хүмүүс ч байдаг.
-Захын хороололд ажиллаж буй цагдаа нарын ахуй хангамж хэр вэ?
-Ер нь гавнаас цаашгүй дээ.
-“Нарантуул-2” захад хэдэн жил ажиллаж байгаа вэ?
-Өнгөрсөн жилээс л гэрээт цагдаа авч ажиллуулж байгаа.
-Албан үүргээ хийж яваад хохирсон болохоор удирдлагын зүгээс яаж хандаж байна?
-Цагдаагийн ерөнхий газрын удирдлагууд туслалцаа үзүүлж байгаа. Бие тэнхрүүлэх тал дээр анхаарал хандуулж байна. Манай Нийгмийн хэв журмыг хамгаалах газраас миний биеийг муу байхад хонуутаар сахиж байсан хүмүүс ч бий. Ээлж ээлжээр сахиж байсан. Сайхан хамт олонтой байх сайхан юм билээ. Хамт олноороо бахархаж нулимс дуслуулж үзлээ.
-Цагдаагийн эрх ашгийг хамгаалах хэлтэс байгууллагдсан нь та нарт дэм болж байгаа даа?
-Тэгэлгүй яах вэ. Бүх зүйлд гар бие оролцоод яаж байна, ингэх үү, тэгэх үү гэж тусалж дэмждэг.
-Та ахиж цагдаад ажиллах уу?
-Өргөсөн тангарагтаа үнэнч юм чинь цагдаагийн ажилд дуртай. Цаашдаа ажиллах болно. Цагдаагийн ажил сайхан шүү дээ.
-Ер нь шантарч байсан уу. Хүнд хэцүү үе байсан л байлгүй?
-Ядарлаа гээд ажлаасаа гаралтай биш. Би ганцаараа ядараагүй. Миний хамт олон тэр чигээрээ л ядарч байгаа. Тэглээ гээд шантарч байсангүй ээ. Нэгэнт төрийн ажилд зүтгэсэн юм чинь дуусгаад л тэтгэвэртээ гарна.
-Таны ажлын хуваарь ээлжтэй байх. Гэхдээ цагдаагийн ажил цаг наргүй гэлцдэг?
-Ээлжтэй байдаг. Ажлын нөхцөл байдлаас хамаарч дуудагдах үе бий. Тэр том зах дээр ганцаараа ажиллах хэцүү л дээ. Ажлын нөхцөл хүнд дээ. Ганц цагдаа яаж ч ажиллаад хүчрэхгүй.
-Зах дээр албан үүргээ гүйцэтгэж яваад хутгалуулсан тохиолдол гарч байгаагүй санаж байна. Хүмүүс их цочирдсон байх даа?
-Тийм тохиолдол гараагүй. Настай хүнийг “настай” гэж бодож болдоггүй л юм байна. Өхөөрдөх тусам өр рүү өшиглөөд.
-Хагалгаанд орсноос хойш эмнэлэгт хэд хоносон бэ?
-25 хоног хэвтсэн. Сэхээнд 11 хоног болсон.
-Таныг өвдөөд хэвтэхээр ар гэр хэцүүднэ дээ. Ам бүл хэдүүлээ вэ?
-Манайх дөрвөн ам бүлтэй. Хамгийн бага маань гурван настай. Аавыгаа эмнэлэгт байхад “Аав яасан” гээд асуугаад байсан гэнэ лээ.
-Эхнэр нь ажил хийдэг үү?
-Ажилгүй гэртээ байдаг.
-Ээж тань хүнд хутгалуулчихлаа гэхээр санаа нь их зовсон байх даа?
-Харин тийм ээ.
-Хоол унд идэхдээ дэглэм барьж байгаа юу?
-Хурц хоол унд идэж болохгүй. Ер нь гамтай байхыг сануулсан.
-Сүүлийн үед цагдаагийн нэр хүнд унаж иргэдэд чичлүүлэх нь амархан болж. Ийм байдал ажиглагддаг уу?
-Юм л бол цагдааг доош нь хийх гээд байдаг болж.
-Цалин хангамж нь хэр хүрэлцээтэй байна вэ?
-Нэмэгдсэнээс хойш амьдралд хүрэлцээтэй болж байгаа. Өмнө нь хаа хаанаа ч хүрэхгүй байдаг байлаа.
-Цэргийн госпиталийн эмнэлэг хэр сайн эмчилгээ хийв. Хагалгаа талдаа сайн гэх юм билээ?
-Сайн шүү дээ. Шилдэг эмч нар л байдаг юм билээ.
-Удахгүй цагдаагийн байгууллага үүсч хөгжсөний 91 жилийн ойн баяр болно. Догдлоод л хүлээж байна уу?
-Тийм ээ. Ойдоо оролцоорой гэсэн. Олуулаа цуглаад, шагнуулаад ирэхээр гоё шүү.
-Хамт олондоо хандаж юу хэлмээр байна вэ. Асуултынхаа төгсгөлийг танд үлдээе?
-Цагдаагийн ерөнхий газрын удирдлага, НХЖХГ-ын хамт олон баг бүрэлдэхүүн болон цагдаагийн бие бүрэлдэхүүндээ ойн баярын мэндийг хүргэе. Мөн намайг эмчилж эдгээсэн Цэргийн госпиталийн мэс заслын эмч н.Сүхбаатар болон эмч сувилагч нартаа баярлалаа гэж хэлмээр байна.
А.Лхагва
Эх сурвалж: "Нийгмийн толь"