logo
Жимс, самар түүхэд хорио тогтоосон газар одоогоор байхгүй

Жимс, самар түүхэд хорио тогтоосон газар одоогоор байхгүй

2012/08/03
Ойн газрын Ойн нөөц, ойн хамгааллын хэлтсийн Ойн хамгааллын албаны дарга Б.Ганзоригоос зарим зүйлийг тодрууллаа.

-Энэ жил хортон шавьж устгах химийн бодисыг хэдэн га газарт цацах вэ?
-Ойн хөнөөлт хортон шавьжтай тэмцэх ажлыг 150 мянган га талбайд явуулахаар төлөвлөсөн. Энэ нь хоёр дахин бага болсон. Яагаад гэвэл хөнөөлт шавьжийн тархалт болоод голомт нь нэлээд хумигдсан юм. Дээрх бодисуудыг тухайн шавьжийнхаа ерөнхий биологийн онцлогоос хамаарч цацдаг. Харин хугацааны хувьд зуны гурван сард уг ажлыг хэрэгжүүлдэг. Энэ жилийн хувьд тавдугаар сараас зургаан сарын хооронд ихэнх ажилууд хийгдээд ерөнхийдөө дуусаад байна. Харин Баянхонгорын Эрдэнэцогт суманд энэ жил хийгдээгүй байгаа юм. Бусад ажлууд наймдугаар сарын 15-наас хийхээр төлөвлөсөн.

-Энэ жилийн хувьд хэдэн төрлийн бэлдмэл бодис хэрэглэж байна?

-Гурван нэр төрлийн бэлдмэл бодис хэрэглэсэн. Үүнд тиахлорпидын хоёр хувь, мөн 0.5 хувийн бодисын уусмал, энтонодоксин гэсэн Монгол улсад үйлдвэрлэсэн бактерийн эсрэг бэлдмэл, имамактин бинзот зэрэг бэлдмэлийг хэрэглэж байгаа. Харин хэмжээний хувьд бактерийн бэлдмэл 15 тонн, нөгөө хоёр нь тус бүр 12 тонн. 150 га талбайд цацахаар төлөвлөсөний 84-85 мянган га талбайд хийгээд байна. Үлдсэн газарт химийн болон бактерийн бодис ашигладаггүй технологийг хэрэглэхээр болсон. Энэ нь Өрөөсгөл хүр эрвээхэйн голомттой бүс нутгийн үрийг түүж устгадаг юм.

-Химийн бодис ашиглахгүй дээрх аргыг аль нутгаар хэрэглэж байна вэ?
-Баянхонгор аймгийн Эрдэнэбулган, Тариалан, Архангайн Хайрхан, Эрдэнэмандал гэх суманд хэрэглэж байгаа. Эдгээр аймаг нь Өрөөсгөл хүр хорхойн голомттой гэж батлагдсан.

-Иргэд жил бүр жимс, самар түүдэг яг энэ үед хортон шавьж устгах ажил өрнөдөг?
-Хорио цээр тогтоох ажил улс даяар явагддаггүй. Харин зөвхөн энэ ажлыг хийж буй тухайн нутаг дэвсгэрт л тогтоодог. Жишээлбэл нэг сумын нутагт гэхэд тодорхой нэг баг цаашлаад уул нуруудын хэмжээнд буюу таваас арван мянган га талбайд тэмцэлийн ажил явуулдаг. Тиймээс энэ нутаг дэвсгэрт л хорио тогтоодог гэсэн үг юм. Харин бусад орон нутагт самар, жимс түүх нь хууль дүрмийн дагуу явагдана.

-Ер нь хорио цээр тогтоох хугацаа хэр олон хоног үргэлжилдэг вэ?
-Энэ хугацаа 30 хоног байдаг.

-Одоогоор хорио цээр тогтоосон нутаг дэвсгэр байхгүй гэсэн үг үү?
-Өнөөдрийн байдлаар хорио цээр тогтоосон газар байхгүй.

-Монгол орны нутаг дэвсгэрт өнөөдрийн байдлаар асаж буй ой хээрийн түймэр байна уу?
-Байхгүй. Хариуцлагатай жижүүр ажиллаж байгаа учраас ой хээрийн түймрийн тухай мэдээг нэгтгэн дүгнэдэг. Харин унтраах ажлыг Онцгой байдлын ерөнхий газар хариуцан ажилдаг. Энэ хаврын хувьд урд жилүүдтэй харьцуулахад нэлээд түймэртэй байна. Хөвсгөл аймгийн хойд талын гурван сум, Чандмань-Өндөр, Ханх, Цагаанүүр, Эрдэнэбулган гэсэн сумдуудад нэлээд хэмжээний талбай хамарсан түймэр гарсан. Мөн Булган аймгийн Сэлэнгэ, Энхтолгой болон Түшиг, Цагаан нуур гэсэн залгаа сумуудад түймэртэй байсан.

-Энэ жилийн хохиролын хэмжээг тооцоолсон уу?
-Албан ёсоор хохиролын хэмжээ гарж ирээгүй байна. Хохиролын хэмжээ тогтоодог дүрэм, журам гэж бас байдаг. Үүнийг сум орон нутгийн удирдлагууд голчлон хариуцах үүрэгтэй.

Э.Цолмон
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш