logo
“Монгол Улс сүүдрээ нуудаггүй орон”

“Монгол Улс сүүдрээ нуудаггүй орон”

2013/04/30
Яг ингэж Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж  АОХН-ийн хуралдааны индрээс дэлхий нийтэд хандаж хэлсэн. Гэхдээ тэр нь худлаа байсныг АОХН-ийн хуралдааны төгсгөлд дурсгалын зураг авахуулахаар төрийн ордны өмнө цугласан дэлхийн олон орны зочид төлөөлөгчид өөрийн нүдээр харж, “шок”-нд оров.
МАХН-ын гишүүд, дэмжигчид Монгол Улсад нүүрлээд буй улс төрийн хэлмэгдүүлэлт болоод ардчиллын үнэт зүйлс алдагдаад байгааг АОХН-ийн хуралдааны төлөөлөгч нарт дуулгахаар гурван өдөр жагсаал цуглаан зохион байгуулж буй. Өнөөдөр тэд энэ удаагийн жагсаалийн сүүлийг хийж байгаа юм. Тэдний зарим нь ардчиллыг анархизм руу түлхэж буй Элбэгдорж огцор гэж байхад зарим нь улс төрийн хэлмэгдүүлэлтээ зогсоож Энхбаярыг сулла хэмээн уриалж, олон арван уриа лоозон барьсан байв. Харин манайхан жагсаал цуглааны үеэр урьд хожид байгаагүй “соёл” гээчийг гаргав. Соёл ч гэж дээ, сүүдрээ нууж байгаа нь тэр.
Монголын орчин цагийн түүхэнд хар толбо болон үлдсэн долдугаар сарын 1-ний хэрэг явдал.  Тэнд иргэнээ хамгаалах, эв зүйг нь зохицуулах ёстой төрийн хүчнийхэн зодохыг нь зодож, буудахыг нь буудаж байв. Хэн нэгэн иргэдэд ингэж болно, тэгж болохгүй гээд хууль журмыг нь ч таниулаагүй, таниулахыг ч хүсээгүй.  Гэтэл өнөөдөр АОХН-ийн хуралдааны төлөөлөгчид дурсгалын зурагаа авахуулахтай зэрэгцэн жагссан жагсагчидтай манай цагдаагийнхан хачин соёлтой хандав. Дуу өсгөгч ачсан пурон машинаас, “Эрхэм иргэд ээ, бид та бүхний жагсах эрхийг хүндэтгэж байна. Дэлхий нийтийн анхаарал монголд төвлөрсөн энэ үед та бүхэн соёлтойгоор жагсаж хайрлана уу. Та нар соёлтой байвал бид ч соёлтой байна”  гэж байх юм.

Бодохнээ, дарга нар хүч хэрэглэхийн оронд хүнлэг энэрэнгүй талаа харуул гэж үүрэгдсэн бололтой. Бодит байдал уу, эсвэл боловсруулсан жүжиг үү, бүү мэд. Дандаа ийм байдаг бол сайн хэрэг.
Төв талбайд тойрог үүсгэн цагдаагийн бие бүрэлдэхүүн хамгаалалт үүсгэжээ. Нөхцөл байдлыг харгалзан хэд хэдэн удаа хүч нэмэгдүүлэв. Энэхүү хамгаалалтыг сэтэлж, жагсагчдын дундаас нэг ахимаг насны эмэгтэй дурсгалын зураг авахуулж буй дотно гадны төлөөлөгчдийн зүг гүйн гараад төд удалгүй газар үхэдхийн унасан байв. Чухам юу болсныг анзаарсан хүн байгаагүй тул хэсэг хугацаанд тэрээр газар хэвтсэн юм. Энэ явдлыг харсан иргэд очиж тусламж үзүүлэхийг хүссэн ч хэнийг ч тойрог руугаа оруулсангүй. Үүнийг харж гайхшаа барсан гадны хэвлэлийн төлөөлөгчид арга барсан бололтой өнөөх ухаан алдсан эмэгтэйд тусламж үзүүлж харагдав. Үүрэг чухал уу, эсвэл түүнээс илүү “том дарга”-ын тушаал чухал уу гэдэгт гадныхан энэ удаад хүний амь чухал гэж хариулж, тусламж үзүүлж байхад, манайхан тушаал чухал гээд хэн нэгнээр туслуулах боломж олголгүй нэлээд хугацаа алдав. Хэрэв тэр ахимаг насны эмэгтэй амь насаа алдсан бол бүр ч балрах байлаа.
Өндөр хэмжээний айлчлал тохиож байгаа учраас цэрэг, цагдаагийнхан энэ удаад өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байгаа нь ойлгомжтой. Тэр тусмаа иргэд жагсаал цуглаан зохион байгуулж байгаа учраас сонор сэрэмж алдахгүй байх нь чухал. Гэхдээ урьд долдугаар сарын 1 шиг ил цагаан буу тулгаагүй ч төрийн орон, Соёлын төвийн дээвэр дээр буу, дуран агссан мэргэн буучид жагсагчид руу онилсон харагдав. Хэрэв байдал багахан хурцдаж, жагсагчид төлөөлөгчдийн хоорондын зай ойртсон бол энэ удаад ч иргэн рүү гээ бууны сумыг эзэнгүй даргын тушаалаар нисгэж мэдэхээр байв. Мөн онцгой үед ашиглагддаг ноход хэд хэд харагдаж байсан нь жагсагчдын жихүүцлийг төрүүлсэн бололтой, “Урьд нь монгол хүнийг монгол хүнийх нь эсрэг турхирч байсан бол одоо нохой тавихад бэлэн болжээ” хэмээн орилолдож харагдав.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш