logo
 Улаанбаатар хотын дарга, ноён Э.Бат-Үүл танаа

Улаанбаатар хотын дарга, ноён Э.Бат-Үүл танаа

2013/04/16

Улаанбаатар хотын дарга, ноён Э.Бат-Үүл,

MУ-ын Ерөнхийлөгчийн дэргэдэх Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны дарга, ноён П.Цагаан,

Хүндэт Улаанбаатарчууд аа!

Та бүхний энэ өдрийн амрыг айлтгая.

Миний бие Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах зорилготойгоор 2010 оноос хэрэгжиж эхэлсэн утаагүй түлшний цогцолбор үйлдвэрийн төслийн технологийн патент эзэмшигчийн хувьд энэхүү сониноор дамжуулан захидал бичихийн учир нь, уг бүтээн байгуулалтыг  хугацаандаа хүлээлгэж өгч чадаагүй шалтгаандаа  уучлал хүсэхийн дашрамд  өөрсдийн үйл ажиллагаатай холбоотой доорх тайлбарыг хийх нь харилцан ойлголцолд  нэмэртэй болов уу гэж үзсэнд байгаа юм.

Бид Монгол улсын “Аморе интернейшнл” ХХК-тай хамтран Дулааны цахилгаан станц -2  ТӨХК-ийн дэргэд хагас коксжсон утаагүй түлшний цогцолбор үйлдвэр барьж байгаа ба өнөөдөр төслийн явц 83%-тай байна. Харьяа яамтай хийсэн гэрээгээр бид  өнгөрсөн оны 10 сард ажлыг хүлээлгэж өгөх ёстой байсан. Төсөл удааширсны гол шалтгааныг доорх тайлбараар хүргэе.

Энэхүү тендерт ялсны дараа бид юуны түрүүнд ОХУ- ын Красноярск хотод 4  жил тогтвортой ажилласан жирийн хүрэн нүүрснээс кокс гаргаж авдаг үйлдвэрт Багануурын уурхайн 200 гаруй тонн нүүрс аваачиж шинжилгээ туршилт хийхэд тухайн нүүрсний чанар нь Оросын нүүрсний чанартай үндсэндээ адил байсан юм. Энэ туршилтыг үндэслэн бид Монгол улсад хийх төслийг амжилттай дуусгана гэсэн бүрэн итгэлтэйгээр ажлаа эхлүүлсэн. Гэтэл станцын  зууханд өөрчлөлт хийсний дараа  үйлдвэрлэлийн  туршилт  хийх явцад  Багануурын нүүрсний физик-химийн  чанар төсөл эхлэхээс өмнө байснаас өөрчлөгдсөн нь  /урьдчилан  тооцох  боломжгүй/ ажилд ихээхэн хүндрэл учруулсан. Энэ шалтгааны улмаас зууханд нүүрс боловсруулах явцад шороо, шавар, чулуу их хэмжээгээр овоорох, нүүрс хайлах зэрэг сөрөг нөлөө гарч зуухыг тогтмол ажиллахад саад болж байна. Судлаад үзэхэд өнөөдөр уурхайгаас гарч байгаа нүүрсэн дэх үнсний хайлах температур Оросын нүүрснээс 200 градусаар бага болсон нь урьдчилан тоооцох боломжгүй нөхцөл үүсгэсэн . Хугацаа хоцорч байгаа  үндсэн шалтгаан нь энэ. Одоо энэ доголдлыг арилгахаар бид  ажиллаж байна. Энэ бол арилгаж бүрэн болох зүйл. Ердөө л цаг хугацааны асуудал. Технологийн тал дээр эргэлзэх зүйл огтхон ч байхгүй. Дэлхий дээр энэ технологийн патентийг одоогоор АНУ, ХЯТАД, БНСУ, ОХУ, Монгол зэрэг 15 улсад эзэмшиж байна. Миний бие Монголд энэхүү патентыг эзэмших эрхийг  өнөөгийн  МУ-ын ерөнхий сайд Н.Алтанхуягийг өмнө нь шадар сайд байх үед гардан авсан. Өнөөдөр дэлхийн олон хотуудын өмнө тулгараад байгаа утааны хүндрэлийг, эртний найрамдалт хөрш Монгол улсын нийслэлд шийдэхэд энэхүү төсөл нэмэр болно. Энэ бол төсөл хэрэгжүүлж байгаа багийн нэр төрийн хэрэг. Бид эхний ээлжийн  20 тн утаагүй түлшийг гарган авч  нийслэлийн өрхүүдэд түгээж туршсан. Бүтээгдэхүүний чанарт хөндлөнгийн лаборатори шалгалт хийж онц  дүгнэлт өгсөн. Гагцхүү дээрх шалтгааны улмаас үйлдвэрлэлийн тогтвортой ажиллагаа доголдоод байгаа юм. Гэхдээ би өөрийн зүгээсээ болон 2 орны хамтарсан компаний өмнөөс ирэх хүйтний улиралд Улаанбаатарчууд манай бүтээгдэхүүнийг гэр ахуйдаа хэрэглэх болно гэдгийг хариуцлагатайгаар амлаж байна. Та бүхэнд  амьсгалах агаар цэвэр,эрүүл энх амьдралыг хүсэн ерөөе.

Бидний ажлыг чин сэтгэлээсээ дэмжихийг та бүхнээс хүсье.

“СИБТЕРМО-АМОРЕИНТЕРНЕЙШНЛ” хамтарсан төслийн багийн Оросын талын тэргүүн, Техникийн ухааны доктор ИСЛАМОВ СЕРГЕЙ РОМАНОВИЧ

Islamov@sibtermo.ru

oros

Сэтгэгдэлүүд

Дээш