logo
МАХН, МҮАН хүн чанарын шалгалтад унав

МАХН, МҮАН хүн чанарын шалгалтад унав

2012/08/08
Монголчууд хүний мөс сайтай гэж гадна дотныхон ярьдаг байсансан. Тэд элгэн садандаа төдийгүй харийнханд ч хүн чанартай загнаж чаддаг байсныг Ардын их хурлын дарга асан Ж.Самбуу гуайн нэгэн түүх харуулдаг. Тийм хүний мөс чанарыг өдгөө Хойд Солонгосын ард түмэн домог болгон дурсдаг гэж байгаа. Чухамдаа 1950 онд Солонгосын дайн эхлэхэд тарж одсон Элчин сайдуудын дунд Ж.Самбуу дарга торойж үлджээ. Тэрбээр, “Би Ким Ир Сенд хань болоод байж байя даа...” гээд байрнаасаа ч хөдлөөгүй байна. Энэ нь Монгол хүний мөс чанар хийгээд монгол эр хүний эр зориг, ноён нурууг илэрхийлсэн түүх болсон юм. Дэлхийн II дайны үед ч Орост байсан Ж.Самбуу гуай дайн, тулааны зовлон зүдгүүрийг мэддэг энгийн бөгөөд эгэлгүй дипломатч, улстөрийн зүтгэлтэн, хүн чанарын үлгэр болсон хүн байжээ.

Өнөө цагт бол Ж.Самбуу агсан шиг хүн чанарын хуйх гаргасан хүнийг галзуу, донгио гэж цоллохоос наагуур болжээ. Тухайлбал, мөнгө зээлүүлсэн хүн тэнэг, зээлээ төлсөн хүн бүр ч тэнэг гэгдэх болсон. Энэ бол бидний энгийн ахуйн хүрээний асуудал. Тэгтэл улстөрийн ертөнцөд хүн чанарын асуудал бүр шаланд унасан. Түүнийг батлах үйл явдал сүүлийн өдрүүдэд үргэлжилж байна.

Ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг гурван өдөр шүүсний эцэст дөрвөн жилээр яллалаа. Гэтэл түүнтэй хүзүү сээрээрээ холбогдчихоод байсан хүмүүс жинхэнэ эрээгүй зан гаргаж байна. Тухайлбал, Мэндсайханы Энхсайхан. Экс Ерөнхийлөгчийг нэгэнтээ “авлигын загалмайлсан эцэг” гэж нэрлэсэн М.Энхсайхан Ардчилсан намынхандаа ад үзэгдэж, гудамд гарчихсан явахдаа Г.Уянга нартай нийлэх болсон. Том улстөрд хөл тавих боломжгүй болж байх үедээ Н.Энхбаяраар өөд татуулсан хүн яах аргагүй мөн. Н.Энхбаяр гэдэг хүний ачаар л М.Энхсайхан одоо Сангийн сайдын суудалд залрах гээд тэсэж ядан хүлээж буй. Энэ л сайдын суудал болох бялуу М.Энхсайханыг сайдын суудал бэлэглэсэн нөхрөөсөө урвах шалтгаан болж байх юм. Үнэн хэрэгтээ МҮАН-хан бүгд Н.Энхбаярын нэрээр УИХ-д сонгогдож, Засгийн газарт квоттой болоод байгаа. Гэтэл Н.Энхбаярыг ял авангуут давж заалдахыг нь ч хүлээж тэвчилгүй “Засаг төрийн ажил үргэлжлэх ёстой...” гэсэн манж үгээр халхавч хийгээд хонины арьс нөмөрсөн чоно байснаа илчиллээ. Сайд болох нь МҮАН-ынхны, М.Энхсайханы мөрөөдөл байж болох ч “Шударга ёс” эвслийн тэргүүнийг яллавал Засгийн газарт хамтрахгүй...” гэсэн тохиролцоо бүхий гэрээ хаачих билээ. Тийм гэрээ үйлдсэн нь өнгөрсөн баасан гаригт тодорхой болсонсон.

Ардчилсан нам, "Шударга ёс” эвслийнхэн лаагаа иднэ үү, луувангаа иднэ үү хамаа алга. Тэд юуны тухай хэрхэн тохирч гэрээ байгуулсан нь үнэндээ сонирхол татахгүй байна. Харин албан тушаал гэрээлчихсэн зорилгоо умартан, алга урвуулахын төдийд зангаа хувиргаж, энэ хүмүүс ард түмний төлөө ажиллаж чадахгүйд л асуудал байна. Сайдын суудлын төлөө нүдээ ухаж өгөхөөс буцахаа байсан тэд нэг л өглөө харийн хэнтэй ч юм нийлээд ард түмнээ шоронд хорьчихоод сууж байж мэдэхээр байгаа биз. Н.Батцэрэг, Г.Уянга, Ц.Цолмон, Ц.Оюунбаатар бүгд л Н.Энхбаярыг ялласанд гүнээ харамсч, шүүхэд найдаж буйгаа хэвлэлээр ярьж байна. Тэд саяхан л Н.Энхбаярт найдаж амьдарч байсан шиг зүй нь одоо Н.Энхбаяр тэдэнд найдаж байгаад итгэлтэй байна. Харин тэр итгэл найдварыг биежүүлэх ёстой хүний мөс чанар гэгчийг гээсэн хүмүүст улс орны эрх ашиг гэж байхгүй нь туйлын үнэн.

Хувь хүн Н.Энхбаярыг шоронд ороход л хувийн далд эрх ашиг нь илэрч байгаа хүмүүст улс орны эрх ашиг гэж байхгүй нь тодорхой, Ц.Оюунбаатар одоо бүр УИХ-ын гишүүний тангараг өргөхийн өвчин болж байна гэсэн. Д.Тэрбишдагва, Ч.Улаан хоёр бол Тэргүүн шадар сайдын суудал руу зодолдоод, Н.Энхбаяр гэдэг дурлалын романсаа бараг л үзэн ядаж байгаа. Хавирга нэвт сийгсэн хаврын улирлын үүрээр Н.Энхбаяр оймстой хөлөө гозолзуулан байж энэ тэнэмэл, гудамжны нөхдийг өнөөдрийн хоолонд нь хүргэсэнсэн. Даанч тэр хүн урваач шарваач, гомдогсод, албан тушаал, эрх мэдлийн төлөө нүдээ ухаж өгөхөөс буцахгүй цоохор цэрэг цуглуулсан байж дээ.

Б.Цэнгэл

Эх сурвалж: unen.mn
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш