logo
Ө.Энхтүвшин: Зөвшилцөж чадвал Цэцийн шийдвэр хүлээхгүйгээр хуралдаа сууна

Ө.Энхтүвшин: Зөвшилцөж чадвал Цэцийн шийдвэр хүлээхгүйгээр хуралдаа сууна

2012/07/28
Шинээр томилогдсон УИХ-ын дарга З.Энхболдын санаачлагаар өнөөдөр Монгол ардын намын удирдлагын төлөөлөл Төрийн ордонд хүрэлцэн ирж, УИХ-ын даргатай уулзлаа. Уулзалтад МАН-ын шинээр томилогдсон дарга, УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин, мөн МАН-ын удирдах зөвлөлийн гишүүн, УИХ-ын гишүүн Ц.Нямдорж нар ирсэн бөгөөд уулзалтын дараа МАН-ын дарга Ө.Энхтүвшинээс цөөн асуултад хариулт авлаа.

-УИХ-ын даргатай зөвшилцөлд хүрч чадсан уу. МАН-ын байр суурийг бичгээр танилцуулсан гэсэн?
-Бичиг өгсөн зүйл байхгүй. Аль эрт өгчихсөн. Хэд хэдэн бичиг өгсөн. МАН төрийн ажлыг гацаахгүй. Гацаах ч эрх байхгүй. Хуулийнхаа дагуу явах ёстой гэж олон удаа хэлсэн. Лхагва гарагт чуулганаа хийнэ гэж хурал даргалагч Д.Дэмбэрэл дарга шийдвэр гаргачихсан байсан. МАН-ын бага хурал мягмар гарагт эхэлсэн. Зөвшилцлийн бичгээ өгөөд хуралдаа орж УИХ-ын дарга, байнгын хороодоо байгуулна гэж бичгээ өгсөн. Гэтэл биднийг хүлээхгүйгээр мягмар гарагт УИХ-ын дарга сонголоо гэж бужигнаж эхэлсэн. Энд хоёр хуулийн зөрчил гарсан. Эхнийх нь бол нэг талаасаа бичгээр тавина, нөгөөх нь бичгээр хариулт өгнө. Тэр бичиг дотор ямар зүйл бичсэн байх нь хамаагүй. Энэ бичгийг зөвшилцөл гэж хэлдэг. Нөгөө талаар хуралдааныг хамгийн насаар ахмад нь даргална гэж байдаг. Насаар ахмад хүн даргалахгүй бол яах вэ гэдэг нь хуулинд байхгүй. Д.Дэмбэрэл дарга байсаар байхад Л.Цог гэж хүнээр даргалуулж хууль зөрчсөн. Анхнаасаа зөрчилтэй байна, хууль зөрчөөд эхэлсэн учраас цаашид УИХ-ын ажил хүндрэлтэй болно. Ойлголцол алга гэдгийг хэлсэн. Бид сая уулзахдаа энэ асуудлыг ярилцлаа. МАН-ын хурал дууслаа. Бид бичгээ өгнө. Хуралдаа бэлэн байна. Гэхдээ бүх зүйл хуулийн дагуу байх ёстой. Гацаахгүй ээ.

-МАН-ын бүлэг байгуулах боломжгүй болж байгаа юм биш үү?
-Тийм зүйл байхгүй. 24 цагийн дотор багтаад Үндсэн хуулийн цэцэд хандчихсан байгаа.

-Үндсэн хуулийн маргаан биш гэж зарим хуульчид тайлбарлаж байгаа шүү дээ?
-Мэдэхгүй. Шийдвэр гаргадаг газар нь шийдвэр гаргаад хариуг өгөх байх.

-Өвөрхангай аймгийн нэр дэвшигчдийн асуудал яригдсан уу?
-Ярьсан. Өвөрхангай аймгийн хоёр мандатын талаарх шүүхийн шийдвэрийг түргэвчилж хоёр гишүүний тангарагийг өргүүлэх хэрэгтэй байна. Та УИХ-ын даргаар сонгогдсон бол энэ асуудалд онцгой анхаарал хандуулаад өгөөч гэж хэлсэн. Мөн Архангай, Өвөрхангай, Хэнтий, Улаанбаатар хотын Сүхбаатар, Чингэлтэй дүүргүүдийн тооллогыг гараар явуулах талаас нь анхаарах хэрэгтэй байна гэдэг байр суурийг илэрхийлсэн. УИХ-ын дарга онцгой анхаарч хамтарч ажиллана гэсэн. Энэ гурван асуудлыг шийдвэрлэх  хоёр талын ажлын хэсгийг гаргахаар тохирлоо.

-Цэцэд гомдол гаргаж байгаа нь Үндсэн хуулийн ямар заалттай холбогдож байгаа вэ?
-Хууль дээдлэх гэж зарчим байгаа.

-Маргаан үүсгэхгүй бол дараагийн гарц нь юу вэ?

Сайн мэдэхгүй юм. Тэр бол цэцийн асуудал.

-МАН-ын бүлэг хэзээ байгуулагдах вэ. МАН Цэцийн шийдвэрийг хүлээж байгаа гэсэн үг үү?
Ажлын хэсэг эхлээд гарч байна. Ойрын хугацаанд ойлголцож чадвал Цэцийн шийдвэрийг хүлээх хэрэг алга. Бид зөвшилцөх ёстой. Өөр ямар ч арга байхгүй. Ард түмний сонголт байгаа. Аль нь ч олонхи болоогүй шүү дээ. Нэг нь 31 суудалтай, нөгөө нь 27 суудалтай. Хоёрыг нь тангараг өргүүлээгүй. Нөгөөх нь 11 суудалтай. Аль нь ч олонхи болоогүй тохиолдолд зөвшилцөж, ойлголцож ажлаа явуулна. Үүнийг ард түмэн хүлээж байгаа.
-Эвсэл байгуулж, олонхи нь Засгийн газар байгуулсан нь хууль бус гэж танай нам үзээд байгаа юм уу?
-Хоёр зүйлийг дээр хэлсэн. Зөвшилцөл явагдаагүй. Хуулийн дагуу бусад намтай зөвшилцөнө. Хуульд бол заримтай нь, эсвэл аль нэгтэй нь зөвшилц гэсэн заалт алга. Зөвшилцөл заавал бичгээр хариу аваад дуусах ёстой. Эв эрүүл, саруул ахмад настай хүн нь ордонд байсаар байхад тэр хүнээр бус дараагийн хүнээр нь хурал даргалуулсан.

-Төрийг удирдах үйл хэрэгт танай нам яагаад идэвхи муутай байна вэ?

-Хамгийн их санаачилга гаргах ёстой нь олонхи болсон бол тэр хүчин байдаг. Олонхи болоогүй бол хамгийн их суудал авсан хүчин хамгийн их санаачилга гаргадаг. МАН санаачилгатай хандаж байгаа. Хамгийн гол нь хуулийн дагуу явах ёстой. Бид гацаагаагүй. Та нар яагаад заавал манайхыг буруутай болгож яриад байгаа юм бэ. Бичгийг авахад хэдхэн цаг байсан. Бид бичгээ бэлэн болгочихсон байсан. Тэрнийг хүлээхгүйгээр УИХ-аа байгуулж эхэлсэн шүү дээ. Энэ даргыг хүлээн зөвшөөрөхөд хэцүү болно. Энэ хооронд гарсан бүх шийдвэрийг хүчин төгөлдөр гэж хэлэхэд хэцүү байна. Энэ утгаараа хуулиа дээдэлье гэж хэлсэн.

-Гар аргаар  тоолох хэрэг байна уу. Гишүүд нь бүрэн эрхээ хэрэгжүүлээд тангарагаа өргөчихсөн биз дээ?
-Гар аргаар тоолно. Үнэхээр маргаангүй бол цаашаа хэвийн явна. Дээр нэр дурьдсан аймгуудад гар аргаар тооллого хийгээд бүх хэвлэл мэдээлэл тойрч байгаад хяналт хийх ёстой. Ерөнхийлөгчийн сонгууль энэ машинаар явах учраас иргэдэд итгэл төрүүлэх хэрэгтэй. Үнэхээр гар аргаар тоолсон тоо, машинтай тэнцүү байвал бид болон маргаантай гэж хэлээд байгаа хүмүүс мэдэгдэлээ хийе. Машинд эргэлзэх хэрэггүй гэдгийг хэлнэ. Эргэлзээтэй байвал сонгуулийн дүнг хүлээн зөвшөөрч чадахгүй биз дээ. Бүх хэсэг дээр гараар тоолно гэж бид хэлээгүй.

-УИХ-ын даргыг томилох асуудлыг дахин эргэж ярих юм уу?
-Энэ асуудлыг эргэж дахин ярилцана. Одоо ярьж байна. Өнөөдөр ингэж уулзаж байгаагийн гол утга учир нь Цэцийн шийдвэр хүлээхгүй наана нь бушуухан ойлголцох боломж байна уу гэдэг талаар санал солилцлоо.

Б.Өнөртогтох /http://www.mminfo.mn/
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш