logo
Их хурал Засгийн газраа хянаж чадахуйц тогтолцоо л хэрэгтэй

Их хурал Засгийн газраа хянаж чадахуйц тогтолцоо л хэрэгтэй

2012/07/23
Ялагчгүй сонгуульд арай олон УИХ-ын гишүүнтэй болсон АН энэ удаад хамтрагчаа сонголоо. Харин тэдний сонголт нүдээ олсон эсэх нь эргэлзээтэй. Адаглаад л нэгэн цагт намаасаа хөөж, хэн ч биш хэмээн зарлаж явсан М.Энхсайхантай, “авлигын загалмайлсан эцэг” гэх тодотголыг батлахыг хичээж, улсаасаа баян Ерөнхийлөгчөөр зарласан Н.Энхбаяртай хүртэл эвсэхээр тохиролцов. Энэ тохироогоо жин тан болгохын тулд төрийн сайдуудын суудлаас дээжлэн өгсөн нь ч гайхмаар зүйл огт биш. Энэ эрүүл бус хандлагаа эрүүл мэт харагдуулахын тулд ИЗНН болоод бие даагчдыг өөрийн талд урвуулан авах хүслээ ч бараг биелүүлж буй бололтой юм. Ингэхдээ мөн л сайдын суудал амласан. С.Оюун, Д.Дэмбэрэл нарын хувьд хүсээд ч яам толгойлох хүч, нөөц байхгүй учир энэ тохиролцоо мэдээж ашигтай. Тэгвэл МАХН-ын хувьд засагт орох тийм ч чухал биш. Харин ямар аргаар намын даргаа ялгүй салгаж авах вэ, үүнийхээ дараа Төрийн ордонд яаж шуу нэг сийлбэртэй модон сандалтай үлдээх вэ гэдэг л энэ цагийн гэрэлт мөрөөдөл нь. М.Энхсайхан бол харин тэднээс өөр. Түүнд Н.Энхбаяр огт хэрэггүй. МАХН бол бүр ч хэрэггүй. Тэгээд ч өөрийг нь хөөж гаргаад хаалгаа дотроос нь хаачихсан АН-ыг далаар нь тавих хуучин цагийн хонзон түүнд бий. Үүнд хүрэхийн тулд М.Энхсайханд зөвхөн эрх мэдэл л хэрэгтэй. Яг л Н.Энхбаярын дотроо юу бодож, санаж яваа шиг...

Дээрх дүр зургийн хэлхээсийг нэгтгэж үзвэл АН “махны худалдаачин” гэдэг шиг сайдын суудлын худалдаачин болсон нь илт харагдана. “Шударга ёс” эвсэл, ИЗНН-д сайдын суудлаас хувь хүртээх нь бол тодорхой болсон. Үүнээс гадна бас намынхаа олон фракцад энэ суудлаас тус бүр хишиг хүртээх зэргээр эцэс төгсгөлгүй маргаан дээвэр дор нь үргэлжилж буй тухай ч дуулдах л юм. Ямар сайндаа АН-ыг сайдын суудал худалдаалж байгааг нь мэдчихсэн бие даагч Ц.Даваасүрэн хэвлэлүүдээр “Сайдын суудал санал болговол хамтрах тухай бодож болох л юм” гэж пээдийж хүртэл үзэв. Бие даагчийн энэ яриа “Надад сайдын суудал өгөх юм бол буруу ч байсан хамаагүй танай намын санал бүрийг чинь алгасахгүй дэмжихэд бэлэн” гэсэн арчаагүй утгатай гэдгийг харин сонгогчид эрт анзаарсан юм. Бүх зүйл нүдэнд ил өрнөж байхад анзаарахгүй гээд ч яах билээ.

