logo
Засгийн газар 300 хүртэл тэрбумын үнэт цаас гаргана

Засгийн газар 300 хүртэл тэрбумын үнэт цаас гаргана

2011/07/07
Ноолууран утас болон эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдэд хөнгөлөлттэй нөхцлөөр зээл олгоход зориулан 100 тэрбум төгрөгийн үнэт цаасыг эх үүсвэрийн хэрэгцээ, шаардлагатай уялдуулан үе шатттай гаргахыг Сангийн сайд С.Баярцогтод Засгийн газрын хуралдаанаас зөвшөөрлөө.
Мөн хонины ноос, тэмээний ноос бэлтгэгчид, үйлдвэрлэгчдэд дэмжлэг үзүүлэхийн тулд 50 тэрбум, жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжихэд зориулж 150 тэрбум төгрөгийн үнэт цаас гаргахаар болов. 
Манай улс ноолуурын түүхий эдийн нөөцөөрөө дэлхийд урд хөршийн дараа хоёрдугаарт ордог боловч жилдээ 600-700 мянган ширхэг бэлэн бүтээгдэхүүн экспортолж, дэлхийн зах зээлийн ердөө 2.3 хувийг эзэлдэг учир дэмжлэг зайлшгүй хэрэгтэй байна. Дэмжлэг үзүүлснээр ноолуурын салбар дахь 6 мянга гаруй ажлын байрыг хадгалж, шинээр нэмэгдүүлэх боломжтой төдийгүй монгол ноолууран брэнд бүтээгдэхүүний үйлдвэрлэл, экспортыг нэмэгдүүлэх чухал алхам болно гэж Засгийн газар үзэж байна. 
Тэгвэл ноосны бэлтгэлийн 80 орчим хувийг угаасан хэлбэрээр ихэвчлэн БНХАУ-д гаргаж, дотоодын үйлдвэрүүд хүчин чадлынхаа 30 хүрэхгүй хувийг ашиглаж байгаа юм.  Энэ нь сайн чанарын түүхий эдийн нөөц багассан, бэлтгэх тогтолцоо алдагдсан, ноосны гүн боловсруулалтын зарим үйлдвэрийн тоног төхөөрөмж хуучирсан, бэлэн бүтээгдэхүүнийг гадаад зах зээлд гаргахад өндөр татвар ногдуулдаг, зах зээлд импортын хямд үнэтэй, чанаргүй бүтээгдэхүүн давамгайлах болсонтой холбоотой юм.
Харин жижиг, дунд үйлдвэрийн салбарт хэрэгжүүлэх 272 үйлдвэрийн төсөлд 251,9 тэрбум төгрөгийн санхүүжилт ойрын 2 жилд хэрэгтэй гэсэн тооцоо гарсан байна.
5845 жижиг үйлдвэр, бизнесийг 829,2 тэрбум төгрөгөөр дэмжихэд 2011-2012 онд 47 320 ажлын байр нэмэгдэх боломжтой гэж 7 яам, 21 аймаг, нийслэл, арилжааны 8 банк, мэргэжлийн 16 холбоо санал ирүүлжээ хэмээн Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш