logo
Пакистаны Хибер Пахтунхва мужийн ассамблейн тэргүүн авлигын асуудалд хариу өгөв

Пакистаны Хибер Пахтунхва мужийн ассамблейн тэргүүн авлигын асуудалд хариу өгөв

2017/03/28
Хибер Пакистан 2017.3.20 (Dawn). Пакистаны Үндэсний хариуцлагын товчооноос Кхубер Пахтунхва мужийн ассамблейн тэргүүн Асад Кайзерыг авлига, албан тушаалаа урвуулан ашигласан хэрэгт холбогдуулан өнгөрөгч бямба гарагт буруутгасан юм.

Асад Кайзерийг нийслэл Исламабад хот дахь Бани Гала хороололд 350 сая пакистан рупигийн өртөг бүхий харш эзэмшдэг, мөн барилгын төслүүдээс хувьдаа завшсан зэрэг асуудлуудад Үндэсний хариуцлагын товчооноос буруутгаж байгаа билээ.

Дээрх асуудалтай холбогдуулан Хибер Пахтунхва мужийн тэргүүн сайд Первез Хаттакийн хамт Кайзер Исламабад хот дахь хэвлэлийн төлөөлөгчдөд мэдэгдэл хийж, өөрийн байр сууриа илэрхийлсэн юм. Хаттакийн мэдэгдэлд дурдсанаар “Кайзер нь 350 сая рупигийн өртөг бүхий харш эзэмшдэггүй” гэсэн бол харин Кайзер нь “түрээсийн байранд амьдардаг” хэмээн мэдэгдсэн байна.

Улмаар өөрийн эзэмшлийн хөрөнгийн талаарх “дэлгэрэнгүй” мэдээллийг өгсөн бөгөөд хэрэв дээрх байшин өөрийнх нь эзэмшилд байгаа гэдгийг нотолсон хүнд дээрх харшаа баяртайгаар бэлэг болгон өгөх болно гэдгээ ч мөн илэрхийлэв.

“Үндэсний хариуцлагын товчооны буруутгаж буй асуудалд намайг өөрийн үеэлээ тендерт ялуулсан гэж үзсэн байсан. Үнэн хэрэгтээ дээрх тендер шалгаруулалт электрон механизмаар явагдсан бөгөөд уг шалгаруулалтад ялсан этгээд ямар нэг байдлаар надтай холбоогүй” хэмээн Кайзер тэмдэглэн хэлсэн юм.

Улмаар дээрх асуудлуудын хүрээнд буруутай гэдэг нь үнэн зөв нотлогдвол, өөрөө улс төрөөс үүрд гарах болно гэж мэдэгдсэн байна.

Сэтгэгдэлүүд

Дээш