logo
Өвдөж зовсон хоригдлуудыг клиникийн эмнэлэгт хэвтүүлье л дээ

Өвдөж зовсон хоригдлуудыг клиникийн эмнэлэгт хэвтүүлье л дээ

2012/08/22
Өвдсөн хоригдлуудыг бүгдийг нь шоронгоос гаргаж, эмнэлэгт хэвтүүлмээр санагдчихлаа. Уг нь Монгол Улсын шүүхээс ял авсан хоригдол хүссэн цагтаа эмнэлэг хэсч, дуртай үедээ буцаж ордог тогтолцоо байдаггүйсэн. Гэвч шүүхийн тогтоол, шүүхийн тогтолцооноос илүү эрх мэдэлтэй Н.Энхбаяр шиг хүмүүс дуртай цагтаа наранд гарч, эмнэлгийн тусгай өрөөнд эмчилгээ хийлгэн, гэрийнхнийгээ тойруулаад халуун бүлээрээ хооллож болдог юм байна. 
Н.Энхбаяр бол шүүхээс дөрвөн жилийн хорих ял авсан ялтан. Тэгэхээр нэгэнт л шүүхээс оноосон ял, шүүхийн шийтгэх тогтоол юу ч бишээс хойш гэр бүлээ санаж, хамт хоолломоор байгаа хоригдлуудыг Н.Энхбаяр шиг эмнэлэгт хэвтүүлчихэж байя л даа. Экс Ерөнхийлөгч Н.Энхбаяр ч гэсэн хоригдол, энгийн иргэн Э ч гэсэн эрх чөлөөгөө хасуулсан хоригдол. Тиймээс эхийг нь эцээж, тугалыг тураалгүй эрх чөлөөгөө хасуулсан хоригдлуудыг эмнэлэг рүү зөөдөг болъё л доо, яадаг юм. 
Ер нь Н.Энхбаяр ч гэлтгүй. Томоохон албан тушаал хашиж байсан хүн бүр л шоронд орохоороо гэнэтхэн хууч өвчин нь сэдэрч, бие нь мууддаг. Тэр чимээнээр нь баахан хүн цалинжуулж, жагсаал хийлгэж байгаад эмнэлэгт хэвтдэг жишиг тогтсон. 
7 сарын 1-ний хэргээр яллагдсан цагдаагийн экс дарга нарыг хар л даа. Уг нь бусад хоригдлын адил гурвуулаа ял авч, хоригдсон. Гэвч сонгууль гэж хаа сайгүй сандралдаж байх зуур гурвуулаа шоронгоос гарч, эмнэлэгт хэвтчихэж. Даанч ойрд цагдаагийн ар гэрийнхэн хэвлэлийн бага хурал зарлаж, жагсаал цуглаан хийхгүй нам жим болчихоод байсан юм. Гэтэл бүгдийнх нь хууч өвчин сэдэрсэн гэдэг оноштойгоор эмнэлэгт хэвчихсэн юм байж. 
Гэхдээ цагдаагийн экс дарга нарын хувьд Н.Энхбаярыг бодвол үнэхээр хууч өвчтэй, хүнд байж магад. Учир нь тэд халуунд халж, хүйтэнд хөрч, насаараа цагдаагийн албанд зүтгэсээр ирсэн. 
Бүр Н.Энхбаяр шиг хүмүүсийн аюулгүй байдлыг хангахын тулд өвлийн хүйтэн шөнө чихээ хөлдөөж, зуны халуун наранд нүүрээ түлж үзсэн хүмүүс. Тэгэхээр цагдаагийн хууч өвчин сэдэрлээ гэхэд үгүйсгэх хүн тун ховор юм билээ. Мэдээж тэд шоронгоос эмнэлэгт хүргэгдэхийн тулд мөн л дарга зангаа гаргаж, жаахан бааш нэмсэн байх л даа. 
Харин Н.Энхбаярын тухайд тэс өөр. Насаараа дарга хийж, цагдаагаар үүдээ мануулж, Их тэнгэрийн аманд ихэнх амьдралаа өнгөрүүлсэн. Тэрбээр өнгөрсөн дөрөвдүгээр сард 11 хоног хуурай өлсгөлөн зарлачихаад амьд үлдэж, дэлхийн рекордыг эвдсэн. Хуурай өлсгөлөн болохоор бүхэл бүтэн 11 хоног хэлэн дээрээ юу ч тавиагүй гэсэн. 
Хамгийн сонирхолтой нь өнөө, маргаашгүй амьсгал хураачих гээд үг ч дуугарч чадахгүй байсан Н.Энхбаяр дарга эмнэлэгт хэвтсэн даруйдаа л сэргэж, ажлаа хийж явсан АТГ-ын мөрдөн байцаагчийг доромжилсоор хөл дээрээ босч ирж байна лээ. Бас болоогүй ээ. Хорихын харгалзагч нараар дамжлуулан гарч ирсэн тэрбээр хагас сарын дотор тэнхэрч, намынхаа сонгуулийн сурталчилгааг хөдөө орон нутгаар хийж билээ. Үгүй мөн агуу бие хаатай хүн ээ, тэр. Харамсалтай нь ийм энгийн зүйлд ард түмэн бид тухайн үедээ итгэчихсэн байсан.
Тэгвэл Н.Энхбаярыг 11 хоног хуурай өлсгөлөн зарласан гэхэд комиссоос томилогдсон эмч нарын хэн нь ч итгээгүй. Тиймдээ ч түүнийг үзэж байсан нарийн мэргэжлийн эмч нараас “Н.Энхбаяр 11 хоног хуурай өлсгөлөн зарласан” хэмээн баталж хэлсэн эмч байхгүй. Тэд зөвхөн “Бие нь муу байна, энэ хэвээрээ удвал амь насанд нь аюултай” гэсэн тойруу үгсээр хэвлэлийнхнийг аргалж байсан санагдана. 
Гэтэл мань хүн тэнд 11 өдөр хоол ундгүй байсаар амьд сэрүүн үлдсэн “ардын баатар” дүр эсгэн царайгаа барайлгаж суув. Гэхдээ энэ нь Н.Энхбаярыг ор тас өлсгөлөн зарлаагүй гэсэн үг биш. Өнгөрсөн даваа гарагт ч гэсэн энэ жишгээр шоудсаар эмнэлэгт хүргэгдэж ирсэн. Өнөөх бие сайтай дарга маань хэдхэн хоногийн дотор эргээд бие нь муудчихав. 
Энэ мэтээр дарга нар албан тушаалынхаа эрэмбээр шоронг захирч байхад тэнд үнэхээр бие нь муудаж, үхэх сэхэхийн даваан дээр байгаа хэдэн зуун хоригдол байна шүү дээ. Бүр хорихын эмнэлэгт нас барсан тухай мэдээлэл байнга цацагдаж байдаг. 
Н.Энхбаяр шиг хүмүүс хорихын эмнэлэгт хэвтэхгүй голж байхыг бодоход ШШГЕГ-ын харьяа хорих ангийн эмнэлэг нэлээд эмчилгээ муутай бололтой. Хорихын эмчилгээ муу гэдгийг Н.Энхбаярын гэргий О.Цолмон ч хэлж байсан. Харин хоригдол үхэх гэж шоронд ордоггүй. Тиймээс өвдөж зовсон хоригдол бүрийг шоронгоос гаргаж, клиникийн эмнэлэгт хэвтүүлье л дээ, яадаг юм.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш