logo
Засгийн газрын ээлжит бус хуралдаан боллоо

Засгийн газрын ээлжит бус хуралдаан боллоо

2012/08/31
Засгийн газрын 2012 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн ээлжит бус хуралдаанаар 2012 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэн дэмжиж, УИХ-д өргөн мэдүүлэхээр боллоо.
Мөн Хөгжлийн банкинд байгаа хөрөнгийн чөлөөт үлдэгдлийг 1-6 сар хүртэл хугацаатайгаар Төв банк, Засгийн газрын үнэт цаас болон арилжааны банкуудад векселээр баталгаажсан хадгаламж хэлбэрээр байршуулах шийдвэр гаргалаа.
Хөгжлийн банк 5.75 хувийн хүүтэй, 600 сая ам.долларын эх үүсвэртэй болсон ч өнөөдрийн байдлаар хүүнд нь 20 орчим тэрбум төгрөг төлөх болоод байна. Өдөр бүр их хэмжээний хүү төлж байгааг зогсоох үүднээс Засгийн газар дээрх шийдвэрийг гаргалаа.
Банкны хөрөнгийн чөлөөт үлдэгдлийг үнэт цаас, хадгаламж хэлбэрээр байршуулснаар энэ оны эцэст 15 тэрбум, “Эрдэнэс Тавантолгой” компанид 300 сая ам.доллар олгож 3.1 тэрбум, нийт 18.1 тэрбум төгрөгийн хүүгийн орлого олох боломжтой гэсэн тооцоо хийсэн байна.
Цаашид авто зам, шинэ төмөр зам, орон сууц зэрэг бүтээн байгуулалтын томоохон төсөл, хөтөлбөрийн санхүүжилтийг эрчимжүүлэхийг Хөгжлийн банкны Төлөөлөн Удирдах зөвлөлд хуралдаанаас үүрэг болгожээ.
 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш