logo
16 яамтай байх Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай хуулийн төслийг өргөн барилаа

16 яамтай байх Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай хуулийн төслийг өргөн барилаа

2012/08/15
2012.08.14-ний өглөөний 9.30 цагт Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай хуулийн төслийг УИХ-ын дарга З.Энхболдод өргөн барилаа.
Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчтэй зөвшилцсөний үндсэн дээр Засгийн газрын бүрэлдэхүүнд Монгол Улсын Ерөнхий сайд, Монгол Улсын Шадар сайд болон Монгол Улсын сайд-Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, яамдын асуудал эрхэлсэн сайд зэрэг 19 гишүүн ажиллахаар уг хуулийн төсөлд тусгажээ.
Засгийн газар нь арван зургаан яамтай бөгөөд үүнээс ерөнхий чиг үүргийн дөрвөн яам байх юм байна. Үүнд:
Ерөнхий чиг үүргийн:
1. Байгаль орчин, ногоон хөгжлийн яам
2. Гадаад харилцааны яам
3. Сангийн яам
4. Хууль зүйн яам
Чиглэлийн :
5. Барилга, хот байгуулалтын яам
6. Батлан хамгаалах яам
7. Боловсрол, шинжлэх ухааны яам
8. Зам, тээврийн яам
9. Соёл, спорт, аялал жуулчлалын яам
10. Уул уурхайн яам
11. Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам
12. Хөдөлмөрийн яам
13. Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам
14. Эдийн засгийн хөгжлийн яам
15. Эрчим хүчний яам
16. Эрүүл мэндийн яам
Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай саналыг боловсруулахдаа төрийн бодлого боловсруулах, хэрэгжүүлэх чадавхийг нэмэгдүүлэх, нөөцийг зөв хуваарилах, хариуцлагын тогтолцоог бүрдүүлэх зэрэг асуудлуудыг анхаарч үзсэн гэдгээ Ерөнхий сайд энэ үеэр хэллээ.
Мөн дэлхийд 2-5 сая хүн амтай 37 улс байдгаас Дани, Финлянд, Норвеги, Сингапур, Ирланд, Шинэ Зеланд, Словени зэрэг есөн улсын Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнийг судалжээ. Эдгээр улсуудын Засгийн газар нь дунджаар Ерөнхий сайд, 18 гишүүнтэй байдаг бөгөөд 15 яамтайгаар үйл ажиллагаагаа явуулдаг байна.
Хуулийн төслийг УИХ дахь намуудын бүлэг, Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх юм.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш