УИХ-ын гишүүн, МҮАН-ын УЗ-ийн гишүүн Гантөмөрийн Уянга
(Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн Сайд нарын VII бага хуралд хэлсэн үг)
Эрхэмсэг ноёд хатагтай нар аа, эрхэм төлөөлөгчид өө, анд найз нар аа!
Энэ индрээс хэлэх ёстой миний үг бол парламентын үр нөлөөтэй хяналтыг яаж бий болгох тухай асуудал юм. Парламент олон түмнээс сонгогддог. Хэдийгээр бид олонхоороо сонгосон ч түүнийгээ давхар хянах шаардлагатай. Энэ нь засаглалыг сайжруулах, ардчилсан засаглалын алдаатай талыг нь нөхөх хамгийн зөв хэлбэрүүдийн нэг. Дэлхий нийтэд хэрэглэдэг хяналтын арга механизмууд Монголын парламентад ч бий.
Нээлттэй сонсголыг парламентын түвшинд тогтмол биш ч хийж байсан, үүнтэй төстэй механизмуудыг хэрэглэдэг. Ерөнхийлөгчийн дэргэдэх иргэний танхим үүнтэй төстэй хэлэлцүүлэг, сонсголуудыг тогтмол хийдэг. Энэ танхим өдгөө өргөжөөд дүүрэг болгонд, аймаг сум болгонд зохион байгуулагдаж байна.
Засгийн газрын тэргүүн, сайдад итгэл үзүүлэх эсэх асуудлаар санал хураалтаар Монголын парламент хэзээ ч дутаж байсангүй. Засгийн газрын гишүүдээс асуулт, асуулга тавих процесс манай парламентын үйл ажиллагааны салшгүй нэг хэсэг мөн. Тухайлсан тодорхой асуудлаар түр хороо байгуулагдаж асуудлыг гүнзгий судлах илүү идэвхжүүлэх бололцоо УИХ-ын тухай хуулиар олгогдсон, бүхий л үеийн парламентад түр хороо байгуулагдаж үйл ажиллагаа явуулж байлаа. Одоо ч мөн уул уурхайн лиценз, уул уурхай тойрсон асуудлыг гүнзгийрүүлэн судлах түр хороо байгуулагдах гэж байна.
Төсвийн зарлагыг хянадаг бүтэц парламентын дотор ч гадна ч бий. Та бүхний сайн мэдэх эдгээр арга механизмаас гадна тогтмол үйл ажиллагаа явуулдаг 1000 орчим хэвлэл мэдээллийн хэрэгсэл, 700 гаруй төрийн бус, иргэний нийгмийн байгууллага Монголд үйл ажиллагаа явуулж байна. Хэрэв энэ дүр зургийг харвал Монголын ардчилал, хяналттай парламентаас гаднын улс орнууд суралцмаар дүр зураг харагдана.
Харамсалтай нь хяналтын эдгээр арга хэрэгслүүд өнөөдөр парламентыг хянахад хангалттай биш байгаа бөгөөд үр дүнгээ өгч чадахгүй байгаа юм. Магадгүй бид улам сайжруулахын тулд дахиад л толгой эргэм төрийн бүтцийн олон хяналтын сүлжээн дээрээ дахин нэмэлт бүтэц хийх, эсвэл парламентыг хянах ёстой тэр олон бүтцүүдийн шударга зөв ажиллаж байгаа эсэхийг бас дахин хянах давхар бүтэц хэрэгтэй юм болов уу.
Бүхэлдээ 22 жил өнгөрлөө, бид бас л ардчиллаа өрж дуусаагүй л байна. Ардчилсан нийгмийг нэг хүн юмаа гэж төсөөлөөд дүр зураг, гадна хэлбэрийг нь харвал бид хөл гар, нүд ам, зүрх уушиг гээд хүнд байдаг бүхий л эрхтэнтэй нэг хүнэрхий юм хийгээд тавьчихаад байна. Ганцхан тэр маань амь орж өгөхгүй 23 жил өнгөрлөө.
Хэлбэрийн хувьд харвал бид сайхан ардчилал, сайхан парламент бүтээсэн байж магадгүй. Одоо бидэнд агуулга, үр дүн хэрэгтэй байгаа юм. Монголын ард түмэн хэлбэрдсэн ардчиллаас залхаж гүйцээд байна. Тэд асуудлыг олон талаас нь авч хэлэлцдэг, нэвт харагддаг шилэн хоргонд суудаг төрийг биш асуудлыг шийдэж үр дүн гаргаж чаддаг хүчтэй төр засгийг хүсч байна.
Монгол Улсыг ардчилал болон ардчиллыг шинээр тогтоосон орнуудын үлгэр дуурайл гэж дэлхий дахинаараа саяхан болтол үзэж ирсэн юм. Гэтэл Монголд өргөж өрнөж буй улс төр, эдийн засаг, нийгмийн үйл явц үүнийг эсрэг бодит байдлыг нотолж байна. Хэн бүхний нүдний өмнө байгаа бодит байдал, хандлагыг гоёж чимэх шаардлага хийгээд боломж дууссан гэж бодож байна.
Монголын нийгмийн энгийн, хялбар, хүмүүнлэг, шууд харилцдаг системийн оронд хүнд, түвэгтэй, олон шатат, шууд биш, нүсэр системийг нэвтрүүлсэн нь үндэсний системийг бүрэн эвдрэлд оруулж байна. Энэ нүсэр систем ажиллахгүй байна.
Авилгатай тэмцэх газар байгуулаад авилга алга болоогүй, тэр байтугай багасаагүй. Хүний эрхийн комисстой болоод хүний эрхийн баталгаа болж чадаагүй. Тэр байтугай манай ардчилсан Үндсэн хууль өөрөө хүний эрх, ардчиллын баталгаа болж чадахгүй байгаа юм.
Монголын ардчилалд учирсан энэ бодтой хүндрэлүүдийг ийм явдал дэлхийн аль ч улсад байдаг, түр зуурын юм, танайхаас ч хамаагүй хүнд хэцүү улс олон байна гэдэг үгээр дүйвүүлэх бололцоогүй гэж бодож байна. Ардчилалд тулгарсан асуудлыг заавал дайн самуун, сүйрэлд хүргэж байж шийдвэрлэх ёстой юу?
Манай оронд дайн болоогүй, иргэний үймээн болоогүй, шашин, үндэстний сөргөлдөөн болоогүй, төрийн эргэлт, зэвсэгт мөргөлдөөн, хувьсгал гараагүй. Энэ бүхэн нь ардчилал амжилттай байгаагийн шинж гэж ойлгож болохгүй байх. Хэрэв аль нэг улс, аль нэг үндэстэн удаанаар мөхөж, сүйрч байвал ардчилал амжилттай байна гэж хэлж болохгүй байх.
Олон улсын санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх газар /FATF/ Монгол Улсыг дэлхийн санхүүгийн системд эрсдэл учруулж болзошгүй орны "саарал" жагсаалтад оруулаад байна. Удахгүй хар жагсаалтад оруулна. Монгол Улс хүний наймаа, хар тамхи, зохион байгуулалттай гэмт хэргийн сүлжээ, авилгаар дэлхийд толгой цохиж байгаа.
Монголын ардчилалд гарсан эвдрэлийг ил тод харуулсан аймшигт үйл явц 2008 оны 7 дугаар сарын 1-нд болсон билээ. Сонгуулийн үр дүнг луйвардаж, засгийн эрхийг хууль бусаар авсан болон авснаа нуухыг оролдсон эрх баригч бүлэглэлүүд өдөөн турхирснаас болж цуст мөргөлдөөн гарсан билээ.
Энэ үйл явдал олон улсын анхаарлыг ёс төдий татсан бөгөөд бүгдээрээ "харамсах" төдийгөөр өнгөрөөж уг үйл явдал болсноос хойш 2 жилийн дараа буюу 2010 оны 11 дүгээр сарын 1-19-ний өдрүүдэд НҮБ-ын Эрүүдэн Шүүхийн Эсрэг Хорооны зөвлөмж гаргав.
Тэрхүү зөвлөмжид: "Сүхбаатарын талбай дээр 2008 оны 7 дугаар сарын 1-ний өдөр болсон жагсаал цуглаан болон онцгой байдлын үеэр цагдаагийн байгууллага шаардлагагүй, их хэмжээний хүч хэрэглэсэнд сэтгэл хангалуун бус байна. Илтгэлд дурдсанчлан эдгээр шаардлагагүй, их хэмжээний хүчний ихэнхийг онцгой байдал зарласны дараа хэрэглэсэнд Хороо зовинож байна. Түүнчлэн Хүний эрхийн үндэсний комиссын хийсэн судалгааны дүнд сэтгэл хангалуун бус байна." гэсэн дүгнэлт гаргасан юм.
Монголын Хүний эрхийн Үндэсний комисс судалгаа хийгээд "7 дугаар сарын 1-ний үеэр хүний эрх зөрчигдөөгүй" гэсэн дүгнэлт гаргасан юм. Гэтэл НҮБ-ын Эрүүдэн Шүүхийн Эсрэг Хороо үүнд "сэтгэл хангалуун бус" гэдгээ илэрхийлээд "үйл ажиллагаагаа явуулахад нь шаардагдах хангалттай хэмжээний хүн хүч, хөрөнгө мөнгө, эд материалаар Монголын ХЭҮКомиссыг хангана уу" гэсэн зөвлөмж өгсөн байна.
Хүний эрхийн дээд комиссар Монголд "байгууллага" байгуулахад ирдэг. Авилгатай тэмцэх газар байгуулах гэж, Хүний эрхийн Үндэсний комисс байгуулах гэж. Харин хэд хэдэн хүн хүн буудаад алчихад ирэхгүй байна.
Монголд цаазаар авах ялыг халахад бараг дэлхий нийтээрээ бидэнд баяр хүргэсэн. Харин иргэдээ буудаж алаад хэдэн зуугаар нь барьж хориод байхад Монгол Улсын "дотоод" хэрэг гэж хэлээд "харамсал" илэрхийлээд өнгөрч байгааг би үнэхээр ойлгохгүй байна. Энд ямар нэг хоёрдмол стандарт үйлчлээд байна.
Зөвхөн эрх баригчдыг, төрийн байгууллагыг хянах тухай биш ардчилсан системээ бүхэлд нь нэг хянаж үзэх асуудал илүү тулгамдсан асуудал болсон юм биш биз гэж бодогдож байна.
Олон улсын байгууллагууд Монголд ардчилсан институт байгуулах хэлбэрийн талыг харж, хөрөнгө мөнгө, үзэл санаагаар тусалж байсан болохоос биш түүний агуулга, мөн чанар, үр нөлөөллийн талыг бараг анхаараагүй гэсэн дүгнэлт хийж болох байна. Үүний улмаас монголын ардчилал үлэмжийн их гажуудалд орсон гэж би хэлмээр байна.
Монголын арчиллын алдаанаас дараах сургамж гарч байна.
1. Ардчилалд шинэ болон шинээр шилжиж буй улс орнууд үндэсний онцлогоо сайтар харгалзан, тулгарч буй бэрхшээлээ бага дээр нь, цаг тухайд нь засаж явахгүй бол, үүнийгээ олон улсад зөв ойлгуулахгүй бол алдаа дутагдал ихээхэн даамжирч ужгирч хуримтлагддаг юм байна.
2. Ардчилалд хуучин хүчин саад бэрхшээл болдог нь үнэн. Гэхдээ ардчиллын нэрээр буруу зөрүү хийсэн ардчилсан нам болон хүчний лидерүүдийн ёс суртахуунгүй, зарчимгүй байдал түүнээс ч илүү хор хүргэдэг гэдгийг онцлон дурдахыг хүсч байна.
3. Жишээлбэл, манайд социалист коммунист удирдагчдын үед байгаагүй их авилга ардчилсан удирдагчдын үед бий болсон. Мөн коммунист удирдагчид хагартлаа баяжиж гадаадад нууц хөрөнгө хадгалуулж байгаагүй. Ард түмний нүдний өмнө илт байгаа энэ баримтыг ямар ч ардчилсан онолоор хаацайлах боломжгүй юм.
Тэгэхээр бидний мөрөөдлийн ардчилал хэдийн танигдахааргүй зүсээ хувиргасан, түүнийг дахин шинээр томъёолох хэрэгцээ шаардлага өнөөдөр зайлшгүй тулгарсан гэж үзэж байна.
Үүгээрээ би нэгэнт сонгон авсан ардчилал, зах зээлээс ухрах буцах тухай ерөөсөө яриагүй. Харин түүнийг алдаа, оноог шүүн тунгааж, ардчиллыг ахин төгөлдөржүүлэх тухай ярьж байна. Хэрэв энэ ажлыг хийхгүй юм бол ардчилал гэж байхын хэрэг юм байгаа юм ?! XX зууны үзэл суртлын их сөргөлдөөн дууссан, дэлхийн хамтын нийгэмлэг сайн сайхан тогтвортой ирээдүй рүү тэмүүлж байна.
Хэрэв Монголын ардчилал нуралтад орвол дэлхийн ардчилалд хүнд цохилт болох нь бас ямар ч эргэлзээгүй. Иймээс нялх балчир монголын ардчиллыг аврахад туслалцаа үзүүлнэ гэдэгт Та бүхэнд найдаж байна.
Ямар ч сэдэв сонгож авсан шийдэл нь эцсийн дүндээ яг ийм асуудал руу ороод байгаа юм. Сэдвээс багахан хальтирсандаа хүлцэл өчье, гэвч бидний ярилцах ёстой үндсэн том сэдвээсээ хазайгаагүй гэж бодож байна. Анхаарал тавьсанд баярлалаа.