logo
Улстөрийн “хеликобактери”

Улстөрийн “хеликобактери”

2012/08/03
Хеликобактери гэдэг нь ходоодны хавдар, шархлаа үүсгэдэг айхтар эд юм гэнэ лээ. Наанадаж хүн амьтны нүүр царайн дээгүүр муухай юм гаргаад, цаашаа буглаж идээлүүлээд, бүр цаашилж хоолны савгүй болгодог эд гэж байгаа. Тэгвэл Монголын улстөрд Ардын нам л жинхэнэ хеликобактери болоод байна даа.  Уг нь монголчууд та нар 90 жил Монголын төрийг дангаараа эзэгнэлээ, энэ удаад чаддаг юм бол хүчтэй сөрөг хүчин болоод үзэхийг “санал болгосон” ухаантай юм.  Харин тэд нэг намын дангаар захирах урлагаа чинээнд нь тултал хөгжүүлэх гээд юун сонгууль, юун сөрөг хүчин гэцгээж байна.  Ард түмэн гэж хэн юм бэ гэж басч байна. Улстөрийн ууган хүчин гэж МАН-ыг нэрлэдэг байв. Одоо энэ нэр нь хүнддэж мэдэхээр болчихлоо. Айлын ууган хүү хамгийн ухаантай, буурь суурьтай, ноён нуруутай, үлгэр жишээ байж гэмээнэ дүү нар тэгж хүмүүжинэ. Харин увайгүй, тавьтаргүй, архичин, тэнүүлчин, хэрүүлч заргач, худалч, хулгайч байвал дүү нар нь тийм л байна. 90 жил гэдэг түүхийн урт хугацаа. Энэ хугацаанд МАН-д алдсан, оносон юм бишгүй их. Сүүлийн 20 жилийн хугацаанд харин энэ намын алдсан нь оносноосоо хавьгүй их болоод байх шиг. Өөрөөр хэлбэл, МАН-ын нүүрэн дээгүүр нь жижиг улаан гөвдрүүнүүд туурч, тэр нь сэдэрч эхлэв. Хеликобактерийн анхны шинж тэмдэг. Бага хурлын гишүүд эмч нарын зөвлөгөөн зохион байгуулж, тэр муу бактерийг устгах гээд чадалгүй, хугацаа нь дууссан хуучин вакцин шахчихсан.  Вакцин ямар ч үр дүнгээ өгсөнгүй. Ах нарт нь хийгээд үлдсэн шавхрууг нь дүү нарт нь хийчихсэн болохоор үйлчилгээ нь тун тааруу байгаа бололтой юм. С.Батболдынхыг Ө.Энхтүвшинд, У.Хүрэлсүхийнхийг Г.Занданшатарт тариурынх нь зүүг солилгүй шахчихсан юм чинь. Халдвар авсан уу, яасан дүү нараас нь сонин сонин араншин гарч эхэлдэг байна шүү. Хуулиас дээгүүр алхаж болдог гэдгийг харуулж, тулган шаардаж байгаа асуудлууд нь дэндүү энгийн. Сонгуулийн хуулийг зөрч, Үндсэн хуулийг уландаа гишгэ, ямар ч хамаагүй аргаар шүүхийн шийдвэрийг буцаа гэнэ. Хеликобактери нь шүлс, амьсгалын замаар халдварладаг вирус. МАН-ын үсчүүлсэн шүлс үсэрхийлж халдвар тараахвий гэхээс айж байна. УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хууль, УИХ-ын тухай хууль, тэр тусмаа Үндсэн хуулийг зөрчиж болдог юмаа гээд ил тод зарлаад байхад Сонгуулийн тухай хууль зэрэг ч яамай болж байх шиг. Тийм биш ээ, найзууд аа. Хуулийн дээр хөх тэнгэр л байдаг гэж та нар өөрсдөө ярьдаг, тунхагладаг биш бил үү.  Ардын нам, ардын засаг гэж хэл, хөлд орж байсан бидний эцэг эх, эмээ өвөө нар лав үүнд чинь буруугүй шүү. Ардын нам сонгуульд ялагдсан хоёр дахь түүх маш гашуунаар тэмдэглэгдэн үлдэх нь. Эхнийх нь хорссондоо таван ч Засгийн газрын ар шил рүү хутга зоосон бол хоёр дахь нь эв нэгдлийн Засгийн газарт аймшигтай тулгалт хийснээр эхэлж байна.  Монголчууд сонгууль явуулж эхэлсэн түүхэндээ саналаа худалдах, хулхидуулах, луйвардуулах гэсэн аргуудад л суралцсан. Суралцсан ч гэж дээ, МАН-ынхан сургачихаж байгаа юм чинь. Яг хеликобактери амьсгалын замаар халдварладаг шиг.  Бусад нам, эвслүүдэд ч энэ арга нь халдварласан шүү дээ. Гэхдээ тэд 90 жилийн түүхэн замналтай ах намынхныгаа яаж гүйцэх вэ дээ. Хоншоор дутна. Өнөөдөр Увс, Өвөрхангайд нэр дэвшсэн АН-ынхан хулхидуулчихаад байна гээд байгаа болохоос МАН-ынхны ялалт байгуулсан тойрог бүрт луйвардуулсан ч юм бил үү. Мөнгөний сэм амлалтууд, бэлэн болон бэлэн бусаар, дараа төлбөртөөр сонгогчдын саналыг худалдаад авчихсан баримт сэлтүүд хэвлэлийн хуудаснаа дүүрэн байна. Хеликобактери хүний ходоодны дайсан бол МАН энэ улс орны хөгжлийн дайсан болж хувирах шив. МАН ялагдах бүртээ энэ бактерийг шүлсээр, амьсгалын замаар тарааж, ялагчдын дундуур “хар муур” гүйлгэж, ялах бүртээ Монгол Улсын “ходоод”-ыг вирустүүлж, хөрөнгийг нь хувааж халааслаад сурчихаж. Эрийн цээнд хүрч, юмны наад цаадахыг мэдэхтэйгээ болсон МАН-ын гол өрсөлдөгчид энэ удаад халдвар авчихгүй байлгүй дээ.
Улс төрийн тойм
 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш