Навсайж нооройсон энэ байшинг магадгүй та харсан л байх. Баянзүрх дүүргийн VI хорооны нутаг дэвсгэрт, нийслэлийн 22 дугаар дунд сургуулийн хойд талд орших хоёр давхар энэхүү барилгыг бид л тоохоо больсноос биш уг нь зуу гаруй жилийн түүхийг өгүүлсэн соёлын дурсгал юм.
Богд хаант Монгол Улсын Ерөнхий сайд Сайн ноён хан Намнансүрэн 1913 оны үед Дунд голын урд бариулсан хоёр байшингийн нэг нь энэ аж. 1916 онд Намнансүрэнг өөд болсны дараа энэхүү сууцыг Сангийн яамны мэдэлд өгч, Зөвлөлтийн мэргэжилтэн, сургагч Козин тэнд ажилладаг байсан учир "өндөр" гэж нэрлэгдэх болжээ. 1920-иод онд гамингууд Богд хааныг 50 гаруй хоног энд хорьж байсан гэдэг. Монголын хувьсгалчид ч мөн эл байшинд хоригдож байсан түүх бий. XX зууны эхэн үед энэ байшинг барьсан бөгөөд барилгын гол материал шавар, мод гэнэ. Тухайн үедээ их л гоё барилгын тоонд ордог байсан агаад цонх, шат, дээврийн доод талаар үндэсний хээ угалз бүхий гоёл хийсэн байжээ. 1921 оны аравдугаар сарын сүүлээр дотор, гадна талд нь тэр үеийн төр засгийн удирдагчид, төлөөлөгчдийн хамт авахуулсан зураг түүхийн архивт хадгалагдан үлдсэн байдаг. "Гоожингийн өндөр" хэмээх эл барилга өдгөө Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газрын хамгаалалтад байдаг.