logo
Б.Батжаргал: Эрчим хүчний салбарын хувьчлал үр өгөөжөө өгнө гэдгийг бид үйл ажиллагаагаараа нотолж чадсан

Б.Батжаргал: Эрчим хүчний салбарын хувьчлал үр өгөөжөө өгнө гэдгийг бид үйл ажиллагаагаараа нотолж чадсан

2017/01/30

"Гэрлийн хурдаар хөгжлийг дэмжинэ” уриатай "Дархан Сэлэнгийн Цахилгаан түгээх сүлжээ” хувьцаат компани нь Сэлэнгэ, Дархан-Уул, Төв аймгийн нийт 26 сумын 4315 аж ахуйн нэгж, 41553 өрхөд цахилгаан эрчим хүч түгээх, борлуулах үйл ажиллагаа явуулдаг. Эрчим хүчний салбарт хамгийн анх удаа хувийн хэвшилд шилжин, зах зээлийн зарчмаар ажиллаж байгаа цорын ганц компани гэдгээрээ онцлогтой энэ компанийн дэд захирал бөгөөд Ерөнхий инженер Б.Батжаргалтай бид уулзаж ярилцсан юм. "Дархан Сэлэнгийн Цахилгаан түгээх сүлжээ” хувьцаат компанийн сүүлийн жилүүдийн ажил үйлс "Эрчим хүчний салбарыг хувьчлах нь зөв үү, буруу юу. Хэрвээ хувьчилбал ямар журмаар, хэрхэн хувьчлах ёстой вэ?” гэдэг маргаан дагуулсан асуултад тодорхой хэмжээгээр хариулт өгч чадна.

-Танай компани яг хэзээ хувьчлагдсан юм бэ гэдгээс яриагаа эхэлье гэж бодож байна?

- Манай компани анх 1965 оны 04-р сарын 01-нд Сайд нарын зөвлөлийн 155 дугаар тогтоолоор Аж үйлдвэрийн яамны харъяа Дархан Сэлэнгийн Цахилгаан шугам сүлжээний газар болон үүсэн байгуулагдаж байсан түүхтэй. Монгол Улсын Засгийн газрын мөрийн хөтөлбөр, Эрчим хүчний тухай хуулийн дагуу Засгийн газрын 2001.08.01-ны 164 дүгээр тогтоол, ТӨХ-ны 454 дүгээр тогтоолоор зарласан нээлттэй уралдаант шалгаруулалтаар хувьчлагдан "Дархан Сэлэнгийн Цахилгаан түгээх сүлжээ” Хувьцаат компани болон 2004 онд Хасвуу ХХК-ийн мэдэлд бүрэн шилжиж үйл ажиллагаагаа явуулж байгаа.

-Хэрвээ нууц биш бол тухайн үед хичнээн төгрөгөөр хувьчлагдаж байсан юм бэ? Ер нь хувьчлалын дараа компанийн нөхцөл байдал хэр байсан бэ?

-Бидэнд нуугаад байх зүйл байхгүй л дээ. ТӨХ-ны нээлттэй уралдаант шалгаруулалтаар хувьчлагдсан. Мөнгөний ханш ч чанга байх тэр үед 3.6 тэрбум орчим төгрөгөөр хувьчлагдсан юм. Хувьчлалын эхний үед жаахан хүнд байсан. Таван эзэнтэй, эрчим хүчний салбарыг тэр бүр сайн ойлгохгүй, зорилго дээрээ нэгдэж чадаагүй хүмүүс байсан учраас санал зөрдөг, асуудал шийдэх гэж уддаг үе байсан. Гэхдээ яваандаа зорилго нь тодорхой болоод, хөрөнгө мөнгөний асуудал шийдэгдээд ажил аяндаа жигдэрч эхэлсэн.

-Танай "Дархан Сэлэнгийн Цахилгаан түгээх сүлжээ” хувьцаат компани эрчим хүчний салбарт хувьчлагдаад үйл ажиллагаагаа явуулж байгаа ганц компани. Хувьчлагдсны давуу тал нь юу вэ?

-Мэдээж давуу тал маш олон бий. Жишээлбэл, янз бүрийн хүнд суртал алга. Асуудлыг дор, дор нь шийдээд явж чаддаг. Улс төржилт, элдэв томилгоо алга. Тиймээс мэргэжлийн ажилтнууд хэн нэгнээс айж эмээхгүйгээр ажил үүргээ гүйцэтгэж чадаж байна. Төрийн мэдэлд байгаа эрчим хүчний компаниудын зовлон их. Ямар нэг техник, технологи шинэчлэх, хөрөнгө мөнгөний асуудал шийдэхээр болбол Төлөөлөн удирдах зөвлөл, Сангийн яам, Төрийн өмчийн хороо, салбарын яам гээд баахан газруудаар явдаг, бичиг баримт зөвшөөрөл авах гэж дарга нарын үүдийг сахиж суудаг. Тэгвэл бидэнд ийм зовлон алга. Асуудлаа Төлөөлөн удирдах зөвлөлөөрөө шийдүүлдэг. Энэ зөвлөлд хараат бус гишүүд оролцож, шийдвэр гаргах, үйл ажиллагаа явуулахад дэмжлэг, зөвлөгөө өгнө үү гэхээс биш ямар нэг саад тотгор учруулдаггүй. Манай төлөөлөн Удирдах зөвлөлд хөрөнгө оруулагчийн төлөөллөөс гадна дандаа эрчим хүчний салбарын эрдэмтэд багш нар байдгаараа давуу талтай. Тиймээс бодлогоо сайн тодорхойлж, үүнийгээ хэрэгжүүлэхийн тулд зоригтой алхамууд хийж чадаж байна. Эрчим хүчний салбар хувьчлагдах бүх эрх зүйн орчин бүрдсэн байгаа. Ер нь хувьчлалаас айх биш харин зоригтой хувьчилж, хувьчилж авсан хүмүүс нь хариуцлагатай ажиллах л шаардлагатай. Өнгөрсөн 2012 онд "Ухаалаг тоолуурын сүлжээ”-г нэвтрүүлэх ажлыг эхлүүлсэн. Биднийг энэ санал, санаачилгыг гаргаж байх үед ухаалаг тоолуурын сүлжээний талаарх ойлголт тун нимгэн байсан. Европоос Италид, Азиас Хятадад л энэ сүлжээг нэвтрүүлж эхэлж байсан. Ийм нөхцөлд л бид зориглож "Ухаалаг тоолуурын сүлжээ”-г нэвтрүүлэх ажилдаа орсон. Одоо дэлхий нийтээрээ дулаан, цахилгаандаа "Ухаалаг тоолуурын сүлжээ”-г нэвтрүүлэх ажлыг хийж байна.

-Төрийн мэдэлд байгаа компаниудын хувьд хөрөнгө мөнгөний үрэлгэн байдал, элдэв шахаа ихтэй байдаг гэсэн хардлага байнга бий. Харин танай хувьд?

-Бидний хамгийн давуу тал бол энэ. Ямар нэг техникээ шинэчлэх бол судалгаа хийж, дундын ямар нэг зуучлалгүйгээр шууд үйлдвэртэй нь гэрээ хийж авдаг. Илүү чанартайг, илүү хямд үнээр авч, илүү урт удаан хугацаанд ашиглахыг зорьдог. Энэ бол бидний нэг давуу тал. Жишээлбэл кабель утас, трансформаторыг гэхэд л ОХУ-аас авч байна. Дэд станцын тоноглолуудыг гэхэд Германы "SMS” компаниас авдаг. Хятадаас бид ямар нэг тоноглол авдаггүй. Дандаа чанартай бараа бүтээгдэхүүнээр техник технологио шинэчлэх зорилготой байгаа.

-Эрчим хүчний салбарын хувьчлалаас эрчим хүчнийхэн маань өөрсдөө ч болгоомжилдог. Ажилгүй болно гэсэн айдас нэг бус хүнд байдаг байх? Танай компанийн хувьд хувьчлагдахдаа хэдэн ажилтантай байсан бэ?

- Анх хувьчлагдахдаа манай компани 279 ажилтантай байсан. Үйл ажиллагаагаа өргөжүүлж, техник технологио сайжруулж, өнөөдрийн байдлаар 434 ажилтантай үйл ажиллагаагаа явуулж байна. Бид техник технологийн хувьд урагшилж байна. Нийтдээ 11 систем нэвтрүүлж чадлаа. Ажилчдынхаа цалин хөлсийг ч гэсэн нэмсэн. Одоо ажилчдынхаа нийгэмийн асуудлыг шийдвэрлэхээр зээл аваад ажилчиддаа зориулсан орон сууцны барилга барьж эхлээд байна. Манай нийт ажилчдын 60 гаруй хувь нь залуучууд. Тиймээс тэднийг сургах, мэргэшүүлэх, орон байртай болгох тал дээр анхаарч байна.

-Бид хувьчлагдсны давуу талыг их ярьлаа. Тэгвэл сул тал нь юу вэ?

-Төрийн дэмжлэг байдаггүй. Олон улсын төсөл хөтөлбөрт хамрагдах, хөнгөлөлттэй зээл тусламж авах гэхээр хувийн компани гэсэн байдлаар ханддаг. Уг нь Монгол Улсын эрчим хүчний тогтвортой байдлыг хангах үйлсэд зүтгэж, гурван аймгийн 50 орчим мянган хэрэглэгчдийг цахилгаанаар хангаж байгааг бодолцож, төрөөс жаахан ч гэсэн дэмжлэг үзүүлбэл бид ямар ч асуудалгүйгээр үйл ажиллагаагаа явуулах боломж бүрэн бий. Манай компанийн хувьд төрөөс мөнгө төгрөг бус харин хөнгөлөлтттэй зээл, олон улсын төсөл хөтөлбөрт хамрагдах үед л дэмжээд өгдөг байгаасай гэж хүсч байгаа юм. Эрчим хүчний салбарын хувьчлал үр өгөөжөө өгнө гэдгийг бид үйл ажиллагаагаараа нотолж чадсан.

-Танай ухаалаг тоолуурын нэгдсэн сүлжээ нэвтрээд багагүй хугацаа өнгөрлөө. Танай тоолуур Монгол инженерүүдийн бүтээл гэдгээрээ давуу талтай?

-Ухаалаг тоолуурын системийг нэвтрүүлснээр бүх байгууламжуудын мэдээлэл болон ААН, ахуйн хэрэглэгчдийн тоолууруудын үйл ажиллагааг хянах, удирдах мөн тухайн объектод суурилуулсан тоног төхөөрөмжүүдийн үзүүлэлт, шаардлагатай мэдээллүүдийг нэгтгэн авч өгөгдлийн бааздаа хадгалах, хадгалсан болон ирж буй өгөгдлүүдэд анализ, боловсруулалт хийх, борлуулалт арилжааны системтэй холбох, диспетчер дээр хянах боломж бүрдсэн. Тоолуурыг бид үнэ төлбөргүй суурилуулж байгаа.

-Ярилцсанд баярлалаа.

Эх сурвалж: Эрчим хүчний зохицуулах хороо

Сэтгэгдэлүүд

Дээш