logo
Энэ намар тариаланчдад шатахууны хөнгөлөлт үзүүлэхгүй

Энэ намар тариаланчдад шатахууны хөнгөлөлт үзүүлэхгүй

2012/08/16
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Л.Баяртулгатай намар, өвлийн ажлын явцын талаар ярилцлаа.

-Намрын налгар өдрүүд эхэлчихлээ. Улсын хэмжээнд ургац хураалтын ажлыг энэ сарын 15-наас эхлүүлнэ гэж байсан. Энэ жилийн ургацын болц, гарц ямар байна вэ?
-Цаг агаарын онцлогтой уялдуулаад ургацын болц хойшилж байна. Багаар бодоход 10 хоногоор хойшлох байдал ажиглагдаж байна. Ургац хураалтын ажил өмнөх жилүүдэд наймдугаар сарын 20-д гээд эхэлдэг байсан бол энэ жил есдүгээр сарын 1-нээс ургацаа хураах ажил эхлэх төлөвтэй байна. Одоогийн байдлаар эрт ургацын төмс, байцаа бусад хүнсний ногооны түүвэр хураалтуудыг хийж байгаа. Хүлэмжийн ногоог зах зээлд хэдийнэ нийлүүлээд иргэд шинэ ногоо хэрэглэж эхэлсэн. Ургац хураалт хойшилно гэхээр цаг хугацаанд бага зэрэг шахагдана гэсэн үг. Мөн нийт тариалсан талбайн хэмжээ өмнөх жилээс илүү байгаа. Тэгэхлээр бага хугацаанд их ажил хийх шаардлагатай болж байна. Тиймээс ургац хураах бэлтгэлээ маш сайн базааж байж намрын их ажлын ард гарах шаардлагатай.

-Техник, тоног төхөөрөмжийн хүрэлцээ, хангамж хэр байна вэ?
-Манай тариаланчид бэлтгэл ажлаа сайн хангаж байгаа. Техник засварын ажил 85 хувьтай байна. Үүн дээр мэдээж аймаг, орон нутгийн удирдлагууд ургац хураалтын ажлын бэлтгэлд онцгой анхаарах учиртай. Аймгууд эхнээсээ төлөвлөгөө гаргаад ажлаа эхлүүлчихсэн явж байна. Мөн орон нутгуудад ургацын комисс байгуулж ажилладаг. Энэ хүч, нөөц бололцоогоо ашиглаад иргэн бүр хариуцлагатай, удирдлагууд нь зөв зохион байгуулалттай ажиллах ёстой.

-Энэ жилийн хувьд хамгийн их га-гаас ургац авах аймаг байна уу?
-Улсын нийт тариалалтын тал хувийг Сэлэнгэ аймагт хийсэн. Тиймээс намрын ажлын ачаалал Сэлэнгэ аймагт маш их ирнэ.

-Тариаланчдад трактор хөнгөлөлттэй зээлээр олгосон. Техник технологийн хувьд манай газар тариалангийн салбар хэр шинэчлэгдэж байна вэ?
-Техник, технологийн парк шинэчлэлийг байнга хийдэг. Жилд нийт техникийн 6-7 хувийг шинэчилж байж намар тогтвортой ажилладаг. Энэ жилийн хувьд төмс хураалтад зориулсан техникийн шинэчлэл, мөн шинэ комбайн нэмж авсан. Тариаланчдад трактор ч мөн хөнгөлөлттэй зээлээр олгосон.

-Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас шатахууны хөнгөлөлт, урамшуулал үзүүлэх үү?
-Энэ жил шатахууны хөнгөлөлт байхгүй. Тариаланчид ургац хураалтынхаа шатахууныг өөрсдийн нөөц бололцоогоор авна. Энэ ачааг "Тариалан эрхлэлтийг дэмжих сан" дангаараа нуруун дээрээ үүрэх хүндрэлтэй. Өнгөрсөн жилүүдэд хөнгөлөлтийг хариуцаж байсан ч зарим тохиолдолд буцаан төлөлт байхгүй, мөн сангийн будааны борлуулалт муу байсан зэргээс шалтгаалаад шатахуун импортолдог компаниудад төлбөрийг нь цаг хугацаанд нь өгч чадаагүй. Үүнээс болж дахин шатахуун авахад хүндрэлтэй асуудал үүссэн. Энэ намрын хувьд бололцоо тун муу байна. Гэсэн ч бид хавар тариалалтын үед боломжийнхоо хэрээр шатахууны хөнгөлөлт үзүүлсэн.

-Европын орнуудад ган гачиг нүүрлэж буудайн нөөцгүй гэгдэж байна. Дэлхийн зах зээл дээр ч улаан буудайн үнэ нэмэгдсэн. Тэгэхлээр манайд ч мөн буудай үнэ нэмэгдэнэ гэх яриа гарлаа. Үүнд хариулт өгнө үү?
-Монголын улаан буудай үнэ орвол гурилын үнэ цаашлаад талх нарийн боовны үнээс гадна өргөн хэрэглээний барааны үнэд шууд нөлөөлнө. Бид дотооддоо гурил болон гурилан бүтээгдэхүүнийхээ үнийг тогтвортой барих зорилготой. Тэгэхлээр манай улсын хувьд үнэ өсөх юм уу буурах биш тогтвортой байлгах тал дээр анхаарч ажиллана. Улаан буудайн хомсдолд манай улс орохгүй. Одоо ч "Тариалан эрхлэлтийг дэмжих сан"-д 200 мянган тонн улаан буудай бий.

М.Тунгалаг 
Эх сурвалж: Нийгмийн толь
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш