logo

"Эдийн Засгийн алуурчин" гэж сүүлийн хэдэн жил хэвлэлийнхэнд цоллуулсан Д.Зоригт улс төрийг бүрмөсөн орхино

2012/08/23
 Албан тушаалын "огцом үсрэлт" хийсэн улс төрчдийн нэг бол Эрдэс баялаг, Эрчим Хүчний сайд асан Дашдоржийн Зоригт.
 Төрийн байгууллагад ажиллаж байсан тэрээр УИХ-ын 2008 оны сонгуульд Ерөнхий сайд асан С.Батболдын менежерийн үүргийг гүйцэтгэсэн нь хойшдоо сайд, УИХ-ын гишүүн болох гарааг нь тавьсан юм.

Д.Зоригт өнгөрсөн дөрвөн жил сайдаар ажиллах үедээ "Оюу Толгой"-ын гэрээ, Ухаа худагт Таван Толгойн нэг хэсгийг өгөх зэрэг уул уурхайн томоохон төслүүдийг хариуцан ажилласан.
Үүнээс ч улбаалан сүүлийн хоёр жил гаруй хугацаанд байнга л "Эдийн засгийн алуурчин" гэх тодотголтойгоор хэвлэлийн хуудсанд бичигдэх болсон юм.
Тэр ч бүү хэл УИХ-ын сонгуулийн үеэр цөмийн хаягдал булах ажиллагааг гардан зохион байгуулсан гэгдэж, иргэний хөдөлгөөний нэр бүхий төлөөллүүд түүний үсийг хусах ёслол гэгчийг хүртэл зохион байгуулж байлаа.

Энэ нь ч нөлөөлж, тэрээр УИХ-ын сонгуульд ялагдаж, идэвхтэй улс төрийг орхиж байна.
Сонгуулийн дараа болсон МАН-ын бага хурал, Нийслэлийн МАН-ын хорооны хурал зэрэгт тэрээр оролцоогүй бөгөөд намын удирдах зөвлөлийн гишүүн, Нийслэлийн МАН-ын хорооны дэд дарга болох зэрэг бүх боломжоосоо сайн дураар татгалзжээ.
Эх сурвалжуудын өгүүлж буйгаар тэрээр улс төрийг бүрмөсөн орхихоор шийдсэн гэнэ.
Засгийн газрыг байгуулах саналыг УИХ-аар хэлэлцэх үеэр Ерөнхий сайд Н.Алтанхуяг: "Ашигт малтмалын газрын дарга газар шороогоо худалдчихаад ял эдлэх гэж байна. Гэтэл салбар хариуцсан сайд нь ямар ч хариуцлага хүлээхгүй л байна" хэмээн өгүүлж байсан билээ.

Д.Ганзориг
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш