logo
Намын дампуурал

Намын дампуурал

2012/08/15
Нам дампуурч байна, энэ улсад.  Тэд зон олноосоо бүүр тасарч, огт дэмжигчгүй, сонгогчгүй болж том дампуурч байна. Тэд нийгмийг манлайлан хөтлөх  чадвар ч  үгүй, мөн эрх ч үгүй болтлоо  ёс зүй, ёс суртахууны их доройтолд орж дампуурч байна. Тэд нийгмийн ухамсар, хөгжил, дэвшлийн  ард холоо хоцорч, номоо тас алдаж, тархи, оюуны хомсдол, хоцрогдолд нэрвэгдэж дампуурч байна. Намын дампуурал, яах бэ, байдаг л зүйл ш дээ.  Харин нам ингэж дампуурснаас болоод  монгол дампуурах гээх зүйл харин огт байж үл болох.
 
Нам дэмжигчгүй, сонгогчгүй болж том дампуурч байна. Арван хоёр оны сонгууль үүнийг ч харин нэг сайн харуулав. Их хурлын 76 суудлын 38-аас олонг дангаар авч, монгол сонгуулийн ялагч болж тодрон гарч чадах улс төрийн хүчин одоогоор энэ улсад лав алга. Нийт сонгогчид болох 1,8 сая хүний  33 хувь буюу ойролцоогоор 600 мянга орчим хүн, бүр тодруулбал, гурван хүний нэг нь сонгуульд оролцсонгүй, саналаа өгсөнгүй. Тэдэнд энэ улсад ардчилсан сонгуулийн дүнгээр төр засгийг байгуулж чадах эсэх нь тийм ч чухал биш аж.  Сонгуульд оролцсон гуравны хоёрынх нь 51 хувийн саналыг цуглуулж чадсан нам, эвсэл алга. Нийлүүлэн хэлбэл, нийт сонгогчдын гуравны хоёроос  ч илүү  олон хүн  одоо байгаа намуудад алийг ч дэмжээгүй гэсэн үг. Эндээс аль ч нам, эвсэл, тухайлбал, саналын  жагсаалтыг тэргүүлэх нам хүртэл олонхийг төлөөлж үл чадна.  Түүнийг дэмжсэн сонгогчдын тоо нийт сонгогчдын гуравны нэгээс бага, түүнийг дэмжээгүй байж болох иргэдийн тоо нийт сонгогчдын гуравны хоёроос цөөнгүй юм.  Олонхийн төлөөлөлгүй намууд эвсэж их хурал, их эвслийн засаг байгуулаад ч энэ олонхийн засаг бус харин цөөнхийн л  юм.  Магадгүй цөөнхийн цөөнхийнх ч байж мэдэх.  Их хурал, засаг ингэж байгуулагдахад олонхи нь цөөн болж, цөөнх нь олонхи болж тунхаглагдана. Энэ нь эцэстээ ардчилалын амин сүнсийг бузарлана. Дүнд нь ардчилалд итгэгсдийн тоо цөөрч, “сонгууль оролцохгүй, саналаа өгөхгүй” гэгчдийн тоо нэмэгдэж ч мэдэх. Арван хоёр оны сонгууль ингэж энэ улсын ардчилалын мөн чанарт аюул учирч буйг ахин нэг сануулав.  Нам иинхүү дэмжигч ч үгүй, бас сонгогч ч үгүй болжээ, энэ улсад.  Энэ нь угтаа намын том дампуурал юм. Энэ дампуурал ч яахав дээ, намынх юм чинь. Харин намын энэ дампуурал төрийн минь ч, улсын минь ч том дампуурал болоод л бүү өрнөчихөөсэй.
 
Нам  ёс зүй, ёс суртахууны гүн доройтолд орж дампуурч байна.  Худалчийн тухай ярихад тэднээс  л тодроод ирэх юм. Том луйварийн тухай хөөрөлдөхөд тэд л холбогдоод байх юм. Авилгачийн тухай  сонсоход  тэднээс л дуулдаад байх юм.  Газар дээрхи баялагын хуваарилалтын шударга бусыг  ярихад бас тэд холбогдоно. Газрын наймаа ярихад тэд л магнайнд нь явах. Газар доорхи баялагын хуваарилалтын шударга бусыг бодоход тэд л олон лицензтэй, гэрээтэй, бас  наймаатай байх.  Өндөр байшинг үзэхэд тэднийх л байх.  Телевизийн суваг солиход тэднийх л  болчих юм.  Хэвлэл, сонин авахад бас тэднийх л байх юм. Хувьцаа ярихад ч, хувьчилал хөөрөхөд ч мөн л тэд яригдах.  “Шударга” шударга ёс бус,  харин “шударга бус” шударга ёс, ер нь муу, муухай, худал хуурмагт нам ингэтлээ гүн  нэвчихэд түүний манлайлах чадвар, бас эрх нь аяандаа алга болчихдог.  Энэ бол “ёс зүй, ёс суртахууны үлгэр байхад л манлайлал байдаг”  лидерийн жам. Лидерийн энэ жамыг  үл тоож, түүнийг зөрчин, зөрчин үйлдэж ирсэн олиггүй олон үйл нь   чухамдаа  намыг  энэ ёс зүй, ёс суртахууны  дампууралд хөтлөөд байна. Ёс зүй, ёс суртахууны энэ дампуурал ч яахав, намынх юм чинь. Харин намын энэ дампуурал улсыг минь,  төрийг минь  ёс зүй, ёс суртахууны хувьд дампууралд л  бүү оруулчихаасай. 
 
Нам мэдлэг, чадвар, ухамсар, ер нь тархи оюуны хомсдол, хоцрогдолд нэрвэгдэж  дампуурч байна.  Намын гишүүн, лидер гэхээр л дарга, сайдыг олонтоо хийсэн гэх сонин гаж, дүр зураг нилээд элбэг байх.  Ид эрдэм ном үзэх насандаа ном бус нам гэсээр дарга болох.  4 жил даргалахад үе тэнгийнхэн, ер нь хөгжил, дэвшлээс 40 жилээр хоцорсон байх нь энүүхэнд.  Мэдлэг, мэдээлэл үнэндээ тун хурдастай өсөж, хэмжээ нь хоногт л бараг 2 дахин нэмэгдэх байна. Ийм хурдац, тийм хурд дунд намынхан л “өөрсдийгөө бүхнийг мэдэгч суперман мэт” бодон  завгүй даргыг завсаргүй хийсээр л цагаас цагт, өдрөөс өдөр хоцорч, эцэст нь, үнэндээ тархи оюуны их хомсдол, хоцрогдолд нэрвэгдэн нийгмийн нэгэн эмзэг давхарга болж төлөвшиж буй нь түгээмэл үзэгдэл, бас тулгамдсан асуудал болж байна, энэ улсын.  Намынхан ингэж хоцрох нь малчин тэгэж хоцрохоос тун их хортой. Тэд чинь сонгуульд амлана. Бас  хөтөлбөр дэвшүүлнэ шүү дээ. Тэд саяын сонгуулиар юу гэж уриалсан, юуг амласан гээч.  Хөтөлбөрийн задлан үзбэл үндэслэлгүй хоосон, хөөсөн гэмээр олон өгүүлбэр тод бичээстэй байх.   “Хүн шиг амьдруулна” гэх шиг. “Тэгш боломж олгоно” гэх шиг. “ 3 цагт нэг үйлдвэр барина” гэх шиг. Бас  “өрөөлийн стандартыг өөрийн улсад бүрэн нэвтрүүлнэ” гэх шиг. “Эх хэл соёлоо Англичилна, Кембрижчилнэ” гэх шиг, “Англи хэлийн албан ёсны хэлээ болгоно” гэх шиг, ер нь юу гэж ч хэлж, ярьж, хэлж мэдэх нээ,  энэ нам.  Уг нь ярих, хэлэх, амлах, бас хөтөлбөр боловсруулах гэдэг учир ухаан шаардах ярвигтай, чухал ажил юмсан. Учир нь “Үндэслэлтэй бүхэн оршдог” юм шүү дээ.  Үндэслэл тооцоо хийе гэвэл харин нам, лам гэхээсээ илүү ном, тархи их хэрэгтэй. Эрдэмтэн хэрэгтэй, судлаач хэрэгтэй, эрдэм шинжилгээний хүрээлэн хэрэгтэй. Гэтэл нам энэ “хэрэгтэй” гэсэн  бүхнийг үл анзаарсан, үл тоосон “суперман”  мэт аяаглаж ирэв.  Дүнд нь нам  “нийгмийн тархи, оюун байх”  чадвараа алдаж, оюуны хомсдолд өртөж, нийгмийн нилээд ард хоцорсон байх.  Энэ нь угтаа намыг тархи, оюуны хомсдол, ухаарал, ухамсрын хоцрогдлын дампууралд хүргээд байна.  Энэ хоцрогдол, хомсдол яахав дээ, намынх юм чинь. Харин намын энэ дампуурал  улсыг ч, төрийг ч ухамсрын доройтол, тархи, оюуны хомсдолд  л бүү оруулчихаасай.  
 
Нам дампуурч байна, монголд. “Ёс зүй, ёс суртахууны үлгэр байхад л манлайлал байдаг”  лидерийн жамыг зөрчин зөрчин тэд дампуурна.  “Үндэслэлгүй зүйл оршдоггүй. Үндэслэл тооцоо хийхэд нам, лам гэхээсээ илүү харин ном, тархи их хэрэгтэй” гэдгийг үл тоомсорлож тэд дампуурна. Эцэст нь, бүр  дэмжигчгүй, сонгогчгүй  болж тэд том дампуурна.  Нам ингэж дампуурах нь ч яах бэ, байдаг л зүйл дээ. Дахиад сайныг нь байгуулж, ихийг шинээр бүтээж болох тул энэ нам ийнхүү дампуурах  тийм ч чухал биш.  Харин намын энэ дампуурлаас үүдэж  монгол минь  харин хэзээ ч дампуурч  үл болох. Энэ бол харин амин чухал зүйл шүү. 
 
Ц.Лувсандорж
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш