logo
Nokia ашигтай ажиллаж эхлэв

Nokia ашигтай ажиллаж эхлэв

2014/10/24
Гар утасны салбар нэгжээ худалдсанаас хойш Nokia-ийн байр байдал дээрдэж байгааг тус компани ашигтай ажиллаж эхэлснээс харж болохоор байна. BBC-ийн мэдээлснээр Финлянд компанийн 3-р улирлын борлуулалт 13%-иар өссөний зэрэгцээ ашгийнх нь хэмжээ 747 сая еврод хүрч өссөн нь шинжээчдийн таамгийг давсан дүн болжээ. Харин жилийн өмнө компани 91 сая еврогийн алдагдалтай ажиллаж байсан юм.

Nokia гар утасны салбар нэгжээ Microsoft-д худалдсанаар сүлжээний тоног төхөөрөмж болон програм хангамжийн бизнестээ анхаарах болсон аж. Сүлжээний тоног төхөөрөмжийн зах зээлд Ericsson, Huawei компаниудын араас 3-рт бичигддэг Nokia компанийн хувьцаа 2013 оны 9-р сараас хойш 140%-иар өсөөд байгаа юм байна.

Microsoft Nokia-ийн гар утасны салбар нэгжийг өнгөрсөн 4-р сард $7.2 тэрбумаар худалдан авсан юм. Харин энэ долоо хоногт тус компани шинэ бүтээгдэхүүнүүдээ Nokia нэрээр гаргахгүй гэдгээ мэдэгдээд байна. Тухайлбал шинэ Nokia Lumia ухаалаг гар утсуудыг Microsoft Lumia нэртэйгээр худалдаанд гаргах ажээ.

РАЛЬДИЙ.А /shuum.mn/

Сэтгэгдэлүүд

Дээш