logo
Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн Сайд нарын бага хурал амжилттай өндөрлөлөө

Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн Сайд нарын бага хурал амжилттай өндөрлөлөө

2013/04/30
Нийслэл Улаанбаатар хотод гурван өдөр үргэлжилсэн Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн Сайд нарын YII бага хурлын хаалтын ажиллагаа өнөөдөр /2013.04.29/ үдээс хойш Төрийн ордны Их танхимд боллоо. Бага хурлын хаалтын үйл ажиллагааг УИХ-ын гишүүн, Гадаад харилцааны сайд Л.Болд удирдан явуулав.

  Бага хурал өнгөрсөн өдрүүдэд Иргэний нийгмийн төлөөллийн, Парламентчдын, Эмэгтэйчүүдийн, Бизнесийн, Залуучуудын чуулга уулзалт гэсэн таван чиглэлээр салбар хуралдаан хийж, хэлэлцүүлэг өрнүүлсэн юм. Эдгээр салбар чуулга уулзалтад оролцогчдын гаргасан чухал санал, санаачлагуудыг нэгтгэн Сайд нарын бага хурлаас эцсийн санамж бичиг буюу Улаанбаатарын тунхаглалыг баталлаа.

 


 

   Бага хурлын хаалтын ажиллагааны үеэр салбар хуралдаануудыг даргалан хийлгэсэн төлөөлөгчид тус тусын чуулга уулзалтаас гаргасан санал шийдвэрүүдээ танилцуулсан юм. Иргэний нийгмийн төлөөллүүд байнгын мөрдөгдөх мөрийн хөтөлбөртэй болж, ардчиллын боловсролыг дэмжих чиглэлээр санал оруулсан бол Парламентчдын чуулга уулзалтаас авлигатай тэмцэхийн ач холбогдлыг зөвшөөрч, хүний эрхийг төлөвшүүлэх, иргэдэд чөлөөтэй мэдээлэл олгох нь авлигатай тэмцэх нэг гол арга мөн гэсэн саналыг оруулжээ.

  Мөн хаалтын ажиллагааны үеэр Геремекийн болон Пальерийн шагнал гардуулах ёслол боллоо. Геремекийн энэ удаагийн шагналыг Мьянмарын парламентын гишүүн, Нобелийн энх тайвны шагналт Ан Сан Су Чи хүртсэн юм. Энэ шагнал нь Азийнхны хувьд анхны бөгөөд эмэгтэй хүнд гардуулж буйгаараа бас анхны тохиолдол юм байна. Харин Пальмерийн шагналыг иргэний нийгэм, ардчиллын төлөө бүхнээ зориулсан хүмүүст олгодог тухай Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн Удирдах зөвлөлийн дарга Огома онцоллоо. Энэхүү шагналыг шагналыг гурван хүнд олгосны нэг нь манай улсын иргэн Гадаад харилцааны яамны Тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайд Сүрэнгийн Бадрал гардлаа.

   Бага хурлын үйл ажиллагааг албан ёсоор хааж Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хэлсэн үгэндээ, Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн Сайд нарын YII бага хурал амжилттай өндөрлөж байна. Бид ирээдүйд сайн сайхан зүйлийг бадраах эх хүслээ батлан баталгаажууллаа. Эмэгтэй удирдагчдид, олон эмэгтэй төлөөлөгчдийг хараад сэтгэл их өндөр байна гэдгээ илэрхийллээ. Мөн хэдхэн хормын өмнө баталсан Улаанбаатарын тунхагт бид өнгөрсөн хоёр жилийн хугацаанд олсон ололт амжилтаа нэгтгэн орууллаа. Монгол Улс цаашид ч Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэг дэх оролцоогоо улам идэвхжүүлнэ гэдгээ онцлоод Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн шинээр даргалах Эль Сальвадор улсад хүндэт тугийг гардуулан өгөв.

  Ийнхүү нийслэл хотноо гурван өдрийн турш үргэлжилсэн Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн Сайд нарын YII бага хурал амжилттай өндөрллөө.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш