Энэхүү томилолтын хүрээнд элчин сайд Д.Зүмбэрэллхам Долны Оравы мужийн төв Долны Кубин хотын захирагч ноён Р.Матеов, тус хотын иргэдийн төлөөлөгчдийн хурлын гишүүд болон хотын захиргааны холбогдох удирдах албан тушаалтнуудтай уулзалт хийж Монгол Улсын нийгэм, эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, хоёр орны харилцаа, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, аялал жуулчлалын салбарт болон хөдөө аж ахуйн салбарт хамтран ажиллах нөөц боломжийг бий болгох чиглэлээр ЭСЯ болон Монгол Улсын төр засгаас хэрэгжүүлж буй тодорхой төсөл санаачилгын талаар мэдээлэл хийж, хоёр талын хамтын ажиллагааны талаар санал солилцов.
Манай хоёр орны иргэдийн уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагааны аливаа илрэл, санаачилгыг хоёр тал ардын дипломат бодлогын хүрээнд цаашид илүү ихээр дэмжин ажиллах шаардлагатай байгааг элчин сайд Д.Зүмбэрэллхам онцолж Монгол Улсын Дундговь аймгийн төв болох Мандалговь хотыг Словак Улсын аль нэг хоттой ах дүү, найрамдлын харилцаа тогтооход дэмжлэг үзүүлэхийг тус аймгийн удирдлага хүсэлт болгосныг уламжиллаа.
Долны Кубин хотын захирагч ноён Р.Матеов уг хүсэлтийг талархан хүлээн авч манай хоёр улсын олон жилийн уламжлалт найрсаг түүхэн харилцааг идэвхжүүлэн хөгжүүлэх зорилгоор Мандалговь хоттой ах дүү, найрамдлын харилцаа, хамтын ажиллагааг эхлүүлэх чиглэлээр ЭСЯ-тай хамтран ажиллахаар тогтов.
Элчин сайд Д.Зүмбэрэллхам тус томилолтын хүрээнд түүнчлэн Долны Кубин хотын ерөнхий боловсролын хоёр сургууль, Оравы мужийн дүрслэх урлагийн галерей, Долны Кубин хотын өвлийн спортын ордон болон усан спортын ордонд тус тус зочилж үйл ажиллагаатай нь танилцахын сацуу Долны Кубин хотын захирагч ноён Р.Матеов-тай хамт “Дэлхийн булаг, шандын эх хэмээн нэрлэгдсэн улиас мод”-ыг Туул голын усаар услах ёслол хийж Долны Кубин хотын телевизид монголын уламжлалын талаар болон Туул голын тухай ярилцлага өглөө.