logo
Вьетнамчууд Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулахаар ажиллаж байгаа гэв

Вьетнамчууд Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулахаар ажиллаж байгаа гэв

2012/08/31
УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Түвдэндорж “БНСВУ-ын Үндэсний Ассамблейн Хууль зүйн байнгын хорооны дэд дарга манай улсад айлчилж буй нь хоёр улсын дипломат харилцаа бүхий л салбарт улам хөгжихийн эхлэл” хэмээн ноён Данг Динх Лиеныг хүлээж авч уулзахдаа онцоллоо. БНСВУ-ын Үндэсний Ассамблейн Хууль зүйн байнгын хорооны дэд дарга Данг Динх Лиен тэргүүтэй зочид УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны үйл ажиллагааг сонирхохын зэрэгцээ УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Түвдэндорж, УИХ-ын гишүүн О.Баасанхүү нартай уулзаж байнгын хорооны үйл ажиллагаанаас туршлага судалсан юм.
Хууль зүйн байнгын хорооны хувьд шүүх, прокурор, оюуны өмч зэрэг хуулийн салбарын байгууллагын бүх хууль, тэдгээрт оруулж буй өөрчлөлт, хэрэгжилт дээр ажиллахаас гадна бусад байнгын хороонд хуулийн арга зүйн зөвлөгөө өгч ажилладаг байна. Түүнчлэн хүний эрхтэй холбоотой асуудлуудыг хариуцдаг. Хууль санаачлагч субьектуудаас оруулж ирсэн хуулийн төслүүд дээр ажиллаж хуулийн хэрэгжилтэд тодорхой хэмжээгээр хяналт тавьдаг хэмээн Ш.Түвдэндорж дарга хэллээ.
Вьетнам улсын хувьд хуулиудаа шинэчлэхээр ажиллаж байгаа юм байна. Ялангуяа 1992 онд батлагдсан Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулах гэж байгаа хэмээн ноён Данг Динх Лиен ярив. Үндсэн хуулийн төслийг энэ оны сүүлчээр Үндэсний Ассамблей хэлэлцээд ирэх оны эхээр ард түмнээрээ хэлэлцүүлсний дараа дахин хэлэлцэж эцэслэн батлахаар төлөвлөж байгааг тэрбээр хэллээ.  
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш