logo
Баянзүрх дүүрэгт олон улсын стандартад нийцсэн иж бүрэн спортын талбай нээгдлээ

Баянзүрх дүүрэгт олон улсын стандартад нийцсэн иж бүрэн спортын талбай нээгдлээ

2020/06/17

Улаанбаатар хотын Захирагчийн гаргасан шийдвэрийн дагуу дүүрэг бүрт хөлбөмбөгийн талбай барих шийдвэр амжилттай хэрэгжиж байна. Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Хил хамгаалах Ерөнхий газрын баруун талд байрлах 1.8 га газарт цэцэрлэгт хүрээлэн спортын талбай байгуулах ажил өнөөдөр дуусч нээлтээ хийлээ.

Нээлтэд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын дэд сайд Г.Ганбаяр, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч болон Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр тэргүүтэй холбогдох албаны хүмүүс, хөлбөмбөгийн шигшээ багийн тамирчид оролцов.

Анх 2019 оны тавдугаар сарын 09-ний өдөр буюу жил гаруйн өмнө энэ талбай дээр Хотын Захирагч биечлэн ирж, нөхцөл байдалтай танилцан Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, нийслэлийн Газар зохион байгуулалтын алба, Хот байгуулалт, хөгжлийн газар, нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар зэрэг холбогдох байгууллагуудад нийтийн спорт талбайн тохижилтын ажлын зураг төслийг яаралтай боловсруулж, шаардлагатай хөрөнгө мөнгийг батлуулан тохижилтын ажлыг эхлүүлэх үүрэг даалгаврыг өгсөн.

Энэ дагуу өнгөрсөн намраас эхлэн спортын талбай байгуулах ажил эрчимтэй хийгдэж, өнөөдөр ийнхүү хүүхэд, залуучуудын чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, биеийн тамираар хичээллэх боломжтой газар нэгээр нэмэгдлээ.

Энэ үеэр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны иргэдийн зүгээс хөлбөмбөгийн талбайн бүтээн байгуулалтын ажилд талархалтай байгаагаа Хотын Захирагч болон бусад холбогдох албаны хүмүүст илэрхийлж, цаашид ийм газруудыг олноор байгуулж өгөөрэй гэж хүссэн юм.

Тохижилтын ажлыг “Монгол менежмент төв” ХХК гүйцэтгэсэн байна. Энэ хүрээнд 3450 ам метр талбайд 4.4 метр өргөнтэй, дөрвөн эгнээ 450 метр гүйлтийн зам, 5500 ам метр талбайд хөлбөмбөгийн талбай, 880 ам метр талбайд сагсан бөмбөг, гар бөмбөгийн талбай, 84 метр урттай 1.2 метр өргөнтэй уртын хариалтын зам, 1155 ам метр явган зам хийгджээ. Мөн үзэгчдийн суудал, сүүдрэвч, хүүхдийн тоглоомын талбай, автомашины зогсоол, төвлөрсөн бие засах газар бүхий олон улсын стандартад нийцсэн иж бүрэн спортын талбай нээгдэж, хүүхэд залуучуудын очих дуртай газар нэгээр нэмэгдлээ.

Сэтгэгдэлүүд

Дээш