logo

"Лондон-2012" паралимпийн XIV наадам эхэллээ

2012/08/30
"Лондон-2012" паралимпийн XIV наадам өнөөдөр буюу наймдугаар сарын 29-нөөс есдүгээр сарын 9-нд эхэлж байна. Энэхүү наадамд Олон улсын паралимпийн хорооны 165 гишүүн орны 4200 тамирчин спортын 20 төрөлд 503 багц медалийн төлөө 12 өдрийн турш өрсөлдөж аваргуудаа тодруулна. 
     "Лондон-2012"  паралимпийн наадамд манай улс байт харваа, буудлага, жудо бөх, хөнгөн атлетикийн төрөлд зургаан тамирчин хүч, хурд, ур чадвараа сорин оролцоно. Өнөөдөр болох "Лондон-2012" паралимпийн нээлтийн ёслолд Монгол Улсын баг тамирчдынхаа өмнө төрийнхөө алтан соёмбо бүхий далбааг жүдо бөхийн төрөлд өрсөлдөх А.Мөнхбат барьж жагсана.
      Жүдо бөхийн 60 кг-д А.Мөнхбат, 90 кг-д Д.Ганбат, буудлага спортын төрөлд Ц.Лхамсүрэн, байт харвааны төрөлд Б.Жавзмаа, Б.Оюун-Эрдэнэ, хөнгөн атлетикийн төрлөөр Ч.Мөнх-Эрдэнэ нар өрсөлдөнө. Баг тамирчдыг жүдогийн шигшээ багийн ахлах дасгалжуулагч Ч.Базарсүрэн, байт харвааны шигшээ багийн дасгалжуулагч Н.Дариймаа, буудлагын шигшээ багийн ахлах дасгалжуулагч Л.Ундралбат нар ажиллах юм. Баг тамирчдын эмчээр спортын анагаах ухааны албаны Н.Эрдэнэцэцэг ажиллаж байна.
      Манай тамирчдын салхийг хагалж наймдугаар сарын 30-нд жүдо бөхийн 60 кг-д А.Мөнхбат хүчээ сорих бол дараа нь наймдугаар сарын 31-нд жүдо бөхийн 90 кг-д ОУХМ Д.Ганбат барилдана. Харин наймдугаар сарын 31-нээс есдүгээр сарын 4-нд байт харвааны ОУХМ Б.Жавзмаа, Б.Оюун-Эрдэнэ ур чадвараа сорих бол буудлагын спортын хийн гар бууны 10 м-ийн дасгал Ц.Лхамсүрэн онч мэргэнээ сорино. Хамгийн сүүлд есдүгээр сарын 8-нд хөнгөн атлетикийг жад шидэлтийн төрөлд Ч.Мөнх-Эрдэнэ өрсөлдөх юм.
 
 Дашрамд сонирхуулахад, Монголын паралимпийн баг тамирчид 2000 онд Австралийн Сидней хотноо зохион байгуулсан  XI наадмаас анхны гараагаа эхэлсэн түүхтэй. 2004 онд Афин хотноо болсон XII наадамд хөнгөн атлетикч Ж.Лхагважав холын зайн уралдаанд шагналт байр эзэлж байсан бол
"Бээжин-2008"  XIII паралимпийн наадмаас Д.Баатаржав байт харвааны төрөлд аваргалж, анхны алтан медалийн эзэн болж Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин цол хүртсэн билээ.
Д.Өлзий

 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш