logo
Эдийн засгийн алуурчны төгсгөл

Эдийн засгийн алуурчны төгсгөл

2012/07/27
Монгол улс яг л дайнд нэрвэгдсэн улс шиг тарчлан байна. Монгол улсын тусгаар тогтнол, аюулгүй байдал 100% алдагдаж, гадныхны нүдний харцаар Монголын эдийн засаг хөдөлж, эрх мэдэлтнүүдийн тансаглал дор Монголын ард түмэн амьдралаа зовлонд унагаж нэг насаа барж байна. Монгол хүн та муу муухайг хүснэ гэж үү? Эх орноо худалдагдхаас нь өмнө, сүүлийн гол ширгэж дуусахыг үзэн цангаж үхэхээсээ өмнө, сүүлийн сөөм газар дээр атга будаа цацан өлсөж үхэхээсээ өмнө та ухаараач.

Гадныхны гар хөл болсон дотоодын луйварчид элэг нэгтнүүдээ, эх орноо ёстой нэг түйвээж байна. Монгол улсын газар нутгийг, өнгөтэй өөдтэй бүхнийг утсгаж сүйтгэж, зөөсөөр өнөөдөр бид хоосорлоо. Ядарсан ард түмэн, сүйрсэн улс оронтой болох тэр цаг ойртсоор л. Хэн Монгол орны газар нутгийг ухаж төнхөөд, бүтээн байгуулалтыг нь устгаж нураагаад, хүн ардыг нь хуурч мэхлээд байгааг ард түмэн мэдэж байгаа. Гадны эдийн засгийн алуурчдын хөлсний цэрэг болсон Монголын эрх баригчид цөөвөр чоно адил эх нутгаа там болгож байна. Тэдэнд өрөвдөх хайрлах өр нинжин сэтгэл, өршөөж хэлтрүүлэх уужим ухаан гэж байхгүй ба байгаа бүхнийг нь хуу хамах, олдсон бүхнээ өөртөө наах гэсэн хумхай сэтгэлтэй хүмүүс.

Сүүлийн 22 жилд Монгол улсын эдийн засгийн аюулгүй байдал, эдийн засгийн тусгаар тогтнол, эдийн засгийн биеэ даасан байдал бүрэн алдагдлаа. Монгол улсын засгийн газар, УИХ, Монгол банк ажлаа хийж чадахгүй байгаа учраас Монголын эдийн засаг бүр мөсөн сүйрч араасаа ажилгүйдэл, ядуурал гэх мэт нийгмийн сөрөг үзэгдлүүдийг дагуулсаар байна. Эдийн засгийн алуурчидтай нийлсэн дотоодын луйвахчид уул уурхай, банк санхүү, нийгмийн халамж, хувийн хэвшил гээд улс орны бүхий л салбарыг үндсээр нь устгаж байна. Тэд Монгол улсын хөгжлийг, Монгол хүний аз жаргалыг булааж байна. Одоо тэгээд яах вэ Монголчуудаа бид бүгдийг мэдэж байгаа мөртлөө үүний эсрэг юу ч хийхгүйгээр өдөр хоногийг өнгөрөөсөөр байх уу.

Монголын өөдтэй өнгөтэй гэсэн үйлдвэр, аж ахуйн нэгжүүдийг бүгдийг нь чөлөөт зах зээл, хувийн өмч гэсэн нэрээр халхавчлан хувьчилсан байдаг. Өмч хувьчлал тийм ч шударга явагдаагүйг олон баримтаас харж болно. НИК, Чингис зочид буудал, Алтан тариа, АПУ гээд л ар араасаа хөвөрсөн олон үйлдвэр компаниудын хувьчлал хэн нэг эрхмийн халаасанд луйврын аргаар орсон гэдэг. Өмч хувьчлал руу бүр нарийн орвол бөөлжис хүрч, дотор муухай оргимоор баримтууд зөндөө бий. Үнэндээ өмч хувьчлал нэрийн дор асар том хулгай дээрэм явагдсан юм.

Төрийн бүх зохицуулалтуудыг алга болгож, Монгол улс стратегийн ач холбогдолтой хүнсний болоод бусад бүтээгдэхүүний үйлдвэрүүдээ хувьд гаргаж хаясан. Үүний үр дүнд талхны болоод шатахууны үнэ яаж өсөж галзуурч байгааг та бүхэн мэдэж байгаа байх. Монгол шиг үнийн өсөлт нь дураараа авирлагчдын гарт байдаг улс орон Африкт л байгаа байх. Бүхнийг чөлөөт өрсөлдөөн гээд л хаячихна, ард түмэн эцэг эхгүй хүүхдүүд шиг шоовдорлогдоно. Хоёр нам миний шатахуун түгээх станц үнээ нэмээгүй, чинийх нэмсэн гэж ичих ч үгүй ярьж байгааг та зурагтаар харсан биздээ. Ерөөсөө энэ эрх баригч хоёр нам Монгол улсыг ард түмэнтэй нь хамт хоёр хуваагаад авчихсан юм биш үү. Ард түмнийг хувалз мэт сорж, зад хошгируулаад, хэмх хулхидах л хоёр намд хамгаас чухал. Цайны ганц гэдэг шиг өөр чадах зүйл тэдэнд үнэндээ байхгүй л дээ хөөрхий. Гадны эдийн засгийн алуурчдын хожлын хөзөр нь манай Монголын улс төрийн намууд ба түүний амьгүй албатууд болжээ.

Дараа нь чөлөөт эдийн засагчид жижиг дунд үйлдвэрийг хөгжүүл, энэ л Монгол улсын хөгжлийн гарц гэдэг ухуулга явуулсан. Ингээд засгийн газраас жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих жил гэгчийг хүртэл зарлан байж, эх орноороо жижиглэнгийн хөдөлмөрчин болох холын аянд гарсан даа. Гаднаас ч зөндөө зээл тусламж авлаа, ард түмний татварын мөнгийг ч чамгүй зарцууллаа үр дүн нь ердөө гардаггүй. Аргагүй шүү дээ жижиг дунд үйлдвэр нэртэй Хятадын үйлдвэрлэлийг дэмжих л бодлого явсан юм чинь. Өнөөдөр Монгол улсад 66491 жижиг дунд үйлдвэрлэл явуулдаг аж ахуйн нэгжүүд байна, даанч нэг нь ч гадны зах зээлд гараагүй. Жижиг дунд үйлдвэрээр хөгжсөн орон дэлхий дээр нэг ч байдаггүйг Монголчууд бид анзаарсангүй, бусдыг дагаж намираад жижиг дунд үйлдвэрт баахан ашиггүй хөрөнгө оруулалт оруулаад тэгээд энэ төсөл дампуураад дууссан. Үр дүнд нь их өр үлдсэн. Арга ч үгүй шүү дээ энэ чиглэлд оруулсан зээл тусламжийн 90 гаруй хувийг эрх баригчид өөрсдөө халааслаад үлдсэнийг нь иргэдэд өндөр хүүтэйгээр өгөөд банкны хүүгээр буцаагаад авчихсан юм чинь. Ингээд арилжааны банкнуудын халаасанд 2700000 иргэнээ тушаачихсан юм.

Үүний дараагаар Монгол улс уул уурхай хэмээх гайхамшигтай сайхан зүйлтэй учирсан. Эрх баригчдад асар их мөнгө, бас дахин мөнгө, унтсан ч сэрсэн ч мөнгө харагдаад мөнгөнөөс өөр бодох зүйлгүй боллоо. Оюутолгой, тавантолгойг яаж өөрт ашигтайгаар зарах вэ гэсэн ганцхан бодол хамтарсан засгийн газрын алтан зарчим болж, ашгүй нэг юм Оюутолгойг гадныханд хямдхан наймаалчихаад хоёр намынхан бод идсэн боохой шиг болов. Үнэндээ эдийн засгийн алуурчдад нээлттэй, чөлөөтэй эдийн засгийн бодлого хамгийн таатай орчин нь юм. Яг л голын эрэг дээр олзоо хүлээн буй загасчин шиг ядуу буурай орнуудыг өлөн нүдээр ширтэнэ. Одоо ч гэсэн хэзээ миний дэгээнд Монгол орох бол гэж хаа холоос шүлсээ савируулан суугаа даа. Тэдний хамгийн үнэнч шадар туслахууд нь Монголын бирд сэтгэлтэй, хувиа бодсон мэдлэггүй, эх орноо хэзээд худалдахад бэлэн улс төрчид юм.

Эдийн засгийн алуурчдын заавраар сүүлийн 22 жил явсан Монголын улс төрчид эх орноо лиценз нэрээр худалдаж, ард түмнээ өрөнд барьцаалж, харин өөрсдөө гадны оронд үнэтэй байшинд заларчихаад, гэр бүлээ дагуулан Монголын өвөл хүйтэн шүү хэмээн баярхаж сууна. Өнөөдөр Монгол улс нийт 10,9 тэрбум ам долларын гадаад өртэй болчхоод байна. Зөвхөн 2008-2012 оны хооронд буюу дөрөвхөн жилийн дотор 8,8 тэрбум ам долларын гадаад өрөнд ард иргэдээ унагаажээ. Монгол улсын нийт гадаад өрийг 2700000 иргэнд хувааж үзвэл нэг хүнд 4000 ам долларын гадаад өр ноогдож байна. Ард иргэдээ өрөнд унагасан эрх баригчдыг одоо яах вэ.

Монгол улсын 10.9 тэрбум ам долларын гадаад өрний бараг 70% нь хувийн хэвшилд ноогдож байгаа ч, Монголд аж үйлдвэрийн нэг ч төсөл хэрэгжээгүй шүү дээ. Олон улсын түвшинд гарах чадвартай нэг ч компани Монголд алга. Бандааш, оймсоо ч хийж чадахгүй байгаа үндэстэн 21-р зуунд байж болох уу. Монгол улсын нэг хүнд 4000 ам долларын гадаад өр ноогддог. Та төрөхдөө өртэй, амьдрал тань нил өр, үхэхдээ бас өртэй. Нэг л өдөр Монгол улс өрөө дарж дийлэхгүй учраас хоосон хүний хоёр чихийг ав гэдэг шиг байгаа ганц зүйл болох газар нутгаа өгөх л дутаад байна.

Улс эх орныхоо баялгийг гадныхантай нийлж худалдчихаад олсон мөнгөө гадны банкинд хадгалуулчихна. Ёс суртахуунгүй, дураараа авирлагч төр засаг ард түмнийхээ эд хөрөнгө, баялаг, хөдөлмөрийг бодлогын хүү нэрийн дор, инфляцаар хулгайлан авдаг. Яг л өнөөдрийн Монгол банк, Монгол улсын засгийн газар шиг.

Таны цалинг, таны хөдөлмөрийг, таны хоногийн хоолыг инфляци хэмээх тороор булаан авч байна шүү дээ.  Монголын төр дэндүү ёс суртахуунгүй авирлаж ард түмнээ 20 жил яс арьс болтол нь шуллаа. Инфляци гэсэн үгээр өөрсдийн алдаагаа хаацайлах гэж оролдох ба олигархууд өөрсдийн хувийн бизнесээрээ ард түмнийг шулна.

Монгол хүнийг банкны хүүгийн боолчлолд оруулж галзуурмаар өндөр хүүтэй зээл нэртэй луйвраар ард түмний баялгийг, хөдөлмөрийг юу ч үгүй ховх сороод гадны банкинд түүнийгээ тушаачихна. Монгол улсад эдийн засгийн өсөлт байгаад байдаг харин ард түмний амьдрал сайжирдаггүйн учир нь Монгол улсын эдийн засгийн өсөлтийн үр шимийг гадны эдийн засгийн алуурчид ховс сороод авчихна. Монгол улс 100 доллар оллоо гэж бодоход 90 доллар нь таны үр хүүхдийн ирээдүй, Монгол улсын хөгжил, цалин тэтгэвэрт биш гадны орны хөгжилд зарцуулагдана гэсэн үг. Эдийн засгийн ямар ч хөгжил гарлаа гэсэн тэр хөгжил нь гадагшаа урсаад байдаг.

Монголын ард түмний хөдөлмөрийг сорж, орлогыг хумсалж байгаа гадны эдийн засгийн алуурчид болон тэдэнтэй хань хамсаатан болсон дотоодын луйварчдын бузар үйл ажиллагааг нэн даруй таслан зогсоох хэрэгтэй. Үүний тулд эх орноо гэсэн сэтгэлтэй Монголын иргэн бүр тэмцэж, зүтгэх ёстой. Эдийн засгийн алуурчид Африк тивийг ямар болгосоныг та бүхэн мэдэж байгаа биздээ. Өнөөдөр Африк тивийн хэдэн зуун сая хүн хатсан тал, халуун нарнаас өөр зүйлгүй болжээ. Гэхдээ Монголын ард түмэн хэзээ ч эдийн засгийн алуурчдад эх орноо сүйтгүүлж, элэг нэгтнүүдээ доромжлуулахгүй. Эх орныхоо төлөө бид эцсийн амьсгаагаа хураатал тэмцэх болно.

Эх орон тань хямарч, сүйрч, элэг нэгт ард түмэн тань ядарч зовж байна.

Эх орноо гэсэн уужим сэтгэлтэй Монгол хүн та хаана байна вэ?

Монгол хүний саруул ухаан уужим сэтгэл яг одоо сэрж байна. Алдсан бүхнээ буцаан авч, утсгуулсан бүхнээ сэргээн босгож, уруудсан бүхнээ өөдлөн дэвжүүлэхийн төлөө Монголын ард түмэн сэрж байна. Одоо хангалттай хэмээн эрх баригчдыг эцсийн замд нь үдэж, бузар муухай бүхнийг таягдан хаяж Шинэ Монголыг бүтээхийн төлөө сэрж байна.

Д.Санчир
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш