Чуулга уулзалтын өнөөдрийн хуралдааныг “Ардчиллын төлөөх парламентчдын форум”-ын Ерөнхийлөгч ноён Эмануэлис Зингерис удирдан явуулж, оролцогчдоос өмнөх өдрийн хуралдааны үеэр гаргасан бүх саналыг тусгасан зөвлөмжийн баримт бичгийн эхний хувилбарыг танилцуулав. Форумд Бутан, Финлянд, Гүрж, Литва, Индонези, Итали, Ливи, Мексик, Герман, Латви, Польш, Тайван, АНУ, Монгол зэрэг 15 улсын парламентаас 50 гаруй төлөөлөгч оролцож, авлигатай тэмцэх үндсэн сэдвийн хүрээнд парламентын ёс зүйг дээшлүүлэх, парламентын хяналт, авилгатай тэмцэх чадавхийг бэхжүүлэх болон хамтын ажиллагааны талаар өөр өөрийн орны туршлагаа ярьж, хэлэлцүүлэг өрнүүлж, санал бодлоо хуваалцсаны дараа өнөөдөр ийнхүү төгсгөлийн баримт бичгийг боловсрууллаа.
Парламентчдын чуулга уулзалтаас Сайд нарын бага хуралд хүргүүлэх зөвлөмжид ардчиллыг хөгжүүлэхэд учруулж байгаа авлигын сөрөг нөлөөг 4 үндсэн чиглэлээр тодорхойлж, Ардчиллын хамтын нийгэмлэгийн орнуудын Засгийн газруудыг авлигатай тэмцэх үйл хэрэгт 5-6 чиглэлээр илүү анхаарал хандуулах болон дэмжлэг үзүүлэхийг уриалсан байна.
Зөвлөмжийн эхний хувилбартай танилцсаны дараа төлөөлөгчдийн хэлсэн зарим нэмэлт саналыг тусган эцэслэн боловсруулсныг хуралдааныг даргалж байгаа “Ардчиллын төлөөх парламентчдын форум”-ын Ерөнхийлөгч ноён Эмануэлис Зингерис уншиж танилцуулаад санал нэгтэйгээр баталж, маргааш болох Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн Сайд нарын VII Бага хуралд хүргүүлэхээр болов.
Үүгээр Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн Сайд нарын VII бага хурлын хүрээнд зохион байгуулагдсан “Ардчиллын төлөөх парламентчдын форум”-ын ажиллагаа өндөрлөлөө.
А.Сарантуяа