logo
Ц.Оюунгэрэл: Юнеско-д соёлын өвийн жагсаалтаа шинэчилж явуулна

Ц.Оюунгэрэл: Юнеско-д соёлын өвийн жагсаалтаа шинэчилж явуулна

2013/04/30
Манай улсын үндэсний хөгжмийн зэмсэг морин хуур, ардын урлаг хөөмэйг Хятадууд өөрийнхөө соёлын өв болгож ЮНЕСКО-д бүртгүүлэх гэж байсныг нэлээд удаан хугацааны турш маргасны дүнд бүртгүүлж чадсан. Тэгвэл тус улс монгол морьны эмээлийг ӨМӨЗО-ы соёлын өв гэж бүртгүүлэхээр ЮНЕСКО-д бичиг баримтаа бүрдүүлж өгчээ. Энэ талаар ССАЖ-ын сайд Ц.Оюунгэрэлтэй ярилцлаа.

-Эмээлийг Хятадууд өөрийнхөө орны соёлын өвд бүртгүүлэхээр болсон гэсэн. Энэ талаар танай яам ямар арга хэмжээ авч ажиллаж байна вэ? 

-Бид ЮНЕСКО-гийн удирдлагуудтай удаа дараа уулзаж, хөрш орныхоо соёлын өвийг арай баян, мөнгөтэй улс орон нь түрүүлж бүртгүүлээд байгааг яаж зохицуулах вэ гэж асууж байсан. Манай талд ЮНЕСКО-гийнхон сүүлийн 20 гаруй жилийн судалгаагаа танилцуулсан юм. Уг танилцуулгад Өмнөд Африкийн орнууд сүүлийн жилүүдэд нэг ч соёлын өвөө бүртгүүлж чадаагүй байхад хөрш зэргэлдээ оршдог мөнгөтэй орнууд Африкийн соёлын өвийг өөрсдийн нэр дээр маш ихээр бүртгүүлсэн байна. Мөн манай урд хөрш зэрэгцэн оршдог орнуудын соёлын өвийг ч олноор бүртгүүлсэн гэх судалгаа гарсан байна билээ. Энэ судалгааг үндэслээд ЮНЕСКО дүрмээ өөрчилсөн. Тэд соёлын өвөө бүртгүүлэх гэж байгаа улс жилд нэг л өв бүртгүүлнэ гэсэн өөрчлөлтийг хийлээ. Тэр өв нь тухайн орны үндэснийх байх ёстой гэж заасан. Бидний ярьж буй эмээлийг 2008 онд ЮНЕСКО-гийн дээрх бодлогыг гараагүй байхад БНХАУ ирэх 10 жилд бүртгүүлэх соёлын өвийн жагсаалтдаа бүртгүүлээд өргөн барьсан байсан юм билээ. Тэр бичигт ӨМӨЗО-оос 40 гаруй зүйлийн жагсаалт орсны дотор манай эрийн гурван наадам багтсан байх жишээтэй. Энэ мэтчилэн манай улсын соёлын томоохон өвүүд түүн дотор явж байна.

-Тэгэхээр эмээлийг өмнөд хөрш соёлын өвөөр бүртгүүлж чадахгүй гэж ойлгож болох уу?

-Дээрх жагсаалтыг өмнөд хөрш нэг нэгээр нь бүртгүүллээ гэхэд 40 жил шаардлагатай болно. Нөгөөтэйгүүр тэд эмээлийг энэ жилдээ бүртгүүлж чадахгүй. Тэд өөрийнхөө орны соёлын өвийг үү эсвэл хөрш орнуудынхныг бүртгүүлэх үү гэх сонголт гарч ирнэ. Ийм сонголтыг ЮНЕСКО бодлогоороо тулгаад байгаа. Уг бодлогыг өв соёл нь хулгайлагдаж байгаа Африкийн орнууд болон Монгол гэх мэт Хятадтай зэргэлдээх улс орнуудад маш их сурталчилж байгаа. Та бүхэн эрхээ эдлэх хэрэгтэй. Танай хөрш жилдээ нэг л зүйл бүртгүүлэх эрхтэй. Тиймээс та нар зэрэгцээд соёлын өвөө бүртгүүлэхийн тулд хичээх хэрэгтэй гэсэн зөвлөмжийг ЮНЕСКО өгсөн. Бид олон улсын бодлогоор энэ удаа хамгаалалттай байгаа. Тэр хамгаалалт байгаагүй бол мөнгөтэй орон нь түрүүлж их сургуулиудаа байгуулж, өв соёлоо судлуулан цуглуулаад хөрш зэргэлдээх орнуудынхоо өв соёлыг 30-40-өөр нь бүртгүүлж байсан. Тэр байтугай ЮНЕСКО-гийн таван хэл дээр орчуулах, соёлын өвийг танилцуулахад боловсон хүчин болон санхүү их шаардагддаг. Одоо бид ЮНЕСКО-д өргөн барьсан жагсаалтуудтай нь зэрэгцүүлсэн жагсаалтыг Монголоос гаргаж өгөх ёстой. Уг жагсаалтад Монголоос хүсч байгаа зүйлүүдийг гаргаж өгнө. Хэрэв хоёр орноос зэрэгцээд нэг зүйлийг бүртгүүлэхээр материалаа бүрдүүлж өгсөн байвал заавал хэлэлцээр хийх ёстой байдаг. Тэгэхээр ӨМӨЗО-ы соёлын өв болох гээд байгаа эмээлийг Монголд хэрхэн үзэж байна вэ гэдгийг бид ЮНЕСКО-д тайлбарлах ёстой болж байгаа юм. Тиймээс би Соёлын өвийн хэлтсийн мэргэжилтнүүдтэйгээ ирэх сараас нэлээд сууж ажиллана. Биет бус өвийг жагсаалтаар болон соёлын өвөө бүртгүүлэх гэж хоёр ангилдаг. Жагсаалтад орсон зүйлээ өв болгож бүртгүүлэх ёстой. Тиймээс ойрын үед урьдчилсан жагсаалтаа шинэчлэн гаргаж ЮНЕСКО-д явуулахдаа нэлээд олон өвийг оруулж өргөн барьмаар байна. Урьдчилсан жагсаалтад ямар өв зайлшгүй оруулах вэ гэдэгт иргэдээс санал авч байгаа.

-Соёлын өвөө бүртгүүлэхдээ иргэдээс яаж санал авах ёстой вэ?

-ЮНЕСКО-д соёлын өв бүртгүүлэх тогтолцоогоо бид ойлгох хэрэгтэй. Тэр тогтолцоо нь төр санаачилсан байж болдоггүй. Төр нь санаачлаад “Чи үүнийг хэрэгжүүл” гээд иргэддээ үүрэг өгсөн байвал соёл гэж үздэггүй. Харин иргэд нь өөрсдөө санаачлаад “Би ийм эмээл хийдэг хүн байна. Үе удмаараа эмээл хийж байсан” гэх мэт санал ирвэл соёлын өвийг бүртгүүлэхэд маш хурдан. Тий­мээс соёлын өвд хайртай нутаг усаараа эмээлийг зайлшгүй бүртгүүлэх ёстой гэж үзэж байгаа иргэд манай яаманд хүсэлтээ ирүүлэхийг хүсье.

-Манай улс одоогоор ЮНЕСКО-д хэчнээн соёлын өв бүртгүүлээд байна вэ?

-Бид 11 зүйл бүртгүүлээд байна. Хөөмэй, цуур, уртын дуу, морин хуурыг бүртгүүлсэн. ЮНЕСКО соёл иргэншил, соёлын дурсгалт газар бүртгэдэг. Тухайлбал, Бурхан халдун уулаа бүртгүүлэх гэж байгаа бол ард түмний хүсэлт маш их хэрэгтэй байдаг. Урд нь энэ уулыг соёлын өвөөр бүртгэхээс татгалзаж байсан юм байна лээ. Тэд үүнийгээ тайлбарлахдаа “Танай төр хэтэрхий их тушаал зарлиг гаргадаг юм байна. Төр нь хамгаал гээд байдаг болохоос биш ард түмэн нь дуугардаггүй юм билээ” гэсэн үндэслэл хэлсэн гэсэн. Тиймээс соёлын өв бүртгүүлэхэд төр ажиллах нь зүйн хэрэг ч ард түмэн соёлоо өмчилж, харамлаж, хамгийн их оролцох ёстой гэдгийг хэлье. Хөөмэйг бүртгүүл гээд байгаа ч түүнийг бүртгүүлдэг хүн байхгүй болчихвол энэ өвийг бүртгэдэггүй юм билээ. Тиймээс ЮНЕСКО-д ийм эмээл хийж байна, хийсэн эмээлийг нь өчнөөн мянган хүн хэрэглэж байгаа гэсэн тоо баримт маш их хэрэгтэй байдаг.

-Энэ жил манай улс ЮНЕСКО-д ямар өвөө бүртгүүлэхээр материалаа явуулаад байгаа вэ?

-Уран бичлэгийг бүртгүүлэхээр материал бүрдүүлж явуулсан. Бүртгэх эсэхийг нь хэлж мэдэхгүй байна. Маш олон шалгуур давж байж бүртгүүлэх зөвшөөрөл авдаг юм.

Ардчилал сонин
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш