logo
Башар Асадын дэглэм задарч байна уу?

Башар Асадын дэглэм задарч байна уу?

2012/08/15
Сирийн ерөнхий сайд асан Риад Хижаб өнгөрсөн долоо хоногт Йордан руу дүрвэн гарсан. Тэрээр Сирийн засгийн газар  санхүү, цэрэг армийн хувьд задран унаж байна гэж хэлсэн  байна. Хижаб Йорданы нийслэл Амман хотноо мэдэгдэл хийх үеэрээ Башар Ассадын  дэглэм улсынхаа газар нутгийн 30 орчим хувийг хянаж байгаа хэмээн онцолжээ.  Мөн тэрээр сөрөг хүчнийхнийг нэгдэн нягтрахыг уриалсан байна.
Хижаб хэвлэлийн хурлын үеэр босогчдын эгнээнд элсэж байгаагаа хэлээд цэрэг арми, улс төрийн  зүтгэлтнүүдэд хандан Башар Ассадын дэглэмийг орхихыг уриалжээ. Тэрээр хэлэхдээ "Египет, Тунисын армийн жишээг дагаж, ард түмнийхээ талд зогсохыг  Сирийн армид уриалж байна" гэжээ.
Хижаб өнгөрсөн долоо хоногт гэр бүлийнхээ хамт Йордан руу дүрвэснээсээ хойш анх  удаа олон нийтийн өмнө мэдэгдэл хийсэн нь энэ юм. Тэрээр Асадын дэглэмээс урвасан хамгийн өндөр албан тушаалын хүн болоод байгаа билээ. Сирид өнгөрсөн оны гуравдугаар сард засгийн газрын эсрэг бослого гарснаас хойш 17 сарын хугацаанд 140000 гаруй хүн Ливан, Йордан, Турк, Ирак зэрэг хөрш улсууд руугаа дүрвэн гарчээ. Мөн идэвхтнүүдийн мэдээлж байгаагаар дайн тулаанаас болж нийтдээ 21000 гаруй хүн амиа алдсан байна. Өнгөрсөн онд Арабын Хавар буюу ардчилал эрх чөлөөний төлөөх бослого тэмцэл өрнөсөн Тунис, Египет, Ливи, Йемен зэрэг улсуудад нөхцөл байдал харьцангуй тогтворжоод байгаа хэдий ч Сири улсад зөрчил мөргөлдөөн, дайн тулаан үргэлжилсээр байна.

Э.АМАР
 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш