logo
УИХ-ын даргын дэргэд “Залуучуудын хөгжил” хариуцсан орон тооны бус зөвлөх ажиллах нь

УИХ-ын даргын дэргэд “Залуучуудын хөгжил” хариуцсан орон тооны бус зөвлөх ажиллах нь

2012/07/28
УИХ-ын дарга З.Энхболд өнөөдөр Монголын Залуучуудын Холбооны ерөнхийлөгч А.Мөнхбатыг хүлээн авч уулзжээ. Уулзалтын үеэр өнгөрсөн 5-р сард Монголын Залуучуудын Холбооноос санаачилан байгуулсан УИХ дахь “Залуучуудыг дэмжих лобби бүлэг”-ийн эрх зүйн зохицуулалтын тухай, цаашид үйл ажиллагааг нь эрчимжүүлэх талаар ярилцсан байна.
Энэхүү УИХ дахь “Залуучуудыг дэмжих лобби бүлэг”-т тухайн үед УИХ-ын 49 гишүүн албан ёсоор нэгдээд байсан бөгөөд сая болж өнгөрсөн УИХ-ын ээлжит сонгуулийн дараа тэдгээр эрхэм гишүүдээс УИХ-д 27 гишүүн нь эргэн сонгогдоод байгаа. Шинээр сонгогдсон цөөнгүй гишүүд энэхүү лобби бүлгийн үйл ажиллагааг дэмжин оролцож, нэмэгдэн элсэхээ илэрхийлсээр байгаа ажээ.
Мөн уулзалтын үеэр “Монгол Улсын төрөөс залуучуудын талаар баримтлах бодлогын баримт бичиг”-ийг боловсруулан УИХ-аар батлуулах тухай, түүнчлэн хэлэлцэгдэж байгаа хуулийн төслүүдэд залуучуудын дуу хоолой саналыг тусгуулах, шаардлагатай хуулийн төслүүдийг залуучуудын дунд хэлэлцүүлэн боловсруулах, түүнийгээ УИХ-д өргөн барьж шийдвэрлүүлэх талаар онцгойлон ярилцсан байна. Үүний тулд “Монголын залуучуудын үндэсний чуулган”-ыг энэ ондоо багтаан зохион байгуулахад УИХ-ын зүгээс дэмжих хамтран ажиллахыг МЗХ-ны ерөнхийлөгч А.Мөнхбат УИХ-ын даргаас хүсээд, тус чуулганаар залуус дээрх бодлогын баримт бичгийг боловсруулахад болон залуучуудын нийгэм, эдийн засгийн талаар тулгамдсан асуудлуудынхаа талаар нээлттэй ярилцах боломжтой талаар танилцуулсан аж.
Мөн УИХ-ын даргын дэргэд “Залуучуудын хөгжил” хариуцсан орон тооны бус зөвлөх ажиллуулах тухай асуудал ч хөндөгдөж, тодорхой шийдэлд хүрч чадсан байна.
МЗХ-ны ерөнхийлөгч А.Мөнхбат уулзалтын үеэр өмнө нь Монголын Хувьсгалт Залуучуудын Эвлэлийн гишүүдийн татвар болон, хандив тусламжийн хөрөнгөөр барьсан залуучуудын барилга байгууламж, үл хөдлөх хөрөнгүүдийг эргүүлэн МЗХ-ны нэр дээр шилжүүлж, тэдгээрийг цаашид монголын залуучуудынхаа хөгжил, сурч боловсрох боломж нөхцөлд нь тус нэмэр болох байдлаар ашиглах зайлшгүй шаардлагатай байгаа талаар УИХ-ын даргатай санал бодлоо солилцжээ.
Ийнхүү УИХ-ын дарга З.Энхболд шинэ ажлаа аваад удаагүй байхдаа МЗХ-ны удирдлагыг хүлээн авч уулзаж, цаашид залуучуудыхаа дуу хоолойг сонсож, тэдний эрх ашгийг хангах хуулиудыг гаргахад идэвхитэй дэмжин ажиллахаа илэрхийлсэн байна.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш