logo
Шатахуун түгээх станцууд зөвшөөрөлгүй ажилладгаа ч мэддэггүй байв

Шатахуун түгээх станцууд зөвшөөрөлгүй ажилладгаа ч мэддэггүй байв

2012/09/13
Нийслэлд зөвшөөрөлгүй 32 шатахуун түгээх станц ажиллаж байгаа. Үүнтэй холбогдуулан иргэдийн зүгээс гэр оронд нь тулгаж барьсан шатахуун түгээх станцыг буулгаж өгөхийг Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүлд өргөдөл гомдлоо хүргүүлээд байгаа.

Иргэдийн аюулгүй байдалд нөлөөлж байгаа дээрх асуудлыг манай сонин өмнөх дугаартаа нийтэлж, зөвшөөрөлгүй ажиллаж байгаа шатахуун түгээх газруудыг нэр, байршил, баримттай нь дэлгэн уншигч танд хүргэсэн билээ. Харин энэ удаад манай сонин зөвшөөрөлгүй ажиллаж байгаа шатахуун түгээх станц дээр очиж өдрийн сурвалжлага хийлээ.

Иргэдийн яриа, шатахуун түгээх станцын ажилчдын үгнээс хууль хэрэгждэггүй, дээр нь мэргэжилтнүүд ажлаа хийхгүй ШТС-ыг горилдог гэдгийг уншигч та ямар ч тайлбаргүй олж мэдэх болно.

Баянзүрх дүүргийн V хороонд байрлах "Содмонгол групп" ХХК-ийн шатахуун түгээх станцын 27 дугаар салбар дээр очлоо. Энэ 27 дугаар салбарын чанх урд нь мянган оюутны байр байв. Харин хойд талд нь замын цаана гэр хорооллын айлууд хөвөрнө. Тэнд оршин суудаг зарим иргэдтэй уулзлаа.

БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН V ХОРООНЫ ИРГЭН Н.ТУНГАЛАГ: ИРГЭДИЙН САНАЛЫГ АВДАГГҮЙ


-Манай гэрийн ойролцоо дөрвөн жилийн өмнөөс "Содмонгол групп" шатахуун түгээх станц барьсан. Ингэхдээ иргэдээс ямар нэгэн санал асуугаагүй. Тухайн үед оршин суугчид дургүйцэж байсан ч дийлээгүй. Энэ талын ажлыг хариуцдаг мэргэжилтнүүд нь иргэдийн бус компанийн эрх ашгийг бодож одоог хүртэл үйл ажиллагааг нь зогсоохгүй байгаад гайхаж байна.

БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН XXII ХОРООНЫ ИРГЭН Б.ДУЛМАА: ҮНЭЭ БАЙНГА НЭМДЭГ ШТС-ЫГ ЦӨӨЛМӨӨР БАЙНА


-Нийслэлд гэр хорооллын ойролцоо маш олон шатахуун түгээх станц байдаг. Зөвшөөрөлтэй, зөвшөөрөлгүй маш олон байна. Гэвч бензины үнэ төдийлөн буурахгүй байгаа. Дээр нь дарга нар нь хуйвалдан шатахууны үнийг дур мэдэн өсгөдөг. Үүнээс болоод бусад өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдэж байна. Шатахууны үнэ буурахгүй байхад олон клонк хэрэггүй. Хамгийн гол нь иргэдийн аюулгүй байдал чухал. Согтуу жолооч клонк мөргөөд олон хүний амь нас хохирвол хэн хариуцлага хүлээх вэ. Тиймээс зөвшөөрөлгүй гэр хорооллын ойролцоо баригдсан зөвшөөрөлгүй шатахуун түгээх станцуудыг буулгах шаардлагатай байна.

БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН VI ХОРООНЫ ИРГЭН Б.БАТНЯМ: КЛОНКОД ОСОЛ ГАРВАЛ ОЛОН СУРАГЧ ГЭМТЭЖ БЭРТЭХ АЮУЛТАЙ


-Би Баянзүрх дүүргийн Клиникийн 69 дүгээр сургуульд суралцдаг. Өглөө хичээлдээ явахдаа зам дээр баригдсан энэ клонкийн хажуугаар явдаг. Түүнчлэн шатахуун түгээх станцын урдхан талд манай сургууль байдаг. Хэрвээ өдрийн цагаар энэ клонкт ямар нэгэн осол гарвал манай сургуулийн багш, сурагчид мөн өртөх аюултай. Тиймээс элдэв ослоос урьдчилан сэргийлж арга хэмжээ аваасай.

Түүнчлэн Баянзүрх дүүргийн V хороонд байрлах "Содмонгол групп" ХХК-ийн шатахуун түгээх станцын 27 дугаар салбар дээр ажиллаж байгаа иргэдтэй уулзав.

ТУС КЛОНКИЙН АЖИЛТАН Ц.БУЛГАН: БИДЭНД ШААРДАХ ХУУДАС ӨГӨӨГҮЙ


-Би энэ 27 дугаар салбар дээр дөрвөн жил тасралтгүй ажиллаж байна. Энэ хугацаанд манай дээр "Үйл ажиллагаагаа зогсоо" гэсэн ямар нэг албан бичиг ирж байгаагүй. Мөн НМХГ-аас тог, цахилгааныг тасдаж байсан удаагүй. Харин гэр хороололтой яагаад ойрхон баригдсан гэдгийг сайн мэдэхгүй байна. Хотын төвд газар олдоогүй ч юм билүү.

Ингээд Баянзүрх дүүргийн XVI хороонд очив. Тэнд "Содмонгол групп"-ын гуравдугаар шатахуун түгээх станц байрладаг байна. Станцын урд талд "Газарчин" дээд сургууль, Цэргийн их сургууль, Батлан хамгаалахын их сургууль байрладаг байна. Хойд талд нь бас л гэр хорооллын айлууд дүүрэн байх юм. Замын уулзварын хажууд байрлах тус шатахуун түгээх станцын зүг алхав. Тэнд иргэдэд үйлчилж байгаа гурван ажилтан байв.

ШӨНӨ БҮР СОГТУУ ЖОЛООЧ ИРЖ ҮЙЛЧЛҮҮЛДЭГ

Түүнчлэн дотогш орж тус салбарын эрхлэгч Д.Даваадоржтой уулзлаа. Түүнээс зарим нэг зүйлийг асууж тодруулав.

-Танайх энд үйл ажиллагаа явуулаад хэдэн жил болж байна?
-Манай энэ салбар байгуулагдаад найман жил болж байна.

-Гэр хороололтой дэндүү ойрхон байна. Мөн танай урд их дээд сургуулиуд байдаг. Аюулгүй байдлыг зөрчсөн юм биш үү?
-Бид үйл ажиллагаагаа явуулахдаа сонор сэрэмжтэй ажилладаг. Дээр нь манайд ажиллаж байгаа иргэд тусгай сургалтад хамрагдсан. Жилд хоёр удаа улсаас үйл ажиллагааг шалгадаг. Манайд ямар ч зөрчил илрээгүй.

-Шөнө оройн цагаар бас ажилладаг. Энэ үед согтуу жолооч ирж үйлчлүүлдэг үү?
-Орой бүр л согтуу жолооч ирж шатахуун авч үйлчлүүлдэг. Элдвийн гэмтэл ослоос сэргийлэх үүднээс 102-ын эргүүлтэй шөнийн цагаар хамтарч ажилладаг.

БАТЛАН ХАМГААЛАХЫН ИХ СУРГУУЛИЙН ГУРАВДУГААР КУРСЫН ОЮУТНУУД: КЛОНК РУУ ЯВЖ БАЙГАА АВТОМАШИН ОЮУТНУУДЫГ МӨРГӨЖ ГЭМТЭЭДЭГ


-Энэ клонк замын уулзварын хажууд байрладаг. Нэг урсгал нь манай сургууль руу явдаг. Түүнчлэн клонк руу орж шатахуун авах гэсэн автомашинд оюутнууд мөргүүлж гэмтдэг. Зарим оюутнууд мөргүүлээд тухайн үедээ тоолгүй орхиж байсан олон тохиолдол бий. Бид хуулийн хичээл үздэг. Гэр хороололтой ойрхон энэ мэт хууль зөрчсөн шатахуун түгээх станцуудын үйл ажиллагааг зогсоох хэрэгтэй. Дээр нь төвөөс зайдуу тул согтуу жолооч гэр хороололтой ойрхон зайдуу газраас л шатахуун авна. Энэ нь олон хавар нэгэндээ гэдэг шиг нэг л өдөр харамсалтай хэрэг гарна гэсэн үг. Тиймээс харамсалтай хэрэг гарахаас нь урьтаж мэргэжлийн дарга, албан хаагчид нь хяналт шалгалт хийж үйл ажиллагааг нь зогсоох шаардлагатай байна.

Л.Алтанхишиг
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш