logo
Цагаан хоолтон болж, хадам аавынхаа хувьд нүднээс гарсан ч...

Цагаан хоолтон болж, хадам аавынхаа хувьд нүднээс гарсан ч...

2011/07/18
Тэгш ой давхцсан өргөн их баяр наадам шинэ өнгө түрлэг нэмсэн сайхан болж өнгөрлөө. ШууМ.мн “Олон өнцөг” булангийнхаа ээлжит зочноор олноо “жижиг” хэмээн хүндлэгддэг МУ-ын гавьяат тамирчин, МУ-ын далай аварга Агваансамдангийн Сүхбатын өнцгүүдийг тоочихыг хэчээлээ. Эрхэм уншигч та болгооно уу.

МУ-ын гавьяат тамирчин, МУ-ын далай аварга Агваансамдангийн Сүхбатын өнцгүүд
 
Өнцөг №1: Агваансамдангийн нэгдүгээр одонгийн хүү... Үнээ сааж, сүү хөөрүүлж, өрөм загсаана, тараг бүрнэ.
Өнцөг №2: Улаанаа гэх унаган хочтой... Усан ихэр байсан болохоор час улаан төрсөнөөс тэр.
Өнцөг №3: Ухаан орсон цагаасаа л бөхөөр “занималдсан”... Хутгах мэхийг ааваасаа өвлөсөн гэдэг.
Өнцөг №4: Хонхороос «Шонхор» руу гүйж бэлтгэл хийдэг байж... Амжилтад хүрэхэд шургуу хөдөлмөр хэрэгтэй.
 
Өнцөг №5: Чөлөөт бөхөөр барилдаж явсан... Зах зээлд шилжих гээд юун чөлөөтэй чөлөөгүй бөх.
Өнцөг №6: Жудо сонирхсон ч гавиагүй... Харин самбогоор улсын аваргад хүрэл зүүж явсан.
Өнцөг №7: Сумо моодонд ороход хараад сууж чадаагүй... Сонирхогчдын сумогийн дэлхийн хошой аварга болжээ.
Өнцөг №8: Багшийнхаа охинд сэтгэлийн жолоогоо алдаж, дэр нэгтгэсэн... Баянаа аварга бэр чинь жирэмсэн гэж ижийг нь “шок”-руулсан гэдэг.
 

 

Өнцөг №9: Баянмөнхийн хүргэн болсноороо ч, шавь нь болсноороо ч хавчиж хяхуулсан түүх бий... Бөх хүний буйраар даваад гарсан.
Өнцөг №10: Завсаргүй түрүүлж дархлагдсан Б.Бат-Эрдэнэ аваргыг анх өвдөг шороодуулсан... Уран хурц, дайчин шаламгай, үзэгчдийг шуугиулсан барилдаан.
Өнцөг №11: Нэгэн цагт бужигнуулж явсан зургаан залуу зааны нэг... Тэднээсээ хамгийн том цолд хүрсэн нь.
Өнцөг №12: Түүний барилдаж байгааг харахад жинхэнээсээ бөх үзэж байгаа мэт мэдрэмж төрдөгсөн... энэ бол “Жижиг” Сүхбатын имиж.
Өнцөг №13: Бас нэг имиж нь бор дээл... Барилдахаараа өмсдөг бор дээл, малгай, гутал нь аймгийн арслан цолноос нь өнөөг хүртэл нөхөрлөж яваа.
Өнцөг №14: Аварга болоод одонгоо гээсэн цор ганц бөх... Увсын ихэр хүүтэй айл бурхандаа залчихсан гэсэн.
Өнцөг №15: Монгол бөхийн түүхэнд аваргууд бярдаж төрдөг байлаа... Сүхбат харин уран мэхээр аварга болсон.
Өнцөг №16: Хамгийн их цочир алхам хийдэг бөх... Гэнэтийн зодог тайлалт жирийн жишээ.
Өнцөг №17: Үзүүр, түрүүнд үлдэхгүй бол барилдаад юу хийнэ гэж мэдэгдсэн... Өөрийнхөө чансааг өнгөтөөр хэлсэн хэрэг.
Өнцөг №18: Үнэндээ бол бөхийн ертөнцийн “но” үгтэрснээс болсон гэдэг шүү... Шийдвэр гаргана гэдэг барилдахаас хэцүүг ойлгосоон.

 
Өнцөг №19: Шударга тэмцлийнхээ үрээр “даян” цол чимгээ авсан... Үнэнээр явбал үхэр тэргээр туулай гүйцнэ ээ гэж.
Өнцөг №20: “Олимп" дэвжээ байгуулж, Х.Баянмөнх аваргын бий болгосон мэргэжлийн бөхийн холбоонд хүчин зүтгэж яваа...
Өнцөг №21: Зодог тайлсан ч бөхийн өргөөнд байнга зочилж, хорхойгоо дардаг... Ээж нь харин зурагт үзэхээ больсон...
Өнцөг №22: Монгол бөх, монгол морь, монгол банхар, бар бизнест сонирхолтой... Эдүгээ цагт бизнес хийхгүй яаж болох вэ дээ.
Өнцөг №23: “Ноёд” группын Г.Буяндоржийн архи, спиртийн үйлдвэрийг худалдан авсан нь багагүй хэл ам дагуулсан... Энэ салбарт “А” ч үгүй хүн шүү дээ.
Өнцөг №24: Ах А.Батсүхийгээ Дарханд томилжээ... Нэг л өдөр үйлдвэрийнх нь үүдийг бариад, адуу малаа бараадсан гэдэг.
Өнцөг №25: “Монголд үйлдвэрлэсэн сөжү” нь мэргэн санаа байсан... Төд удалгүй сураг гарахаа болив.
Өнцөг №26: Тэрээр бугын аж ахуй, газар тариалан эрхэлж байгаа... Гацууртын Чинбаттай барилга барина гэж хэсэг бужигнуулсан.
Өнцөг №27: А.Сүхбат ер нь бөхийн дэвжээнд ч бизнесийн дэвжээнд ч бужигнуулдаг хүн... Эгэл хүмүүнийхээ амьдралдаа ч бөөн бужигнаан.
Өнцөг №28: Аварга хүний ингэ хүртэл ихэрлэдэг юм... Улс орон, хүн ардад сайн сайхныг авчирна хэмээн билэгшээдэг...
Өнцөг №29: Хөвгүүд нь аав шигээ барилдах хорхойтой... Нэгэн цагт эцгийн шийрийг хатааж мэднэ...
Өнцөг №30: Цагаан хоолтон болж, хадам аавынхаа хувьд нүднээс гарсан ч... Одоо харин махаа тааваараа зооглож, тарга тэвээргээ сайжруулсан гэнэлээ.
Өнцөг №31: Махнаас гарсан ч буга, галуу тэргүүтнийг нэмэн арван хошуу малтай болоод байгаа... Мах идэхгүй ч малаа өсгөнө өө.
Өнцөг №32: Өнгөрсөн оны наадмаар “Гүндалайдаж”, монгол бөхөд шүгэлсэн бузрыг дэлгэсэн... Угтаа бол төрийн тэргүүнд ч бичиг цаас илгээсэн гэж байгаа.
Өнцөг №33: Чөлөөтөөр яваагүй ч тэдэндээ элэгтэй... Хамгийн өндөр амжилт үзүүлдэг хоёр жинг автомашинаар байлсан. Нүнжиг нь хаачихав.
Өнцөг №34: Эмнэлэгт хэвтэхдээ 30 саяа “алдаад” бөөн шуум тарьсан... Аварга харин андуурсан байна лээ.
Өнцөг №35: Авааль гэргийгээ сольж, хоёр дахь амьдралаасаа хоёр ч үрийн зулай үнэрлээд амжсан гэгддэг... Аварга хүн авгайгаа сольж болохгүй юу.
http://www.inet.mn/ispages/isimage/inetnews/gx0qi9/624_2397.jpg
Өнцөг №36: Б.Баясгалан харин загас мэт... Аваргын охин, аваргын гэргий байх амаргүй ажил. 
Өнцөг №37: Сүүлийн үед билъярдад нугасгүй болж... Хожигдвол даагаа нэхэх гээд салдаггүй гэсэн.
Өнцөг №38: Эр бор харцага, Эрдэнэ засгийн унагыг аялах дуртай... Хуушуур бол идэх дуртай хүнс нь гэж байгаа.
Өнцөг №39: Гэрэл зургийн гоц хообийтой... Яваандаа дурсгалын музей байгуулж мэднэ.
Өнцөг №40: Томчуулын шүлэг найргийг уншиж, ном зохиол цуглуулдаг... Намтраараа нэлээд чанартай ном гаргана аа.
Өнцөг №41: С.Жавхлан даян аваргад зориулан дуу зохиож, дуулсан... Олон ч бүсгүй сэтгэл алдарсан даа.
Өнцөг №42: Наадам дөхөхөөр л түүнийг барилдах гэнэ гэж шуугидаг ч... Энэ жил ч гэсэн шуугисаан, шуугисан.
Өнцөг №43: Аварга харин Г.Өсөхбаярыг гурвын даваанд амлаад хаясан ч бэлэн хэмээн ам гарсан удаатай... Хошгоруулжээ.
Өнцөг №44: Гэсэн ч түрүүлэх зиндааны бөх хэвээрээ гэдгээ л нотолсон... нотлох ондоо, мэдрүүлэх өөр хэрэг.
Өнцөг №45: Эцсийн эцэст аварга А.Сүхбат зүлэг ногоон дэвжээндээ эргэн ирнэ үү гэхээс улс төрд орж Жавхландахгүй л байлгүй дээ... Амжилт хүсье.

Э.Болор
www.shuum.mn

Сэтгэгдэлүүд

Дээш