logo
Монгол Улс дэлхий нийт, бүс нутагтаа гайхуулахаар ардчиллын жишээ орон болж чадсаныг  онцлов

Монгол Улс дэлхий нийт, бүс нутагтаа гайхуулахаар ардчиллын жишээ орон болж чадсаныг онцлов

2013/04/29
Гадаад харилцааны сайд Л.Болд АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын нэгдүгээр орлогч Уильам Бөрнс тэргүүтэй төлөөлөгчдийг 2013 оны 4 дүгээр сарын 28-нд ГХЯ-нд хүлээн авч уулзан хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны хөгжлийн цаашдын зорилтын талаар болон олон улс, бүс нутгийн сонирхсон асуудлаар санал солилцов.

Л.Болд АНУ Монгол оронд өрнөсөн ардчиллыг эхнээс нь тууштай дэмжиж ирсэнд талархал илэрхийлээд Монгол Улс АНУ-ыг “гуравдахь хөрш”-өө хэмээн үздэгийг нотлон хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа хоёр улсын ард түмний тусын тулд улам өргөжин хөгжинө гэдэгт итгэл төгс буйгаа илэрхийлэв.

Сүүлийн жилүүдэд харилцан хэрэгжүүлсэн өндөр, дээд хэмжээний айлчлалууд нь харилцаа, хамтын ажиллагааг шинэ шатанд гаргахад чухал хувь нэмэр оруулсныг цохон тэмдэглээд тэдгээр айлчлалын үеэр тохирсон зүйлсийг ажил хэрэг болгоход хоёр тал анхааран ажиллаж буйг сайшаав. Мөн Мянганы Сорилтын Корпорацийн компакт нэгдүгээр гэрээг амжилттай хэрэгжүүлэхэд Монголын Засгийн газар анхаарч ирснийг дурдан уг гэрээ хоёр орны эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааг бэхжүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсан гэдгийг онцлов.

У.Бөрнс 20-оод жилийн өмнө АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга асан Ж.Бэйкерийг дагалдан Монгол Улсад анх зочилж байснаа дурсан өнгөрсөн хугацаанд Монгол Улс дэлхий нийт, бүс нутагтаа гайхуулахаар ардчиллын жишээ орон болж чадсаныг харахад таатай байгаагаа уулзалтын эхэнд онцлов.

Монгол Улс дэлхийн ардчилсан орнуудыг нэгтгэсэн хамгийн том байгууллагыг хоёр жилийн хугацаанд амжилттай даргалан Сайд нарын бага хурлыг эх орондоо зохион байгуулж буйд нь АНУ-ын Засаг захиргааны өмнөөс талархал илэрхийлж, дэлхий нийтэд ардчиллыг бэхжүүлэхэд цаашид ч хамтран ажиллахад урамтай байгаагаа мөн илэрхийлэв.

Мөн хоёр талын харилцаа, хамтын ажиллагаа дипломат харилцаа тогтоосноос хойшхи богино хугацаанд гүнзгийрэн хөгжиж ирснийг дурдаад цаашид харилцааг улам өргөжүүлэн хөгжүүлэх асар их боломж бийг онцлов.

Уулзалтын төгсгөлд тэрээр хоёр орны харилцааны асуудлууд болон бусад холбоотой асуудлуудыг жил бүр хэлэлцдэг Гадаад хэргийн яамд хоорондын зөвлөлдөх уулзалтыг ирэх намар Вашингтон хотноо зохион байгуулах нь чухал болохыг онцлон ойрын хугацаанд Монгол Улсын Гадаад харилцааны сайдыг албан ёсоор хүлээн авна гэдэгт найдаж байгаагаа илэрхийлэв.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш