logo
МАН-ыг ялагдалд хүргэсэн “лидерүүд” хаачив

МАН-ыг ялагдалд хүргэсэн “лидерүүд” хаачив

2012/08/31
МАН-ыг ялагдалд хүргэсэн “лидерүүд” хаачив. Манай нам чадварлаг боловсон хүчин, хачин их лидер улстөрчтэй гээд байдаг МАН-ынхан сүүлийн үед сүр хүч нь үгүй болоод, сүлд хийморь нь хийсч одсон бололтой.  Өөрөөр хэлбэл, тус намд шинэ дарга, УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин, УИХ-ын гишүүн Ц.Нямдорж, гишүүн асан Ж.Сүхбаатар нараас өөр хүн үгүй мэт болжээ. Аливаа хурал цуглаан, мэдээ, мэдэгдлийг байнга л дээрх гурван нөхөр хийх болов. Харин бусад нь нам жим. Арай л өнөөг хүртэл УИХ-ын сонгуулийн ялагдлын “шок”-ноосоо гарч амжаагүй баймааргүйсэн.  

Уг нь МАН-ынхан сонгуульд ялагдсан алдаа, оноогоо үнэлж, цэгнэхээр, өөрчлөлт, шинэчлэлийн салхийг сэвэлзүүлэхээр улс орноос илүү намын эрх ашгаа нэн тэргүүнд тавьж, VI Бага хурлаа хийсэн. Тухайн үед дарга болоод Удирдах зөвлөлийн гишүүдээ шинээр сонгосноо мэдэгдэн, Засгийн газарт ажиллах боломжгүй ч хүчтэй сөрөг хүчин байх болно гэдгээ илэрхийлсэн.
Гэтэл өнөөг хүртэл сөрөг хүчний дуу хоолой огт дуулдахгүй байна. Ядахад УИХ дахь намын бүлгийг нь хүлээн зөвшөөрөхгүй байгаагаас МАН-ын гишүүд чуулганы танхимд барагтай л бол үзэгдэхээ байсан. Гэсэн ч тэд ард түмнээс 40 гаруй хувийн санал авч, парламентад орж ирсэн гэдгээ байнга санаж байх ёстой.
УИХ дахь намын бүлгийг нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэхээс өөрөөр үзэл бодлоо илэрхийлж чадахаа ч байжээ. Орон нутгийн сонгууль хаяанд тулж, төсөв хийгээд бусад хуульд өөрчлөлтүүд оруулахаар ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулж эхэлсэн ч МАН-ын лидер гэгддэг нөхөд сураггүй хэвээрээ.
Чухам л МАН-ыг ялагдалд хүргэсэн алдаагаа ухамсарлаж, буруугаа хүлээсэн хэмээн албан тушаалаа өгөөд байсан Ерөнхий сайд асан Сү.Батболд, генсек нь байсан У.Хүрэлсүх тэргүүтнүүд улстөрийн амьдралаас зугтаж алга болдог нь ямар учиртай юм бол. Тэдний залгамж халааг үргэлжлүүлэхдээ намаа өөрчлөлт шинэчлэлийн замаар хөтөлнө хэмээж байсан эрхэм генсек Г.Занданшатар ч мөн л аниргүй болжээ.
90 жилийн түүхтэй Ардын нам хэмээн цээжээ дэлддэг лидерүүд парламентад цөөнх болонгуутаа ийн амаа үдүүлсэн мэт дуугүй болсон нь тун ч харамсалтай хийгээд гашуудал илэрхийлэм үзэгдэл гэлтэй. Улстөрийн нам, хүчин олонх байж, эрх баригч байхаас гадна хүчтэй сөрөг хүчин байвал олонхыг зөв залж, чиглүүлэхэд ихээхэн хувь нэмэр оруулах учиртай.
Гэтэл мань нөхөд нэгэнт цөөнх болсон, дээр нь бүлэггүй сул гишүүд мэт харьцаж байгааг нь хүлээн зөвшөөрсөн янзтай хариу үйлдэл үзүүлэхгүй байгаа нь олон жилийн түүхтэй намын хувьд их ичгэвтэр явдал болж байх шиг.
Харамсалтай нь олонх байхад нь ёстой л намын нүүр царай нь болж гүйж байсан эрхмүүд болох Сү.Батболд, У.Хүрэлсүх, Д.Дэмбэрэл, Я.Содбаатар тэр бүү хэл сүүлийн Бага хурлаараа намынхаа Удирдах зөвлөлийн гишүүн болсон нөхөд өдгөө усанд хаясан чулуу мэт болсон. Тэгэхээр тэдний хувьд нам нь чухам юу болж таарах вэ. Ёстой л сайн явахад садан олон гэдэг шиг эрх барьж явахад сүрийг үзүүлж байсан хүмүүс цөөнх болсон үед нь сөрөг хүчин ч байж чадахгүй зугтан алга болсныг ичгүүүртэй явдал гэхээс өөр юу ч гэх вэ дээ.  
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш