logo
Г.Өлзийжаргал: Амжилттай сурах, ажиллах үндэс нь ХӨДӨЛМӨР

Г.Өлзийжаргал: Амжилттай сурах, ажиллах үндэс нь ХӨДӨЛМӨР

2016/09/15

Би Монгол улсын иргэн. Манай улс гурван сая хүн амтай, 55 сая толгой малтай, нэг хүнд ноогдох газар нутгийн хэмжээгээрээ дэлхийд 19-т эрэмблэгдэж,  ашигт малтмалын тогтоосон нөөцөөрөө ч бас дэлхийд дээгүүрт ордог.

(Эх сурвалж:  http://investmongolia.gov.mn/?page_id=118)


Бид баян уу гэж үү? Тийм ээ бид асар баян гэхдээ бас асар ядуу. Манай улсын эдийн засгийн гол хөдөлгөх хүч нь уул уурхайн баялаг. ХҮН биш.

УЛСЫН БАЯЛАГ ХҮН. Толгойтой бүхэн уул уурхайн салбар руу улангасан дайрч, тэндээс л эдийн засгийн гарц, ирээдүйн хөгжлийг эрэлхийлж байгаа энэ цагт монгол оюун ухаан дэлхийд хэрхэн үнэлэгдэж байгааг нэгэн бүсгүйн жишээгээр харуулахыг зорьлоо. Энэ эмэгтэйг Г.Өлзийжаргал гэдэг. Австрали улсын Сиднэй их сургуульд доктор хамгаалж эндээ мэргэжлээрээ судлаач хийж буй Монгол бүсгүй -Монгол толгой.

Сиднэй хотын нэгэн нарлаг өдөр булангийн Coffee shop-т сэтгүүлч миний бие түүнтэй анх нүүр тулж уулзсан юм. Болзсон цагаасаа түрүүлэн ирсэн би түүнийг ямар хүн байх бол гэсэн төсөөлөлд автав. Тэр судлаач, номын хүн учраас нүдний шил зүүсэн, намдуухан ярьдаг гэх мэт бодлууд хөвөрсөөр... Сайн байна уу? гэж Монголоор мэндлэх хүртэл би түүнийг Монгол хүн гэж таниагүй юм. Өндөр нуруутай, нүүр дүүрэн инээсэн, ёстой л нэг гялалзсан бүсгүй зогсож байх нь тэр. Тэр миний төсөөлөлөөс тэс ондоо байв.

- Нар ээсэн сайхан өдөр байна?

- Тийм байна. Гоё өдөр уулзлаа. Монгол хүнтэй ойрд уулзаагүй сайхан байна.

- Монголоор яриагүй зөндөө удсан байх. Англиар ус цас шиг ойлголцоно биз дээ?

- За тэр ёстой худлаа... (инээв). Одоо ч гэсэн англи хэл миний том асуудлуудын нэг байсаар л байна. Яг эндэхийн унаган иргэн биш болохоор гологдохгүйн тулд алхам тутамдаа шинээр суралцах шаардлага гарах юм.


- Гадаад хэлийг төгс эзэмших болон ярьж сурах гэдэг хоорондоо асар их ялгаатай. Хэлийг хэрхэн хурдан сурах өөрийн туршлагаасаа хуваалцахгүй юу?

- Тэгэлгүй яахав мэдээж маш их ялгаатай. Хамгийн анх Америкт магистерт сурья гэж төлөвлөөд 2005 онд TOEFL- ийн 550 оноо авч АНУ-ын Манао дахь Хавайн Их Сургуульд суралцах эрхээ авч байсан. Тухайн үедээ өөрийгөө англи хэлийг бараг сурчихлаа гэж эндүүрч явжээ. Гадаад хэлийг эзэмших ганцхан зарчим бий, үгийн баялгаа нэмэгдүүлэх. Хэрэв үг мэдэхгүй бол өөрийгөө аман болон бичгээр зөв илэрхийлэхэд маш хэцүү. Шинэ үг сурахдаа зөвхөн хичээлийн мэргэжлийн номоо уншиж лецкэнд суух биш өөр олон төрлийн мэдээллийн эх сурвалжийг амьдралын хэвшил болгоно гэсэн үг юм. Жишээ нь би өглөө гэрээсээ гараад галт тэргэнд суугаад ажилдаа очиход бүтэн нэг цаг зарцуулдаг. Тэр үедээ англи хэл дээр уран зохиолын ном уншина эсвэл I phone- ийн сонирхолтой Podcast-ууд сонсож шинэ үгийн хэрэглээг утгачилан ойлгож сурдаг. Хүсвэл та ч гэсэн машины түгжрэлд байх зуураа утсан дээрээ үнэгүй подкаст гадаад хэл дээр сонсч болно шүү дээ.

- Эндэхийн сургалтын систем маш нарийн төлөвлөгөөний дагуу явагддаг. Хичээлийн хувиаруудаа долоо хоног бүрээр гаргачихсан нэг ч сул өдөргүй байх юм. Ийм үед хувийн зохион байгуулалтаа хэрхэн хангаж суралцав?

- Хамгийн эхэнд сургуулиа төгссөний дараа ийм мэдлэг чадвар эзэмшсэн байх болно гэдэг зорилгоо тодорхойлж төлөвлөгөө гаргадаг. Гэхдээ төлөвлөгөө гаргаж түүнийгээ дагах нь амжилтын зөвхөн нэг хэсэг нь. Хамгийн чухал нь ямар ч хэцүү байсан түүнийхээ ард сэтгэл дүүрэн гарах гэсэн чин хүсэл эрмэлзэл. Анх АНУ-д магистерт суралцахаар шууд очоод гадаад хэл дээр лабораторид молекулын судалгаа хийхэд үнэхээр хэцүү байсан, бараг гурван жилийн турш долоо хоногийн долоон өдөр цөхрөлтгүй мэрийж байлаа. Харин докторын хичээлээ цаг хугацаандаа дуусгасан нь урьдны шахуу сургалтын туршлаган дээр суурилсан байх тэгээд багш болон төслөө зөв сонгож төлөвлөж маш хурдтай бас тууштай ажилласан.

  • Амжилттай сурах, ажиллах бүх зүйлийн үндэс нь ерөөсөө л ХӨДӨЛМӨР. Нүр их хөдөлмөрийн үр дүнд та дэлхийд үнэлэгдэх боловсрол бас чадварыг олж авна.




- Синдэй их сургууль Австралидаа 2-рт эрэмбэлэгдэж дэлхийн шилдэг 100 их дээд сургуулийн тоонд ордог энэ ч хирээрэээ шалгуур нилээн өндөр тавигддаг. Доктороо ямар сэдвээр хамгаалав?

- Манай сургуулийн докторын сургалт 3-4 жилийн хугацаанд үргэлжилдэг. Энэ хугацаанд сонгосон төсөл дээрээ үр бүтээлтэй ажиллаж олон улсын мэргэжлийн сэтгүүлд багадаа гурван шинжлэх ухааны нийтлэл хэвлүүлсэн байх ёстой. Миний хувьд жирэмсэний амралттайгаа хамт гурван жил жил хагаст таван олон улсын нийтлэл хэвлүүлж “Монгол-Австралийн сүрьеэгийн молекул тархварзүйн судалгаа” гэсэн сэдвээр докторын зэргээ хамгаалж дуусгалаа. Монгол улсад нэг зуун мянган хүн амд 220 сүрьеэгийн тохиолдол бүртгэгддэг бол 23 сая хүн амтай Австралид 6 тохиолдол бүртгэгддэг юм байна. Манай улс Ази Номхон далайн Зүүн бүсийн сүрьеэгийн 7 дахь өндөр тархалттай орны тоонд ордог мөн хүн амын дотор олон эмэнд дасалтай сүрьеэ асар хурдацтай тархаж байгаа нь миний хийсэн судалгааны явцад харагдсан, цаашид  тархалтыг бууруулахын тулд яаралтай олон ажлуудыг эхлүүлэх шаардлагатай байна. Жишээ нь эмийн даслын шинжилгээг сэжигтэй тохиолдол бүр дээр хийж эмчилгээнд нэн даруй хамруулах гэх мэт.


- Хэрэв олон эмэнд дасалтай сүрьеэ ихээр тархвал юу болох бол?

- Сүрьеэ бүрэн эмчлэгддэг өвчин. Гэвч олон эмэнд дасалтай сүрьеэ эмчилгээ авахдаа удаан хоёр жилийн турш 14,000 гаруй эм ууж, тариа тариулж байж эмчлэгддэг. Гэхдээ эдгээр өвчтнүүд эмчилгээгээ тэр болгон амжилттай дуусгаж чаддаггүй. Яагаад гэвэл энэ их эмийг удаан хугацаанд уухад асар гаж нөлөөтэй зарим тохиолдолд сохорч, сонсголгүй хүртэл болдог. Ийм болохоор олон эмэнд дасалтай өвчтнүүд олширвол өвчний тархалт ихэсч тэр хирээрээ эдгээр хүмүүсийн гэр бүлд сэтгэл зүй, бие бялдар, эдийн засгийн хохирол учрана. Үүгээр ч зогсохгүй манай улсын эрүүл мэндийн салбар ч эдийн засгийн ихээхэн хэмжээний хохирол амсах аюултай.

- Тэгэхээр өндөр хөгжилтэй оронд судалгаа шинжилгээний ажил хийсэн хүний хувьд гарцыг өөрийнхөөрөө тодорхойлохгүй юу?

Хамгийн гол нь хүмүүст зөв мэдээ, мэдээлэл хэрэгтэй байна. Зөв мэдээллийг нийгэмд түгээснээр бид  сүрьеэ өвчнийг эрт илрүүлж чадна. Монгол улс даяар хийгдсэн сүрьеэгийн тандалтын судалгааны эхний байдлын үр дүнгээр анх тооцоолж байснаас 3 дахин их сүрьеэгийн тохиолдол илэрсэн. Эндээс үзэхэд бид сүрьеэ өвчний илрүүлэлтийн менежментийг шинэчилж, энэ өвчнийг идэвхитэй илрүүлэх нэмэлт хөтөлбөр хэрэгжүүлэх хэрэгтэй нь харагдаж байгаа. Жишээлбэл сүрьеэгийн сэжигтэй хүмүүсийг сум дүүргийн түвшний диспансер дээр эрт илрүүлж оношлогооны хоцрогдлыг багасгаж, эмчилгээ тасалдалтыг бууруулж, идэвхтэй тандалт явуулж нэг ёсны төвд төвлөрүүлэх бус хүмүүст ойрхон захын төвүүдийн эмч мэргэжилтэн болон лабораторийн хүчин чадлыг нэмэгдүүлж тэдний үйл ажиллагаанд өндөр ач холбогдол өгч ажиллах хэрэгтэй байгаа юм. Ингэж цаг алдалгүй ажилллаж чадвал сүрьеэ өвчний тархалтыг багасгахад нөлөөлж чадна. 

- Австралийн төрийн бус байгууллагад Эрүүл мэндийн Эдийн засгийн судалгаа хийдэг. Мэдээж маш их зүйл сурч бас туршлага хуримтлуулж байгаа байх?

- Тийм шүү, анх энд суралцах зорилготой ирсэн одоо харин шинэ ажлын туршлага хуримтлуулахаар  Австралийн “Полиси Кьюрс” төрийн бус байгууллагад судлаачаар ажиллаж байна. Энэ байгууллага Эрүүл мэндийн эдийн засгийн судалгаа хийж тайланг нь “Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага”, “Билл Мелинда Гэйтес”-ийн сан зэрэг олон улсын байгууллагууд ашиглаж зарим үйл ажиллагааны чиглэлээ тодорхойлдог. Энэ ажлаасаа мөн судалгааны үр дүнг эрүүл мэндийн бодлого боловсруулахад хэрхэн хэрэглэх вэ гэдгийг суралцаж байгаа. Өөрөөр хэлбэл эрүүл мэндийн нотолгоонд тулгуурласан бодлого боловсруулалтыг ажлыхаа туршлагаар сурч байгаа гэсэн үг юм. Мэдээж эхэндээ бэрхшээлтэй, хэцүү зүйлүүд зөндөө байсан. Лабораторийн хүн оффист ажиллахад цоо шинэ ажлын соёл, арга барил зэрэг шинээр сурах зүйлүүд их гарч ирсэн. Хамгийн түрүүнд өөртөө нэгэнт энэ өндөр босгыг даваад ороод ирсэн юм чинь хүмүүсээс дутахгүй юм шүү гэсэн амлалт өгөөд зүтгэсэн. Нэг үеэ бодвол ажилдаа овоо зүгширч байна. Их ч юм сурч байна даа.

- Австраличууд их найрсаг хүмүүс шиг санагддаг. Гэвч яг үнэндээ тэдэнтэй цуг эрдэм шинжилгээ, судалгааны чиглэлд хамтран ажиллаж байгаа Монголчууд маш цөөхөн?

- Авсраличуудтай хамтарч ажиллахад их найрсаг, тусархуу, таатай байдаг. Тэд ажлын цагаа өндөр үр бүтээлтэй ашигладаг, цаанаас нь ч тийм шалгуур тавьдаг. Хэрэв та ажлаасаа 30 минут хоцорч ирвэл нөхөж суугаад цагаа заавал гүйцээнэ, хийх ёстой ажлаа цагт нь багтааж хийж чадвал гэрээсээ хоёр өдөр, оффис дээрээ гурван өдөр ажилласан ч болно. Үүнийгээ дагаад ажлын үр бүтээмжийг сайжруулах олон янзын интернет, дотоод сүлжээнд тулгуурласан системүүдийг маш сайн ашигладаг. Жишээ нь манай ажил 11 янзын тусгай софтвейр ашиглаж төслийн явц үр дүнг жилийн турш хянаж, цаг ашиглалтыг минут бүрээр нь тооцдог, тийм болохоор нилээн уян хатан ч тэр хирээрээ ажил цалгардахгүй яг л цагтаа чанартай хийгддэг. 



- Австрали, Америк хүмүүсийн хооронд хир их ялгаа байна. Зарим хүмүүс Австраличуудыг илүү залхуу, удаан хүмүүс гэлцэх юм?

- Австраличууд залхуу удаан бишээ... (инээв). Магадгүй тэд эрт ажилдаа ирээд эрт тардаг бас бичиг цаасны ажлууд нь удаан явагддаг болохоор тэгэж санагддаг байх. Америкийг бодоход өрсөлдөөн багатай, хийх ёстойгоо хийгээд л амьдралдаа хүрэлцэхүйц цалин авдаг болохоор амьдарлынхаа чанар хэвшилд илүү анхаарч амьдардаг. Харин Америкт бол өрсөлдөөн ихтэй, байнгын стресс мэдрэгдээд байдаг. Гэхдээ тэр хирээр хүний ачаалал даах чадвар нэмэгддэг юм шиг санагдсан.

- Орчин цагт хүмүүс өндөр хөгжилтэй оронд боловсрол ихээр эзэмших болсон магистер, доктор гэх мэтчилэн. Эдгээрийн ялгаа заагийг өөрийнхөөрөө тайлбарлаад өгөхгүй юу?

- Магистерийн түвшинд судалгааны аргуудад суралцаж багшийн шууд удирдлаган дор ажилладаг харин докторын сургалтын хувьд багш чиглүүлж өгөөд өөрийн санаагаа өөрөө лабораторид туршиж үздэг. Тийм ч утгаараа доктор хамгаалсан хүн бие даасан судлаач болж нилээн нухацтай бодож, салбараа нарийн мэддэг болдгоороо магистерийн сургалтаасаа ялгаатай юм уу гэж бодогдсон.

- Мөрөөдөл хүнийг амжилт руу хөтөлдөг гэдэгт би итгэдэг. Бага насны мөрөөдлөөсөө хуваалцахгүй юу?

- Намайг арван жилийн сурагч байхад Оросын ОРТ сувгаар Бразилийн олон ангит кино гардаг байсан. Тэр киноны эхлэл хэсэгт Рио Де Женейро хотын үлгэрийн юм шиг далайн эрэг, гайхалтай байшин, халуун орны хүмүүс, дуу бүжиг бас уулын оргил дээрх Христийн хөшөө гардаг. Тэрийг үзэх болгондоо заавал очиж үзнэ дээ гэж боддог байлаа. Тэгээд магистрт суралцаж дуусаад Өмнөд Америкт судлаачаар түр ажиллах санал ирсэнийг  дуртайяа зөвшөөрч мөрөөдлөө биелүүсэн дээ. (Инээв). 

- Мөрөөдөлдөө үргэлжүүлэхийн тулд цаашид ч суралцсаар байх уу?

- Яг өнөөдрийн миний мөрөөдөл илүү бодитой зорилгууд болж хувирсан түүндээ хүрэхийн тулд тасралтгүй сурч хөдөлмөрлөнө. Цаг хугацааны шалгуураар ямар шинэ мэдлэг, чадвар хэрэгтэй байна түүнийг танхимын хичээлд сууж юм уу эсвэл өөрөө биеэ даан суралцаж ирсэн энэ хэвшил маань үргэлжилсээр байна байх.

Ярилцсанд баярлалаа.

Австрали улс, Сиднэй хот.  2016 он
Ярилцсан: Б. Гэрэлмаа
Гэрэл зургийг : Б. Дэлгэрмаа

Сэтгэгдэлүүд

Дээш