Хэдийгээр АН бусадтай зайлшгүй хамтарч байгаа ч бүхнийг дангаараа дарангуйлах гэж хичээж байна. Нэг хэсэгтэй нь хэлэлцээний ширээний ард суугаад сайдын суудлаа “шахаж”, нөгөө хэсгийг нь хууль хяналтын байгууллагатай хамжин төмөр торны цаана суулгах хатуу бодлогоо ч ил тод илэрхийлсээр байна. Дээрх хоёрын аль ч ангилалд багтах боломжгүй нөхдийг яаж байна гээч. Сонгуульд хол тасархай ялалт байгуулсных нь дараа УИХ-ын гишүүний батлахыг нь дээрэмдэн авч, зохиомол хэрэг үүсгэн түүнийгээ ганц нэг халаасны шүүгчээрээ батлуулах энэ тэр бол тэдний хувьд юу ч биш болжээ.

Энэ бүх хэлэлцээр гэх сайхан нэртэй наймааны дараа Засгийн газраа 75x25 харьцаагаар бүрдүүлэх шийдвэрийг нэг юм гаргалаа. “Шударга ёс” эвсэлд сайдын дөрвөн суудал, ИЗНН-д нэг суудал ногдох гэнэ. Тухайлбал, Эрүүл мэндийн сайдын суудлыг Н.Удвалд, Сангийн сайдад М.Энхсайханыг, БОАЖ- ын яамыг ИЗНН-д гэх мэтээр хуваарилахад одоо байгаа долоон яам нь багадаж байгаа юм. Тэдэнд яам өгөхгүй бол мэдээж өөрсдийнх нь төлөө товчлуур дарахгүй. Хүссэнээр нь худалдаад байхад өөрсдөд нь 3-4 яам л үлдэх гээд байгаа учир одоог хүртэл АН-ынхан амь наана, там цаана байгаа юм. Иймд намын дарга ирээдүйн Ерөнхий сайд Н.Алтанхуяг 11 яамтай шинэ танхим бүрдүүлье гэсэн санал гаргасныг хамгийн зөв шийдвэр хэмээн үзээд буй. Арга мухардахдаа намын даргын энэ мэргэн санааг дэмжин дэд сайдууд гээд нийт 24 сайдтай Засгийн газрыг бүрдүүлэх тухай нойр хоолгүй зүтгэх болов. Тэдний санаагаар бол ХЗДХ-ийн яамыг хоёр хувааж Х.Тэмүүжин, Л.Цог хоёрт хариуцуулах төлөвлөгөө боловсруулсан байх жишээтэй.

Гэтэл зарчмаараа бол сайдуудын гуравны нэгийг л УИХ-ын гишүүдээс бүрдүүлэх ёстой. Сонгуулиас өмнө Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн удаа дараа мэдэгдсэнээр бол шинэ Засгийн газрын Ерөнхий сайдаас бусад нь УИХ-ын танхимын гаднаас байх ёстой. Үгүй бол УИХ нь Засгийн газраа хянаж чадахгүй гажиг үргэлжилнэ хэмээн тэр хэлдэг билээ. Тэгвэл энэ удаа шинэ засаг бүрэлдэхэд эрхэм Ерөнхийлөгчийн зарчим хэвээр байх уу гэдгийг олон нийт анхааралтай ажиглаж байна, Мэдээж Засгийн газрын танхимыг бүрдүүлэхэд АН-ын дарга Н.Алтанхуяг Ерөнхийлөгчтэйгөө зөвшилцөхгүй байна гэж байхгүй. Гэтэл одоо гарч буй сургаар бол УИХ-ын гишүүн С.Баярцогт, Х.Баттулга, Р.Амаржаргал, Х.Тэмүүжин, Ж.Батзандан нар л лав сайд болох тохироогоо хийсэн гэнэ. Ингэж Их хурлын гишүүдэд сайдын суудал эс өгвөөс фракцууд нь намынхаа сөрөг хүчин болж ч болзошгүй. Гэхдээ зарчим байна. Их хурал Засгийн газраа хянаж байхуйц тийм л тогтолцоог олон нийт, манай Ерөнхийлөгч ч хүсдэг билээ.

Д.Булган

Эх сурвалж: unen.mn
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш