1812 оны 9-р сарын 7-ны өдөр. Алдарт цэргийн жанжин Михаил Кутузовын ярьснаар, “оросын цэрэг дайчдын баатарлаг гавъяа, эрэлхэг зоригийн мөнхийн дурсгалын өдөр “ болсон аж. Тэр үед эртний Бородино тосгоны орчимд түүний удирдсан оросын арми Наполеоны цэргүүдтэй тулалдсан юм.
”Олзлогсод хаана байна?” гэж өмнө нь европ тивийг хөнгөхөн эзлэн авсан францын эзэн хаан гайхан асууж байжээ. Гэтэл олзлогдсон цэргүүд үгүй байв. Оросууд эцсээ хүртэл үзэлцсэн. Үүнээс өмнө ийм тулалдааныг түүх мэдэхгүй байлаа. 50 метр квадрат талбайтай Бородины талбай дээр зогсоо зайгүй мянган их буу буудаж байлаа. 250 гаруй мянган цэрэг дайчид ургахын улаан нарнаас аваад, дайсны цэргүүд үл харагдах үдшийн бүрий хүртэл тулалдаж байсан. Энд цаг тутамд 2 500 хүн алтан амиа алдаж байлаа гэж Оросын ШУА-ийн сурвалжлах гишүүн, түүхийн ухааны доктор Андрей Сахаров тэмдэглээд
«Бородины тулалдаан нилээд хэдэн ач холбогдолтой. Хамгийн гол нь Оросын армийн харуулсан ёс суртахууны үлгэр жишээ оросын ард түмэн болон оросын түүхэнд бүхэлдээ маш их үүрэг гүйцэтгэсэн. Тулалдаанд хайнцсан гэж хэлж болно. Хэн ч ялаагүй юм. Францчууд ялаагүй, оросууд ухарсан. Дайсанууд эцсийн дүнд өөрсдийн байранд үлдэсэн. Гэтэл оросын арми европыг хөлдөө сөхрүүлсэн, аймшигт хар хүч ялагдашгүй Наполеоны армийн эсрэг сөрж чадсан нь ер бусын явдал байсан юм» гэлээ.
1812 оны дайнд оролцогчид болон алдарт гүн ухаантан Клаузевич үзэхдээ, “Орос улсыг ялах цорын ганц арга бол оросын ард түмэн, эрх баригчдын хоорондын хагаралыг ашиглах явдал байсан. Хэрвээ хагарал үгүй бол, ялах боломжгүй юм“. Бородины тулалдаан нь хагарал байгаагүй гэдгийг батлан харуулсан гэж Андрей Сахаров үргэлжлүүлэн хэлээд
«1812 оны дайныг яагаад Эх орны дайн гэдэг юм бэ? Яагаад гэвэл энэ дайн ард түмнийг эвлэлдэн нэгтгэсэн. Чухамхүү үүнийг Бородины тулалдаан харуулсан билээ» гэв.
Наполеон Бородины тулалдааныг 50 тулалдааны хамгийн агуу их гэж нэрлэсэн. Энэ тулалдаан нь 19-р зууны хамгийн их цус асгаруулсан дайн байсан. Энэ дайнд 100 орчим мянган хүн үрэгдсэн. Гэхдээ францын эзэн хаан зорилгодоо хүрч чадаагүй гэж түүхийн ухааны доктор Вадим Рогинский тэмдэглээд
«Яагаад гэвэл, Наполеон өөрийн хамгийн гол зорилт болох Орос улсын армийг бут цохиж чадаагүй. Энэ байдал нь түүний армийг сөнөхөд хүргэсэн» гэлээ.
Бородины тулалдаанаас хэдэн сарын дараа Наполеоны агуу их арми бүрэн бут цохигдсон. Хожим нь тэр Орос улс руу мордосноо “хувь заяаны алдаа” байсан гэж нэрлэсэн байдаг.